Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01082

 

С.Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01243 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1235 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Хын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Туул, хариуцагч Б.Баянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Б.Баянжаргалтай танилцсан. Бид 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүүтэй болж, 13 хороололд байр авч, С.Х-, Баянжаргал, Ууганбаяр, Оргил гэж 4 хүний нэр дээр байрныхаа ордерыг авсан. Баянжаргал нь хүүхдийг зохистой хувцаслахгүйн улмаас өвчин тусдаг тул байнга хэрүүл үүсдэг. Мөн хүүхдэд зарцуулах цаг байхгүй болсон. Хүүхдийн цэцэрлэгийг таслуулж, сурч боловсрох эрхийг хааж байна. Иймд хүү Х.Оргилыг өөрийн асрамжид авахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Б.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Хт итгэсэн учраас ирж амьдарсан. Гэтэл муу муухай зан чанар нь илэрсэн. Миний хүү 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Намайг жирэмсэн байх хугацаанд бас л гэр бүлээс гадуурхи харилцаатай байсан. Намайг маш их дарамталж, чи хүүхдийнхээ төлөө намайг тэвчих ёстой, миний дарамтад байх ёстой, дарамтлуулах ёстой гэдэг. Төрсний дараа хүүхдэд хувцас хэрэгтэй байна гэхэд жаахан хүүхэд хувцсаар яах юм бэ? гээд авч өгдөггүй байсан. Бид одоо 2015 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч байгаа хүү Оргилыг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01243 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн хүү Х.Оргилыг эх Б.Б-ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Оргилыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Хаас тэтгэлэг гаргуулан эх Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Хын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.Хаас 31 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1235 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Хын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.26 өдөрийн 1235 дугаартай магадлаыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Х миний гаргасан нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгосон учир гомдолтой байна. Нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны нэхэмжлэдээ хүү Х.Оргилыг цэцэрлэгт өгч байсан нотолгоо цэцэрлэгээс хасагдсан нотолгоо мөн ээж нь өөрийгөө 2 ажил хийдэг гэж шүүх хурал дээр хэлсэн эдгээр нотолгоонуудыг шинжлэн судлахгүйгээр шүүх шууд эцэг хүн хариуцагч мэтээр надад хандсанд гомдолтой байна. Ээж Б.Бхүүхдээ харах боломжгүй мөн оройд цэцэрлэгээс хүүгээ авах цаг гардаггүй мөн оройд хувийн ажлаа хийгээд хэдийд хүүгээ хөхүүлэх зав гарах вэ гэдгийг та бүхэн сайн тунгаагаад үзээрэй. Шүүхийн шийдвэрийн улмаас хүүхдийн эрх ноцтой зөрчиж байна. Хүүхэд эрүүл, саруул өсөх, эцэгтэйгээ байх эрхтэй шүүхийн гаргасан шийдвэрээ дахин хянаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн дараа хүүтэйгээ уулзах гэхээр хамт хүн дагаж явна гэсэн мөн одоо миний хүү хотод байхгүй хөдөө явуулсан учраас хүүтэйгээ уулзаж чадахгүй байна. Ийм учраас хүү Х.Оргилыг С.Х би өөрийн асрамжинд авахыг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох маргаан бүхий харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүү Х.Оргилыг өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч ...хүүхэд бага насны бөгөөд төрсөн цагаасаа надтай хамт байгаа, асрамжиндаа байлгана гэж маргажээ.

С.Х, Б.Бнарын дундаас 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Х.Оргил төрсөн нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон, хүү 3 настай байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжинд байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэнэ. 

Хоёр шатны шүүх хүүхдийн нас, эхтэйгээ хамт дассан байдал, хүүхдийн эрх ашгийг харгалзан бага насны хүү Х.Оргилыг эх Б.Б-ын асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна. Шүүх нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн асрамжийг тодорхой болгох үүднээс эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 25 дугаар зүйлийн 25.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Х нь “...шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг барьсан, хариуцагч нь хүүхдээ өвчин тусгадаг, 2 ажил хийдэг тул хүүхдээ асарч, хүмүүжүүлж чаддаггүй, хүүхэд эрүүл саруул өсөх, хүүхдийн эцэгтэйгээ байх эрх нь зөрчигдөж байна..” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг гаргажээ.

Хүүхэд цэцэрлэгт яваагүй байдлыг хариуцагч нь эмчийн зөвлөснөөр хэсэг хугацаанд  агаарт байлгахын тулд цэцэрлэгт нь явуулаагүй гэж, давхар 2 ажил хийж байгаа боловч цаг гаргаж, хүүхдэдээ халамж тавьж хүмүүжүүлж байгаа гэж тайлбарласан байх ба хариуцагчийг хүүхдээ асарч, хүмүүжүүлэх чадваргүй гэж үзэх боломжгүй байна. Хүүхэдтэйгээ уулзуулахгүй байгаа шалтгаан нь хүүхдийн асрамж тогтоох үндэслэл биш юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 -т зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ уулзах, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран оролцох эрхтэй тул нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар харилцан тохиролцох, шийдвэр гаргах эрхтэй байна.

Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд зохигчид нь хүүхдийг хэзээ, хаана, ямар хугацаагаар эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн асуудлыг хэрхэн ярилцаж шийдвэрлэж байх талаар харилцан ойлголцож, тодорхой болгох эрх нь нээлттэй болно.

Хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн дүгнэлтийг хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 101/ШШ2017/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1235 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА