Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 58

 

С.Мэргэний нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00304 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Мэргэний нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцагдах

“63.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч С.Мэргэн

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа

            Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

     Нэхэмжлэгч С.Мэргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны эхнээс Гурвантэс сумаас олборлож байсан улаан чулууг 63,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус сумын цагдаагийн тасгийн дарга Н.Төрбат нь иргэдээс мэдээлэл ирсэн гэж хэлэн 865,8 кг-тай 23 шуудай улаан өнгийн чулууг “Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл” гэгчийг үйлдэн хураан авч, уг чулууг шийдвэрлэх хүртэл Цагдаагийн тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хийсэн. Миний өөрийн болгон авсан чулууг ямар нэг тушаал, шийдвэргүйгээр хураан аваад аймгийн төвд авчирсан. Ингээд би хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгчид хандсан бөгөөд өмгөөлөгч Ш.Энхмаа Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Амартөгс худалдан борлуулах шийдвэр гарсан гэж хариуг өгсөн. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ надад ямар нэг хариу өгөөгүй бөгөөд надад одоогийн байдлаар 63,000,000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд дээрх мөнгийг

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оы 05 дугаар сараас эхлэн Гурвантэс сумын Гүн хэмээх газарт иргэд улаан чулууг хууль бусаар гар аргаар олборлож газар нутгийг сүйтгэж, байгаль экологийн тэнцэл алдагдахад хүргэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу газар, түүний хэвлий дэх байгалийн баялаг нь төрийн өмч байна гэж хуульчилсан төдийгүй байгаль, газар нутгаа хамгаалах нь иргэн бүрийн үүрэг билээ. Мөн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан хууль бус үйлдлийг мэдсэн тэр даруй сумын Засаг дарга болон байгаль хамгаалагч, холбогдох байгууллагад мэдэгдэж таслан зогсоох үүрэгтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал эрэх, хайх, борлуулах, ашиг олохыг хориглож, хүлээх хариуцлагыг зааж өгсөн. Гэтэл С.Мэргэн нь дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоохын оронд хууль бусаар олборлосон чулууг их хэмжээгээр худалдан авч гэртээ хадгалж байсныг тус сумын Цагдаагийн албан хаагчид илрүүлэн захиргааны хариуцлага хүлээлгэн, хууль бусаар худалдан авсан чулууг хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд хүргүүлсэн. Захиргааны зөвлөл нь үйл ажиллагаандаа Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай журам-ийг баримтлан хураагдсан 870 кг улаан чулууг улсын орлого болгож, худалдан борлуулах шийдвэр гаргасан. Дээрх журамд зааснаар нэгэнт захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй байсан. Мөн С.Мэргэнээс хураасан дээрх чулууг одоог хүртэл худалдан борлуулаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу иргэн аливаа эд хөрөнгийг шударгаар олж авч өмчлөх ёстой. Тиймээс С.Мэргэний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Мэргэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаарлагаа дэмжиж байна. 2014 оны 05 дугаар сард миний чулууг хурааж авсан юм. Ц.Амартөгс дарга өгнө гэсэн байсан юм. Очиж уулзаад чулуугаа авъя гэхээр удаахгүй өгнө та хэд хоногоос хүрээд ир гэж хэд хэдэн удаа хэлж явуулсаар байгаад боломж гараагүй. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нутгийн хүнтэй таарсан юм. Тэр хүн чулуу ухаж байгаад мотороо хураалгасан байсан юм билээ. Тэгээд мотороо авна гээд явж байхаар нь дагаад чулуун дээрээ очиж үзэхэд миний чулуу холилдчихсон байсан. Тэгээд удалгүй худалдан борлуулах шийдвэр гарлаа гэж надад хариу өгсөн. Чулууг хураалгахаас 2 хоногийн өмнө Намхайдагва, Бямбаа гэдэг хоёр цагдаа миний машиныг аваад чулуу руу явсан байсан. Чулуу руу явах гэтэл унаа олдоггүй гээд машин аваад чулуу руу явсан. Би чулууг худалдаж л авсан болохоос хил гааль руу авч яваагүй, тухайн үед үйлдвэрлэлд ашиглах бэлдэц бэлдэх зориготой байсан юм. Тэр үед хүмүүс тийм бэлдэц бэлддэг зүйл оруулж ирцгээж байсан юм. Хэрвээ би хүмүүс шиг өдөрт нь аваад өдөрт нь зараад байсан бол энэ чулуу ийм ихээр хураагдах ёсгүй байсан, Тэнд би бизнес эрхэлдэг хүн. Бизнесийнхээ мөнгийг энэ чулуунд оруулсан байсан. Тйим учраас л хуулийн дагуу ингэж шүүхэд хандаж байгаа юм. Би ямар ч иргэний үүргээ биелүүлэлгүй хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн. Би машин тэргээ өгч явуулсан, хүмүүсийг ажлын байраар хангасан. Хамгийн гол нь зарж үрж ашиг олох сонирхол байгаагүй. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж ганц 2 хүн ажлын байртай болох юм болов уу гэсэн бодолтой байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулиас авахуулаад маш олон хуульд газрын баялаг нь төрийн өмч гээд заасан байгаа. Төр үүнийг хамгаалах үүрэгтэй. Би олборлоогүй гэж хэлээд байна. Түүнийг олборлохгүй бол худалдан борлогдох ажиллагаа хийгдэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрлийн хүрээнд л ашигт малтмалыг эрж, хайх ёстой. Хувь хүн очоод ухах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Хувь хүн ухах олборлох хууль бус учраас цаашлаад худалдаж борлуулах нь хууль бус зүйл юм. Энэ байгалийг унаган төрхөөр нь хадгалах гэж хичээсэн, маш их хөрөнгө зарсан. Гэтэл ганц нэг хүний ашиг хонжооноос болж байгаль орчин сүйдэх магадлалтай байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр тогтсон үнэ байхгүй байгаа нь хавтаст хэргээс хангалттай харагдаж байна. Эрх бүхий албан тушаалтнуудаас тогтсон үнэ байна уу гэдгийг лавласан байдаг. Энэ нь хууль бус учраас тогтоосон үнэ байхгүй гэдгийг албан ёсоор ирүүлсэн. Хавтаст хэрэгт 865 кг чулуу гэдэг нь нотлогдохгүй байгаа. Энэ хүн нэхэмжлэлд дурдсан зүйлээ нотлох нь энэ хүний өөрийнх нь үүрэг. Цагдаагийн тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрчүүд байцаалт өгсөн байгаа. Би ганц 2, 3, 4 том чулуу өгсөн гээд байж байна, Хүрэлбаатар 70-80 кг чулуу, Алтансүх нь хэдийг өгсөн гэдгээ мэдэхгүй, Батжаргал гэдэг хүн хариулахдаа хүн 4-5 кг чулуу өгч байхыг л би харсан гэдэг, Шинэхүү бол хэдэн чулуу өгсөнөө хэлдэггүй. Хавтаст хэрэгт хэдэн чулуу худалдан авсан нь харагдахгүй байна. Засаг даргын Тамгын газар яагаад 63,000,000 төгрөгийг төлөх ёстой нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхойгүй байна. Хууль бусаар тэмдэглэл үйлдээд хураагаад авчихсан юм шиг яриад байна. Үнэхээр хууль бусаар хураагаад авсан бол дээд шатны байгууллагад хандсан зүйл байхгүй байна. Эрх бүхий албан тушаалтнаас амаар болон бичгээр гарч буй хэлбэр бол захиргааны акт гэж үзнэ. Захиргааны шүүхэд хандах ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Гэтэл иргэний журмаар оруулж ирээд ингэж байгаа нь ойлгомжгүй, агуулгагүй нэхэмжлэл байна. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Засаг даргын Тамгын газар яаж 63,000,000 төгрөгийн хохирол учруулсан бэ гэдэг нь нотлогдохгүй байна. гэв.

Прокурор Ц.Ариунжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад ... газар төрийн хамгаалалтад байна гэж заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд Монгол Улсын иргэн нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх, байгалийн баялгийг хууль бусаар ашигласан гэмтээсэн, хөнөөн сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа орон нутгийн Засаг дарга, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт Ашигт малтмал гэж ...эрдэсийн хуримтлалыг хэлнэ, ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгоно тус тус заасан байгаа. С.Мэргэн хас нэртэй улаан чулууг хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүй хувь хүн. Гүн гэх газраас улаан чулууг олборлох, зарж борлуулах нь хууль бус гэдгийг мэдсээр байж иргэдийн гар дээрээс худалдан авч хадгалж байсан нь дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл юм. 865 кг чулууг өөрөө ашиглахаар худалдаж авсан гэж тайлбартаа хэлдэг боловч яг худалдаж авсныг нотлох баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр олборлосон байж магадгүй гэж хардах үндэслэл бий болж байна. С.Мэргэний худалдаж авсан 865 кг чулууг цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдээллийн дагуу илрүүлж, хурааж авсан тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэл одоогийн байдлаар хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангахааргүй хуулбар байдлаар авагдсан байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй боловч энэ тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гурвантэс суманд улаан чулуу олборлох ажиллагаа нууц, далд аргаар явагддаг. Ил тод явагддаг зүйл байхгүй. Яагаад гэвэл олборлох нь хууль бус учраас ийм ажиллагаа явагддаггүй. Чулууг тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэлд ашиглах гэж байгаа гэх боловч энэ талаар мөн нотлох баримт байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон бол хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байгаа. Манай талаас гаргаж өгсөн үнэлгээ бол Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлөөс худалдан борлуулах шийдвэр гарсны дагуу үнэлгээг хийлгэсэн байгаа. Тухайн үед чулуу ямар үнэлгээтэй байсан нь энэ хэрэгт ач холбогдолтой биш. Одоо энэ чулууг нэгэнт худалдан борлуулах шийдвэр гарсан учраас худалдан борлуулах комисс энэ үнэлгээг гаргуулсан. Нэхэмжлэгч чулууг одоогийн байдлаар хольсон гэж яриад байгаа. Худалдан борлуулах комиссоос 1372 кг чулууны үнэлгээг гаргуулсан. С.Мэргэн миний чулуу холилдсон учраас чулууг авахгүй гэж ярьдаг. Гэтэл энэ чулуу холилдсон эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан зүйл байхгүй. Иймд чулуугаа нэхэмжилж яагаад болохгүй байгаа юм. Чулууг олборлох нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч хууль бусаар олборлосон чулууг худалдах нь хууль ёсны гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт хууль бус ажиллагааг таслан зогсоож хураан авсан байгаа энэ чулууг буцаан олгох, чулууны үнийг төлөх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг улаан чулууг худалдан борлуулахаар гарсан шийдвэр нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Боржигон овгийн Самбуугийн Мэргэний нэхэмжлэлтэй хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мэргэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 /дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх Мэргэний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104-р зүйлд заасан хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг эдлэх боломж олгоогүй. Мөн хуулийн 26-р зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхийг эдлүүлэхгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийг хянуулж байна. Мөн С.Мэргэнийг чулуу хураалгасан тухайгаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Хавтаст хэрэгт С.Мэргэн чулуу хураалгасан болох нь нотлох баримтаар нотлогддог. С.Мэргэний хэргийг хуульд болон шударга ёсонд нийцүүлэн шийднэ үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зохигчдын хоорондох маргаан нь эрх зүйн ямар харилцаанаас үүссэн, шаардах эрхийн үндэслэлийг хэрхэн шалгасан талаар дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгтээ маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах, мөн зүйлийн 118.5-д заасан баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой заах шаардлагатай нийцээгүй байна.  

Хэргийн 17-20, 110-115, 131-133 дугаар талуудад хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын болон төрийн нэрийн өмнөөс оролцож буй прокурорын ажил, үүрэг гүйцэтгэдэг Өмнөговь аймгийн Прокурорын газрын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан нотлох баримтууд авагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор нь мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч тул мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Хэргийн оролцогч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргах үүрэгтэй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнө эрх тэгш талуудын мэтгэлцэх үндсэн дээр хэрэгждэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарах боломжгүй юм.

 Гэтэл  шүүх хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийг төлөөлж буй прокурорын өөрийнх ажил үүрэг гүйцэтгэдэг Прокурорын газрын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан дээрх бичмэл нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн бол тэдгээр нь нотлох  чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэнтэй нийцээгүй байна.

Хуульд заасан арга, хэрэгсэлээр олж авсан гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болно. Гэрчийн мэдүүлгийн талаарх хуулийн зохицуулалтыг үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэх ба гэрч нь мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т зааснаар шүүх хуралдааны оролцогчид хамаарах этгээд юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4-т шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах эсхүл давтан авч болно гэсэн боловч шүүх хуралдаанаас өмнө гэрчээс мэдүүлэг хэрхэн авахыг тодорхой заагаагүй тул хуулийн дээрх зохицуулалтаас шүүх хуралдааны өмнө гэрчээс мэдүүлэг авахад гэрч юу гэрчлэх гэж байгаа тухай тайлбарлан мэдүүлэг өгсний дараа гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулж мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасан дарааллаар асуулт тавих ба уг ажиллагааны тэмдэглэлийг мөн  хуулийн 51.3, 51.4, 51.5, 10-т заасны дагуу үйлдэнэ гэж ойлгогдож байна. Гэтэл гэрч М.Шинэхүү, Ц.Батжаргал, Х.Алтансүх нараас авсан мэдүүлгийн тэмдэглэлээс  шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авахдаа шүүх хуралдааны өмнө авсан ба уг ажиллагаанд хэргийн оролцогч нарыг байлцуулан, гэрчид асуулт тавих боломжоор хангасан боловч гэрчээс мэдүүлэг авч эхлэхдээ нэхэмжлэгч талын хүсэлтэд дурдсан нотолбол зохих үйл баримтын талаар үзсэн мэдсэн зүйлийг гэрчээс сонсолгүйгээр шүүх санаачилгаараар эхэлж асуулт тавьж байцаалт хэлбэрээр мэдүүлэг авсан хуульд заасан дээрхи журамтай нийцээгүйд тухайн гэрч нарын мэдүүлэг нотлох чадвараа алдсан байхад тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлзэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодитойгоор, эргэлзээгүй үнэлээгүй, хууль хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШШ2016/00304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472950 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын, Хаан банк дахь 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ