Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 203/МА2024/00014

 

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 144/ШШ2024/00008 дугаар шийдвэртэй,

 Х.*******гийн нэхэмжлэлтэй,

 Эх З.*******тэй хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Х.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Х.******* би 1968 оны 08 дугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. 1984 онд дунд сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдлийн даргын тушаалаар уг нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Н/524 тушаалаар цэргийн албанд татагдаж, хугацаат цэргийн алба хааж, 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн.

Цэргээс ирээд мөн нэгдлийн даргын тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд уг нэгдлийг татан буугдах хүртэл буюу 1990 оны 11 дүгээр сар хүртэл уг нэгдлийн тэмээ маллаж байсан. Галбын хөгжил ХК татан буугдсанаас хойш одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлж байна.

Миний бие нь нэгдлийн болон компанийн малыг ээжийн хамт маллаж байсан ба миний ээж *******ын ******* нь 1936 онд төрсөн бөгөөд 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 63 насандаа өөд болсон. Ээжийг өөд болох хүртэл миний бие нь өрх тусгаарлаагүй, ээжийн ам бүлд тоологдон хамтдаа мал маллан амьдарч байсан юм.

Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч 1995-1998 онд мал маллаж байсныг нотлох малын А данс нь манай ээж болох ******* овогтой *******ийн нэр дээр гарсан байгаа тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Хүн амын тооллогын лавлагаа авахаар хандахад 1989, 2000 онуудын лавлагааг гаргаж өгсөн ба бусад онуудын лавлагаа архивт байхгүй гэж хэлсэн.

Х.******* намайг 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл эх З.*******тэй хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.*******гийн эх З.*******тэй хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэгч Х.******* миний бие нь ээж ******* овогтой *******тэй 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь миний бие төрсөн цагаасаа хойш 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу ээж маань нас барах хүртэл ээжтэйгээ хамт амьдарч, Галбын хөгжил нэгдэл болон Галбын говь компанийн малыг маллаж байгаад уг нэгдэл, компани татан буугдсанаас хойш хувийн малаа мөн ээжийн хамт маллаж байсан, 1995-1998 онд мал маллаж байсныг нотлох малын А данс нь манай ээж болох ******* овогтой *******ийн нэр дээр гарсан байгаа тул нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон учраас шүүхээр ээжтэйгээ хамт мал маллан хамт амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нь 1995-1998 оны хооронд ээжтэйгээ хамт амьдарч байсан нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна, гэрч Х.*******, Ц.******* нар нь намайг ээжтэйгээ хамт амьдарч байгааг гэрчилж байгаа ч бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна гэж үзсэн.

Намайг ээжтэйгээ хамт амьдарч байсныг амьд гэрчүүд шүүхийн өмнө гэрчилсэн, гэрчүүдэд эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байгаад гомдолтой байна. Миний бие 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын хооронд цэргийн алба хааж байсан тул 1989 оны хүн амын тооллогод хамт тоолоогүй байсан, 1995-1998 оны хооронд хүн амын тооллого явагдаагүй, өрхийн бүртгэлийн дэвтэр байгаагүй, өөр хамт амьдарч байсныг ямар нэг байдлаар бүртгэж, тэмдэглэсэн баримт байдаггүй тул бичгийн нотлох баримт гарахгүй нь тодорхой. Ийм байхад бичгийн нотлох баримт байхгүй гэж үзэн намайг ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа тул уг шийдвэрийг хянуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Иймд намайг 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ээж З.*******тэй хамт амьдарч байсныг тогтоож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2024/00008 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч эрх зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэж байгаа үйл явдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.******* нь эх З.*******тэй 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд тухайн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэрэгт нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хүсэлт гаргагч болон шүүх өөрийн санаачилгаар хийх учиртай.

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд: ... Иймд намайг 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ээж *******ын *******тэй хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хүсэлт /хх-1 дүгээр тал/ гаргасан байна. Хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч нь ... төрөхөөсөө эхлүүлээд ээжийгээ өнгөртөл хамт амьдарсан. гэсэн тайлбар гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Х.******* нь насанд хүрснээс хойш болон 1995-1998 онуудад эх З.*******тэй хамт амьдарч байсан болох нь бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн Монгол Улс 1989 онд хүн амын тооллого явуулсан, хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03-05/3994 дугаартай лавлагаанд нэхэмжлэгч Х.******* нь 1989 онд хүн амын тооллогод бүртгэгдээгүй боловч нэхэмжлэгч нь ... 1989 онд би цэрэгт байсан... гэсэн тайлбар гаргасан байна.

Х.******* нь Ц.*******гийн ...Х.*******, Цэвээнжав нар ээжийгээ нас барах хүртэл буюу 1999 он хүртэл хамт амьдарч байсан гэх мэдүүлэг, гэрч Х.*******ын ...Х.******* нь ээж З.*******, дүү Цэвээнжав нарын хамт амьдарч байгаад ээж З.******* нь 1999 онд нас барсан. гэх мэдүүлгүүдээр эх З.*******тэй хамтын амьдралтай байсан нь нотлогдож байна. /хх- 29, 30 дугаар тал/

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан: ... бичгийн нотлох баримт байхгүй гэж үзэн намайг ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн эх З.******* болох нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 363 дугаартай албан бичиг, гэрч нарын мэдүүлгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснөөс хойш 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд эх З.*******тэй хамт амьдарч байсныг тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт уг үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 144/ШШ2024/00008 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гэснийг хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч Х.*******г эх З.*******тэй 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

 

Х.ГЭРЭЛМАА