Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 145

 

                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         З.Олзвойд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Алтанцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэг,

Ялтан З.Олзвойн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор З.Олзвойд холбогдох эрүүгийн 201601070280 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Авгачин овогт Зоригтбаатарын Олзвой, 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ86072839/,   

 

          З.Олзвой нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд байх гэртээ өөрийн төрсөн хүүхэд болох 2 сартай Г.Шинэбаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нүүр болон хэвлийн хэсэгт гараараа цохиж, биед нь дагз, зулай ясны хугарал, тархины няцрал, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Багануур дүүргийн Прокурорын газраас: З.Олзвойд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: З.Олзвойг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар З.Олзвойг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар З.Олзвойд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, З.Олзвойн цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг мэдэгдэж, З.Олзвойд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, З.Олзвойд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний хамтран амьдрагч, хүүгийн минь эцэг З.Олзвойд 6 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрт гомдолтой байна. З.Олзвой нь өөрийн хүүгээ санаатай зодож гэмтээгээгүй байх, согтуудаа л хийсэн үйлдэл байх гэж бодож байна. Би одоо 0-3 насны 2 хүүхэдтэй үлдлээ. Бид гурвыг одоо тэжээн тэтгэх хүн байхгүй, өөрийн хүчээр би орлого олох ямар ч боломжгүй байна. …Одоо хүүгийн бие сайжирч байгаа. Хүүгийнхээ эцэгт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. З.Олзвойн ялыг багасгаад өгөөч. Тэр л биднийг тэжээн тэтгэдэг. Би ажилгүй болохоор хоёр хүүхэд маань хоолгүй, амьдрал хэцүү байна. Надад өөр хүсэх зүйл байхгүй. З.Олзвойн ялаас хасаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна” гэв.

Ялтан З.Олзвойн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Олзвой нь бичиг үсэг мэдэхгүй тул заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагатай болоод би оролцож байна. Ер нь эдний амьдрал нь хүнд. Б.Гэрэлцэцэг хоол ундгүй учир эхийндээ очсон байсан. Цагаан сар болохоос өмнө Б.Гэрэлцэцэг над дээр “Манай ээж намайг хоёр хүүхэдтэй ирлээ гээд намайг хөөгөөд байна. Би одоо яах вэ” гэж ирсэн. Би “би мэдэхгүй байна. Ээжтэйгээ эвлэрэх хэрэгтэй” гэж хэлээд явуулсан. Ингээд Б.Гэрэлцэцэг хотод З.Олзвойгийн найзынд байгаа гэсэн. Б.Гэрэлцэцэг нь тэжээх хүнгүй, хоёр хүүхдээ дагуулаад айл хэсэж амьдарч байгаа. Хүүхэд гэмтчихээд байхад надад З.Олзвойгийн талаар хэлэх тайлбар байхгүй. Б.Гэрэлцэцэгт тэжээн, тэтгэх хүн байхгүй байдлаасаа болж ийм давж заалдах гомдол гаргасан байна гэж бодож байна. Над дээр “очих газаргүй” гэж ирэхэд нь би “би хоёр талд зөвлөгөө өгч болдоггүй юм” гэж хэлээд гаргасан юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасныг хэрэглэж З.Олзвойд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.    

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

З.Олзвойд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд З.Олзвойд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй ба шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, ...шүүгдэгчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дараах зүйлүүдийг шалгаж тогтоох шаардлагатай. Үүнд:

1. Шүүгдэгч З.Олзвой нь хохирогч 2 сартай Гэрэлцэцэгийн Шинэбаярыг “уйллаа” гэх зүйлээр шалтаглан зодож байгаа гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэх болсон субъектив санаа зорилгыг нарийвчлан тодруулах.

2. Хохирогч 2 сартай Гэрэлцэцэгийн Шинэбаяр нь биеэ хамгаалах чадваргүй нь илт байхад З.Олзвой нь энэ байдлыг нь далимдуулан гэмт хэрэг үйлдсэнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэхэд анхаарах шаардлагатай байна.    

          Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэхээс гадна хохирогч Г.Шинэбаяр, түүний төрсөн эх Б.Гэрэлцэцэг нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага, албан тушаалтныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Олзвойд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Багануур дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очих хүртэл З.Олзвойд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ДАВААСҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Д.МЯГМАРЖАВ