Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00596/И |
Дугаар | 783 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 783
2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2016/00783 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, Төмстэй 2 дугаар багт оршин суух, 50 настай, эмэгтэй, Хамба овогт Дуламсүрэнгийн Байгальмаа /РД:НН66071969/-ийн,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. 1984 онд тус сумын ТМС-ийг төгсөж энэ оноос эхлэн Заамар нэгдлийн Хайлаастай бригадад адуучин, гүү саах, үхэр хариулах зэрэг ажлуудыг хийж байсан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үед ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа тул 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд Хайлааст бригадад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Байгальмаа нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст бригадад адуучин, гүү саах, үхэр хариулах, тэжээл бэлтгэх зэрэг ажлуудыг 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.
Үүнд: 1. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай, Ажилд томилох тухай тушаал /хх-4/,
2. Төв аймгийн Заамар ХК-ийн Ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 52 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-5/,
3. Төв аймгийн Заамар ХК-ийн Ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 47 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-6/,
4. 1986, 1987, 1988, 1996, 1999 онуудад төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-7-11/,
5. Гэрч Я.Төмөр-Очир, Д.Баасан, Ц.Нэргүй нарын Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Хайлааст бригадад Д.Байгальмаатай хамт мал маллаж хамт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолтууд, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг /хх 12-17, 25-34/
6. Д.Байгальмаагийн хөдөлмөрийн дэвтэр, №1027531 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 19-21, 41-42/,
7. 1985 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн баярын бичиг /хх-43/,
Дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Байгальмаа нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст бригадад 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүний ажилд орсон он сар өдрийг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, бөглөгдсөн байдал, мөн 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Заамар нэгдлийн даргын зөвлөлийн даргын 58 дугаар тушаалыг үндэслэн 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэж, дуусах хугацааг өөрийнх нь хүсэлтийн дагуу мөн 1993 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Төв аймгийн Заамар ХК-ийн Ерөнхий захирлын 47 дугаартай тушаалыг үндэслэн 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаагаар тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
135.2.6-д зааснаар Хамба овогт Дуламсүрэнгийн Байгальмаа /РД:НН66071969/-г Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд малчин, тэжээл бэлтгэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчД.Байгальмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ