Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4298

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33 гудамж 365 тоотод оршин суух, Боржигон овогт, Алтанцэцэгийн Алтансүх /РД:ХМ79102876/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 19-392 тоотод оршин суух, Шарга овогт Чагцалын Билгүүн /РД:УШ95042837/-д холбогдох 

            Гэм хорын хохиролд 1,173,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Алтансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А.Алтансүх миний бие өөрийн эзэмшлийн УНЭ 80-99 сузуки свит маркын автомашинаа жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хилчингийн замд хөдөлгөөнд оролцож явах үед 29-14  УНК верна аксент  маркын авто машин жолоодож явсан Ч.Билгүүн нь эсрэг урсгалаас дүрэм зөрчиж иргэн миний автомашиныг мөргөж, бидний эрүүл мэнд, эд хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учруулсан билээ. Уг ослын улмаас миний хүү А.Тэмүүлэнгийн зүүн нүд хөхөрч хавдан гэмтсэн. Вендо ХХК-иар авто машиныхаа гэмтлийг үнэлүүлэхэд 1,496,400 төгрөгийг хохирол гаргасан. Хариуцагч Ч.Билгүүн нь эхний удаа 700,000 төгрөг, дараа нь 450,000 төгрөг нийт 1,150,000 төгрөгийг надад өгсөн. Ч.Билгүүнээс үлдэгдэл мөнгө өгөхийг хүсэхэд “Бид мөнгө өгч чадахгүй, хуулийн газраар шийдүүл гэж хэлсэн. Иймд автомашины хохирол 350,000 төгрөг, толгойны зураг авхуулсан төлбөр 120,000 төгрөг, манай эхнэр цалингүй 5 хоногийн чөлөө авсан зардал 186,750 төгрөг, тархины гэмтлийн эм, тосны зардал 16,650 төгрөг, хүүхэд болон сэтгэл санааны зардалд 500,000 төгрөг нийт 1,173,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 6 сарын 10-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, нэхэмжлэгч А.Алтансүх 1,173,400 төгрөг нэхэмжилснээс 452,000 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Билгүүн 721,400 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар зохигч  эвлэрч, харилцан тохиролцжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А.Алтансүх нь хариуцагч Ч.Билгүүнд холбогдуулан гэм хорын хохиролд 1,173,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Алтансүх 1,173,400 төгрөг нэхэмжилснээс 452,000 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Билгүүн үлдэх 721,400 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  33,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 16,500 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч А.Алтансүх 1,173,400 төгрөг нэхэмжилснээс 452,000 төгрөг нэхэмжилхээс татгалзаж хариуцагч Ч.Билгүүн үлдэх 721,400 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 16,500 төгрөгийг, хариуцагч Ч.Билгүүнээс 16,500 төгрөгийг тус тус гаргуулж А.Алтансүхэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА