Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 203/МА2024/00015

 

 

 

Л.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ШШ2024/00053 дугаар шийдвэртэй,

Л.*******ийн нэхэмжлэлтэй,

Х.*******д холбогдох

Гэм хорын хохиролд 33 143 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахимаар/, хариуцагч Х.*******, гуравдагч этгээд Э.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэдийгээр Эм Эл Жи Финанс Гинко ХХК-ийн нэр дээр байгаа ч нэхэмжлэгч Л.******* зээлийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашигладаг болно.

2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л.*******ийн эзэмшлийн Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.******* жолоодон явж байхад хатуу хучилтай засмал зам дээр автомашин зогсох боломжгүй зайд тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31726400 төгрөгийн бодит хохирол учирсан юм.

Тухайн үед харуй бүрий болсон байсан, урдаас хоёр автомашин зөрж байсан учир Э.******* жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын тусгалд шилжүүлэн хөдөлгөөнд оролцож байсан ба зам дээр хажуугаас гэнэт гарч ирсэн тэмээг хараад зогсоож амжилгүй мөргөж осол гарсан.

Осол гармагц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Сугирхүү тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаар шийтгэврээр Э.*******д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин хариуцагч Х.*******д Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Сугирхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2, Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: /хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.3. хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан юм.

Гэтэл осол болсны дараа тэмээний эзэн Х.*******д хандаж ...бид автомашиндаа учирсан хохирлоо яах вэ гэхэд өөдөөс тэмээний хохирлоо нэхэж, ... та нар зүгээр амьд үлдсэндээ баярла хэмээн биднийг үл ойшоож байгаад гомдолтой байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт: бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт: ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.*******өөс тээврийн хэрэгслийн хохиролд 31726400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1417000 төгрөг нийт 33143400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 02-ны үдэш Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотын чиглэлд Toyota land cruiser j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заасан харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй хурд хэтрүүлж маш их хурдтай явсны улмаас зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан. Манайх тэмээ, адуу, хонь, ямаа гэх 4 төрлийн малтай үүнээс хонь, ямаа саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг.

Харин энэ дайрагдсан тэмээ маань өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээнд явдаг гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ.

Хээрээр явдаг малыг бид өдөр болгон гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Ямар ч малчин айлаас асуусан сувай бод малаа хээрээр хонуулж малладаг нь батлагдах билээ. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай.

Би Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.3-т зааснаар хариуцлагаа хүлээж торгуулсан билээ. Тухайн тээврийн хэрэгсэл зам дээр зүгээр зогсож байхад нь манай тэмээнүүд бүлэглэж хурд хэтрүүлж очоод тоормос гишгэлгүй машиныг дайрч сүйтгээгүй амьд биет мал хаана явахыг үргэлж харж дагаж явах боломжгүй. Ухаант хүн бид амь амьжиргаагаа залгуулахын тулд малаа орхиж төв суурин газраар зорчих, хоол хүнс, бензин тосоо базааж явах шаардлагатай байдаг билээ.

Энэ хөдөө хээрийн хатуу хучилттай замыг гатлан мал малчин мөн зэрлэг ан амьтан явдаг. Тэр машины жолооч хэрэв зэрлэг амьтан дайрч машиныг нь эвдэлсэн бол тэр амьтнаас хохирлоо нэхэх байсан уу. Энэ нэхэмжилж буй хохирлоо тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх жолооч Э.*******ын хурд хэтрүүлсэн жолоочийн хариуцлагаа биелүүлж яваагүй саадыг тойрч гараагүй үйлдлээс болсон гэж би бодож байна. Хэрэв энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа заасан боломжит хурдаар явж байсан бол зам дээр гарч ирсэн саадыг буюу тэмээг тойрон гарах боломжтой ингэснээр тэр машинд эвдрэл хохирол учрахгүй байсан.

Тиймээс ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.3 болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7- ийн б, 12.2, 13.2.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, жолоогоо шилжүүлж өгсөн *******аас хохирлоо нэхэмжилнэ үү.

Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.*******өөс 16571700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгож,

Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 16571700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Х.*******өөс 240808 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Х.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар ******* УНЧ автомашины эзэмшигч Л.******* нь учирсан гэм хорыг нөхөн төлөх уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 131 дугаартай шийтгэвэр, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад М.Сугирхүүгийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 0087608 дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 42719 дугаартай автомашин техникийн эвдрэх хохирлын үнэлгээний тайлан зэргийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой болгож иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.

Учир нь: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш байдлын зарчимд үндэслэн зохигчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгдөг бол зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх ажиллагааг эрх бүхий этгээд хийдэг учир хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Тухайн авто осол орой буюу үзэгдэлд хангалтгүй үед болсон. Жолооч ******* нь харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, тэмээ дайрч хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан автомашины эвдэрсэн талаарх гэрэл зургаас хэн ч харсан хурд хэтрүүлсэн нөхцөл байдал байгаа нь ойлгомжтой байдаг. Энэ нь хариуцагчаас шууд шалтгаалсан гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах талаар хүсэлтээ гаргасан боловч шүүх шийдвэрийн үндэслэлдээ хариуцагч тал дээрх хохирлыг өөр баримтаар няцаахгүй байх тул зөрчлийн улмаас дээрх үнийн дүнгээр хохирол учирсан гэж үзэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.

Дайрагдсан тэмээ буюу бод малыг өдөр тутамдаа хариулаад шөнө хотлуулаад байдаггүй. Хариуцагч талаас бод малыг хариулж шөнийн цагаар хотлуулаад байдаггүй, хээрээр хонуулж малладаг гэх бодит тайлбарт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ШШ2024/00053 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг үндэслэн "... хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хариуцагч Х.*******өөс хохирлын тал хувийг гаргуулахаар шийдвэрлэв гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийн энэхүү заалт нь тухайн эд зүйл бүрмөсөн эвдэрсэн, эсвэл засварын үнэ өртөг нь хэт өндрөөр үнэлэгдэж засварлуулах зохистой харьцаанаас давахаар байвал шүүхээс хохирлын хэмжээг бодит байдалд нийцүүлэх үүднээс хэрэглэгддэг хуулийн заалт юм.

Харин гэм хор учруулагчийн гэм буруугийн байдлыг харгалзан шүүхээс хохирлын хэмжээг багасгах заалт огтхон ч бишээ.

Анхан шатны шүүх "... ******* УНЧ авто машинд 31726400 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэхэд 1417000 төгрөгийн зардал гарсан болох нь үнэлгээний тайлан, орлогын баримтуудаар тус тус тогтоогдож байна, хариуцагч тал дээрх хохирлыг өөр баримтаар няцаахгүй байх тул зөрчлийн улмаас дээрх үнийн дүнгээр хохирол учирсан гэж үзэв гэж зөв дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл засварын үнэ өртөг хэт өндрөөр үнэлэгдээгүй, зохистой харьцаанаас даваагүй талаар үнэн зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтад заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 143/ШШ2024/00053 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт Х.*******өөс 31726400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгох болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Л.*******ийн нэхэмжлэлтэй, Х.*******д холбогдох иргэний хэргийг хариуцагч Х.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээдийг нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад Л.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 33143400 төгрөгийг Х.*******өөс гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, уг этгээд гэм буруугүй болохоо өөрөө нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн Тоуоtа lапd Сruser Ргаdo j150 маркийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Л.*******ийн зөвшөөрснөөр Э.******* нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хариуцагч Х.*******ийн тэмээг дайрч уг тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн Хариуцагч Х.*******ийг хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан нь нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг зам тээврийн осолд буруутай гэж үзнэ. гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн зам тээврийн осол хэний гэм буруутай үйлдлийн улмаас гарсан болохыг хөдөлбөргүй тогтоосон, хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэсэн нотлох баримтыг үнэлэх үүргээ шүүх биелүүлээгүй.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч шүүх идэвхигүй мэтгэлцэж байгаа талуудад эрхийг нь тайлбарлаж, ойлгуулах замаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхийг хангах нь талуудын зарчимд харшлахгүй юм.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ЕШ2024/00026 дугаартай захирамжаар Л.*******ийн нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, бүрэлдэхүүнд шүүгч Б.Отгонсүрэн, шүүгч Г.Даваанаран нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /хавтас хэргийн 81 дэх тал/, мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ЕШ2024/00041 дугаартай захирамжаар ...шүүх хуралдааны даргалагчаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, бүрэлдэхүүнд шүүгч Б.Отгонсүрэн, шүүгч Г.Батмөнх нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /хавтас хэргийн 106 дахь тал/ хүчин төгөлдөр хоёр шийдвэрийг гаргаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилон албажуулсан тухай ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн захирамж хүчинтэй, уг захирамжаар шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Г.Даваанаран нь шүүх хуралдаанд оролцохгүй болсон талаарх хүсэлтээ тухайн шүүхэд ирүүлээгүй байхад дахин шүүх бүрэлдэхүүнийг томилохдоо шүүгч Г.Батмөнхийг томилох болсон шалтгаан, нөхцөл, үндэслэлээ Ерөнхий шүүгчийн захирамжид тусгаагүй байгаагаас дүгнэн үзэхэд дээрх хэргийг хянан шийдвэрлэхэд ерөнхий шүүгч нь дөрвөн шүүгч оролцуулах агуулгатай хүчин төгөлдөр хоёр шийдвэрийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.4-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ий нэхэмжлэлийн шаардлагыг хангах, хариуцагч Х.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлуудыг хангахгүй орхиж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан гомдлуудыг хангаж шийдвэрлээгүй тул тэднээс гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрүүдийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143/ШШ2024/00053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ий төлсөн 244152 төгрөг, хариуцагч Х.*******ийн төлсөн 324867 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

 

Л.УГТАХБАЯР