Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2024/00016

 

 

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00028 дугаар шийдвэртэй,

 Г.*******ын нэхэмжлэлтэй,

 Х.*******, ******* ХХК нарт холбогдох

 Гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахим/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2021 оны 01 сард ******* ӨМЕ /сүүлд 73-91 УНВ болж солигдсон/ улсын дугаартай том оврын нүүрсний автомашиныг Эрдэнэс таван толгой уурхай руу ачаанд оруулахаар 2 дахь километр зогсоол дээрээс жолооч Х.*******т автомашинаа асааж бүрэн бүтэн байдлаар шалгуулж хүлээлгэн өгсөн. Ингээд жолооч Х.******* нь том оврын нүүрсний автомашин болох ******* ӨМЕ машиныг жолоодож явахдаа дараагийн ачаа болох 90 тонн ачааг уурхайн гүнээс нүүрс ачиж "Дээдийн говь-д нүүрсний цагаан хаданд талбайд буулгасан үйл явдал болсон. Гэтэл ачаа ачаагүй үедээ буюу Гашуун сухайт авто зам болох 191 километрт хурд хэтрүүлэн найзтайгаа хойно өмнө орон засмал зам дээр хурд хэтрүүлэн уралдаж, машин хоорондын зайг барьж яваагүйн улмаас ГХО-Т ТАЙ ХХК-ийн жолооч Хишгээгийн Батнасангийн унаж явсан Бейнбэн маркийн ******* ӨМЭ улсын дугаартай чиргүүл 05-04 АА, 53-05 АА давхар чиргүүлийн 2-р чиргүүлийн хойд талаас мөргөж зам тээврийн осол гаргаж, миний өмчлөлийн ******* ӨМЕ улсын дугаартай авто машинд хохирлын үнэлгээгээр 12 360 000 төгрөг гэж тогтоосон боловч нийт 15 000 000 гаруй төгрөгийн бодит хохирлыг учруулсан.

Хэрвээ машинд ямар нэгэн асуудал гарвал тэр дор нь надад мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байсан атал ажил үүргээ гүйцэтгэж дууссан үед буюу унаж явсан үед ч тэр ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй юм. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараах үүргийг хүлээнэ.

а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж тус тус заасан байдаг учир жолооч Х.******* хариуцлагагүй хандаж миний өмчлөлийн машинд хохирол учруулаад байна.

Түүнчлэн тухайн осол болох үед ******* ӨМЕ улсын дугаартай авто машин нь татвар болон үзлэг оношилгоо, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гэх мэт бүгдийг хийлгэж ******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр тээвэр хийж эхэлсэн.

Тухайн үед ******* ХХК-ийн өмчлөлд авто машин нь шилжсэн буюу гэрчилгээ тус компанийн нэр дээр байсан. Түүнээс улбаалан тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг миний бие шаардах эрхгүй болчихсон. Тус компани тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг маань авч өгөөгүй юм. Түүнээс шалтгаалан миний төрсөн дүү Г.Бадамсүрэн нь Э.Батсүрэнгээс 12 000 000 төгрөг зээлж авто машиныг маань засуулахад надад тус болсон юм.

Гэвч тэр мөнгийг нь би Х.******* болон ******* ХХК нараас гаргуулан авч чадаагүй хохироод байгаа болно. Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №13 тоот эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар ******* ХХК-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2в болон бусад заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.

Иймд ******* ӨМЕ улсын дугаартай Бей бэн N04250 /А/, 1.В24460В57А052213 арлын дугаартай авто машинд учирсан хохирол болох нийт 15 000 000 төгрөгийг Х.******* болон ******* ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Х.******* миний бие нь 2019 оны 11 сард нэхэмжлэгч Г.Бадамсүрэнгийн том оврын нүүрсний автомашиныг түүний гуйлтаар Таван толгой Гашуунсухайт чиглэлийн автозамын 2 дахь км дээрээс Цагаан хад руу жолоодож явсан. Цагаан хаданд нүүрсийг нь буулгачхаад буцаад явж байхад өмнө явж байсан машин огцом торомзлоод зогссон ба би зогсох гэсэн чинь торомз ажиллахгүй байсан.

Тэгэхээр нь би хажуугаар нь орох гэсэн чинь урдаас машин ирж байхаар нь буруу тал руугаа дараад гарчих гэтэл амжаагүй өмнөх машины араас жолоодож явсан машины зөв талаараа мөргөсөн. Г.Бадамсүрэнгийн нэхэмжлэлдээ дурдсан шиг хурд хэтрүүлсэн зүйл байхгүй, мөн өөр машинтай уралдсан зүйл байхгүй, худал зүйл бичсэн байна. Тухайн машин нь ачаатай байсан тул би хурдтай яваагүй ба тухайн үед торомз нь зүгээр байсан.

Осол болсны дараа тухайн машиныг хоосондоо торомз нь ажилладаггүй юм гэж өмнө нь тухайн машиныг барьж байсан жолооч ярьж байсан. Уг ослоос болж миний хоёр хөл хавчуулагдаж, 2 хөлийн булчин мах тасарсан, тархиндаа гэмтэл авсан, хүзүүндээ зөөлөн эдийн гэмтэл авсан, 2 хөл мэдээгүй болж, хэвтэрт орсон ба удаан хугацаагаар эмчлүүлж байгаад эдгэсэн. Мөн нуруу, бөөр маш их доргилт авсны улмаас байнга эмнэлгээр явж байгаа бөгөөд одоог хүртэл эмчлүүлж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 20-ны үеэр хагалгаанд орох байсан боловч хойшлогдоод 2023 оны 07 дугаар сарын 20-нд бөөрний хагалгаанд орохоор болсон.

Гэвч уг хагалгаанд орохоос айгаад байна, зүрх муу гэсэн тул хагалгааг давах эсэхэд эргэлзэж, айдастай байна. Г.Бадамсүрэн нь машин жолоодуулахдаа торомз нь муу ажилладаг талаараа хэлээгүй, мөн урд машин огцом торомзлосноос уг осол гарсан. Тухайн үед Г.Бадамсүрэн нь даатгалаас нөхөн төлбөр авахаар хөөцөлдөж байсан ба нөхөн төлбөр авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Мөн Г.Бадамсүрэн нь надад 600 000 төгрөгийн тээврийн хөлс өгнө гэсэн боловч өгөөгүй, эмчилгээ хийлгэж эмнэлгээр маш их явсан, маш их зардал гарсан. Одоо ч гарсаар байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад Г.Бадамсүрэн нь Чи машинаасаа холдож болохгүй шүү, машиныг чинь хүн хорлох гээд байна гээд дахин дахин хэлээд байсан. Ямар учиртай ингэж яриад байсныг мэдэхгүй байгаа тул өөрөөс нь тодруулахыг хүсч байна.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Бадамсүрэн нь хүний эрүүл мэндээс илүү эд хөрөнгөндөө санаа тавьж байсан, миний биеийн байдлын талаар 1 удаа ч залгаж асуугаагүй байж, одоо төлбөр нэхэмжилж байгаад харамсаж байна гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн осол 2021 оны 01 дүгээр сарын 22-нд гарсан. Батмөнхийн Ганбаяр нь 2021 оны 03 сарын 12-нд ******* компанийг худалдаж авсан. Тэрнээс өмнөх болсон хэрэг байгаа юм. Одоо удирдлага нь солигдоод бүх ажилчид нь солигдсон. Тухайн ослыг компани шилжүүлж авахдаа мэдээгүй. Тухайн үед аваар болсон бол тээврийн хариуцлагын гэрээнүүд хийгдэх ёстой. Түүнийгээ хоорондоо тохиролцоод албан журмынхаа хүрээнд гэрээ байгуулаад машинаа шилжүүлж авсан байх учиртай. Хэрэв компани шилжүүлж авахаас өмнөх болсон үйл явдлыг одоогийн удирдлага болон миний бие өмнөх асуудлуудыг сайн мэддэггүй. Компанийн өмчлөлд байгаагүй. Тээврийн хэрэгслүүд болон гэрээ контракт бид нарт шилжиж ирээгүй. Архивын материалууд ч гэсэн байхгүй. Ямар нэгэн байдлаар хариуцагч болох үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.*******аас 6 153 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 847 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас 113 398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэнгийн давж заалдах гомдлын агуулга:

Г.Бадамсүрэн миний бие өөрийн төрсөн эгч Г.*******ын эзэмшлийн өмч болох ******* ӨМЕ улсын дугаартай том оврын машиныг хариуцан тээврийн ******* ХХК-ийн гэрээтэй ачаанд оруулахаар зарын дагуу ирсэн жолооч Х.*******ыг авч уг машиныг хүлээлгэн өгсөн. Тус компанийн менежер Өлзий гэж хүн тосч авч орж Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт дахь Цагаанхад суурьшлын бүсэд Дээдийн говь буулгалтын зориулалтын талбайд буулгасан байдаг. Гэтэл буцах замдаа хоосондоо 191 дэх километрт найзтайгаа уралдаж хойно өмнөө гаран хурд хэтрүүлж мөн хоорондын зай барьж яваагүйн улмаас зам тээврийн осол гаргаж ГХОТТАЙ ХХК-ийн жолооч Х.Батнасангийн жолоодож явсан 03-24 ӨМЭ улсын дугаартай давхар чиргүүлтэй машины араас мөргөж хохирлыг автын үнэлгээгээр 12 360 000 төгрөг бодит хохирол 15 000 000 төгрөг учирсан.

Миний бие иргэн Батсүрэнгээс 13 200 000 төгрөгийг бэлнээр зээлж 10 хувийн хүүний хамт төлж уг машинд засвар хийсэн боловч зарим сэлбэг авах мөнгө хүрэлцэхгүйн улмаас машин тээвэрт явахгүй байгаа. Мөн ******* ХХК-ийн нэг удаагийн рейсний мөнгө болох 4 000 000 төгрөгөө авч чадахгүй хохирч байна. Удаа дараа нэхэж байгаа ч өгдөггүй.

Иймд хохирлын 15 000 000 төгрөг мөн тээврийн хөлс 4 000 000 төгрөгийн хохирол гомдлоо барагдуулж өгөхийг хүсч бодит хохирлоо гаргуулах, хүсэлт гомдолтой байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнээс мөнгө зээлээд 13 000 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлсэн. Мөн кабиныг шланзаар тээвэрлээд дээрээс нь кранаар өргөж засварт маш их зардал гарсан. Тухайн үед маш хурдтай давхиж байсан. Тухайн жолооч миний тавьсан зарын дагуу ирсэн жолооч байгаа. ******* ХХК-г яагаад хариуцагчаар татсан юм бэ гэхээр тээврийн зардлаа өгөөгүй.

Компани өөрөө машиныг хүлээж аваад ачаанд оруулаад бүх юмыг нь шалгаад тухайн жолоочид хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад оруулах ёстой. Тэр утгаар нь хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх 6 000 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Бусад нь яагаад алга байгааг ойлгохгүй байна. Тиймээс бодит хохирол 15 000 000 төгрөгийг бүтэн гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

7. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ компанийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж авсан. Тухайн хэрэг нь компанийг шилжүүлж авахаас өмнө гарсан учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн машин нь 2020 оны 12 дугаар сард шилжиж орж ирээд 1 сар гаран болчихоод 1 сард шилжээд гараад явчихсан байсан. Тэгээд тухайн үед явж байсан тээврийн хөлс, осол аваар болсон талаар холбоотой баримт бичиг хүлээлгэж өгсөн бичиг баримтуудтай нь ирээгүй. Өнгөрсөн жил энэ хүнийг нэхэмжлэл гаргахад мэдсэн. Тэгээд нэг тээврийн хөлс 4 000 000 төгрөг нэхээд байгаа. Бид нар энэ талаар мэдэхгүй. Өмнө болсон явдал. Тухайн үед тээвэрт явсан ч юм уу, үгүй ч юм уу, тээврийн хөлсөө авсан ч юм уу, аваагүй ч юм уу гэдэг талаар мэдэхгүй. Тиймээс тухайн үеийн удирдлагуудаас нэхэмжлэх нь зүйтэй. Манай компанид өгөх үндэслэл байхгүй. Наад хүн чинь ч авах үндэслэл байхгүй. Компани шилжихээс өмнө болсон үйл явдал учраас ийм байр суурьтай байна. Ганбаяр захиралтай хийсэн гэрээ гэж яриад байгаа. Тэр гэрээ Ганбаяр захирлаар томилогдохоос 2 сарын өмнө шилжээд гараад явчихсан машин байсан. Тиймээс Ганбаяртай гэрээ хийсэн байх боломжгүй. Тэгэхээр энэ гэрээг ямар аргаар яаж олж авсан гэдэг эргэлзээтэй байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.*******, ******* ХХК нарт холбогдуулан гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Г.Бадамсүрэнд /хх-17/, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Баасанжаргалд /хх-51/, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г.Бадамсүрэнд /хх-148/, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Г.Бадамсүрэнд олгосон итгэмжлэлээсээ татгалзсан /хх-49/,

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн нь Ц.Баасанжаргалд /хх-50/, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г.******* нь Ц.Баасанжаргалд /хх-51/, Г.******* нь Г.Гэлэгдуламд /хх-59/ тус тус итгэмжлэл олгож, /хх-141 дүгээр талд/ Г.******* нь Ц.Баасанжаргалаас, /хх-149 дүгээр талд/ Г.Гэлэгдуламаас тус тус татгалзсан байна.

3.б Хавтаст хэргийн 48, 52 дугаар талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанжаргал Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг, мөн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд /хх-56/ дээрх хүсэлтийг гаргасан байхад шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эрх зүйн акт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзнэ.

3.в Нэхэмжлэгч Г.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж оролцуулахаар томилсон төлөөлөгч Г.Бадамсүрэнгээс татгалзсан /хх-49/ атал түүнээс гаргасан шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлт /хх-63/-ийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг солих тухай 749 дугаартай шүүгчийн захирамж /хх-74/-аар шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийн агуулгаас өөр, гаргаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасныг зөрчжээ.

3.г Нэхэмжлэгч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Г.Бадамсүрэнг дахин томилж итгэмжлэл /хх-119/ олгосон байх ба түүний хавтаст хэргийн 116 дугаар талд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шүүхийн тогтоол /хх-162/-оор хангаж шийдвэрлэсэн байна. Улмаар хамтран хариуцагч Б.Ганбаярт нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хх-165/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно:, 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан байна. Б.Ганбаяр нь хариуцагч ******* ХХК-г төлөөлөх эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

3.д Түүнчлэн хавтаст хэргийн 180 дугаар талд нэхэмжлэгч Г.*******аас ... гомдол гаргах нь: ******* ХХК-аас 4 сая төг гаргуулах... гэсэн баримтыг ирүүлсэн байх ба давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн нь ... нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэсэн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж шүүх үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан эсэх тодорхойгүй, хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж шүүх үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

5. Мөн давж заалдах шатны шүүхээс зохигчдын маргааны үйл баримтыг дүгнээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бодит хохирол төлүүлэх тухай агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах явцад анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор иргэний хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байх ба дээрх хугацаанд ямар нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан ба 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн хариу тайлбар шүүхэд ирсэн атал 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж заасантай нийцээгүй, хавтаст хэргийн 56, 103 дугаар талд авагдсан Шүүхийн тогтоолуудад Захирамжлах нь хэсэг бичигдсэн нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед, харин захирамжийг шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед гаргана гэж заасныг тус тус зөрчсөн байгааг магадлалд дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2024/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.УГТАХБАЯР