| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0196/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч: Г.Сундуй,
Шүүгдэгч: Д.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 1909005220158 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Мандах бүртгэл” дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, өвөө, эмээ, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 67-1068 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд иргэн А.Энхтэмүүлэнгийн нүүр рүү цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909005220158 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай 10 жилийн хүүхдүүд уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Санрайз” зочид буудалд 3 ортой өрөө аваад орцгоосон. Би Энхтэмүүлэнг “гараад ир” гээд хажуу талын өрөө рүү ороод Энхтэмүүлэнгийн нүүр хэсэгт нь 2 удаа цохьсон тэр үед Энхтэмүүлэн намайг цохих гэж байгаад хий цохиод газар унасан. Тэгээд Энхтэмүүлэн тухайн буудлын гадаа гараад орилоод байсан тэр үед Идэрсайхан, Булгантамир, би, Оргил, Энхзаяа бид нар буудлын гадаа “гараад чи яах гээд байгаа юм бэ яв” гэж хэлсэн чинь над руу дайраад байхаар нь би дахиад 2 удаа нүүрэн тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч А.Энхтэмүүлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний биед учирсан гэмтлийг Балжинням учруулсан. Болсон асуудлыг сайн санахгүй байсан болохоор Идэрсайхан, Булгантамир нар намайг цохьсон гэж мэдүүлсэн. Тухайн үед эрүүл байсан манай найз Оргил надад болсон асуудлыг ярихад Идэрсайхан, Булгантамир нар нь чамайг машинд суулгах гээд байсан гэж хэлсэн тухайн үед би нилээн согтуу байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Ч.Булгантамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Санрайз” зочид буудалд 3 ортой өрөө аваад орцгоосон тэгээд тухайн зочид буудалд бид нар архи уугаад сууж байтал Энхтэмүүлэн манай ангийн хүүхэд Идэрсайхантай маргалдсан. Тэгээд Энхтэмүүлэн буудлын гадаа гараад орилж чарлаад байхаар нь Идэрсайхан, Энхзаяа, Оргил бид нар буудлаас гарсан чинь “та нар яах юм бэ” гээд орилоод байсан. Тэр үед Балжинням Энхтэмүүлэнг 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Т.Идэрсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Санрайз” зочид буудалд 3 ортой өрөө аваад орцгоосон. Тэгээд тухайн зочид буудалд бид нар архи уугаад сууж байтал Энхтэмүүлэн над руу “чи одоо яах гээд байгаа юм бэ би цэрэгт явсан одоо бол чамтай үзнэ” гээд агсраад байсан. Энхтэмүүлэн Балжинням нар буцаж орж ирсэн. Тэгээд бид нар “чи согтуу байна одоо яв” гэж хэлсэн чинь буудлын гадаа гараад орилоод байсан. Тэгээд би Булгантамир, Балжинням, Энхзаяа, Оргил бид нар буудлын гадаа гараад “чи гэртээ харь” гэж хэлтэл Балжинням руу одоо зодолдъё гээд дайраад байсан тэр үед Балжинням Энхтэмүүлэнг 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Т.Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Санрайз” зочид буудалд 3 ортой өрөө аваад орцгоосон. Тэгээд тухайн зочид буудалд бид нар архи уугаад сууж байтал Энхтэмүүлэн манай ангийн хүүхэд Идэрсайхантай маргалдсан... Энхтэмүүлэн Балжинням нар нь сууж байсан өрөөний хажуу талын өрөөнд орчихсон байсан. Тэгээд би араас нь ортол Балжинням Энхтэмүүлэнг цохиод авсан тэр үед Энхтэмүүлэн Балжиннямыг цохих гэж байгаад газар унаад өгсөн.... тэгсэн чинь Энхтэмүүлэн буудлын гадаа гараад “Балжиннямаа одоо гараад ир” гээд орилоод байсан. Тэгсэн чинь буудлаас Балжинням, Идэрсайхан, Булгантамир, Энхзаяа нар гараад ирсэн чинь Энхтэмүүлэн Балжинням руу дайрсан. Тэр үед Балжинням Энхтэмүүлэнг 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Энхзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой манай 10 жилийн ангийн хүүхдүүд уулзаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд орцгоосон. Тэгээд тухайн буудалд сууцгааж байтал Энхтэмүүлэн Идэрсайхан нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Идэрсайхан, Балжинням, Булгантамир бид 4 буудлын гадаа гараад очсон чинь Энхтэмүүлэн Балжинням руу дайрсан тэгсэн чинь Балжинням Энхтэмүүлэнг 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1772 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз” зочид буудалд өөрийн танил найз А.Энхтэмүүлэнтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн цохиж түүний эрүүл мэндэд нь “...хоёр нүдний зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Энхтэмүүлэнгийн мэдүүлэг, гэрч Ч.Булгантамир, гэрч Т.Идэрсайхан, гэрч Т.Оргил, гэрч Ц.Энхзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1772 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч А.Энхтэмүүлэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч А.Энхтэмүүлэнгээс “...Хохирлоо төлж барагдуулж эвлэрсэн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН