| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0140/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А, О.Г, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1809025850887 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ ганмандах” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-391 тоотод оршин суух урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан,
Дүүргийн эрүүгин хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялаас өршөөн хэтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
Монгол улсын иргэн, 2000 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чойрж гэгээн” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9-351 тоотод оршин суух, урьд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан,
Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах, нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг, гудамж 143 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7-257 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нар бүлэглэн 2018 оны 5 дугаар 28, 29-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 8-324 тоотод оршин суух хохирогч Ли Мин Лингийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 674.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр Н.Б бид 2 айлд засварын ажил хийж байсан. Хоёулаа тухайн ажлыг барахгүй байсан учир айлын хүмүүсийг нь дуудаад хамт хийсэн. Мөн О.Гыг дуудсан. О.Г ирээд “урд айлд хүн байдаггүй орж үзье” гээд Н.Баттулгыг дагуулж яваад хаалгыг нь эвдсэн. Маргааш нь Баагий гэж манай нэг найз ирсэн. Баагий бид 2 байшин руу орсон. Н.Б байшин руу ороогүй. Н.Б энэ хэрэгт оролцоогүй. Байшингаас төрөл бүрийн гутал, хайрцагтай зүйл авсан. Юу байсныг нь үзээгүй...” гэв.
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 5 сарын 28-нд Х.А, Н.Б 2 манай гудамжинд ажил хийж байгаад Х.А намайг дуудсан. Ажил хийж байгаа айлынхаа дээврийг засварлачихаад хулгай хийсэн байшингийн дээвэр дээр байж байсан. Энэ айлд хүн байдаггүй тухай хэлэхэд тал арматурын төмөр өгөөд “намайг хаалгыг нь эвдчих” гээд эвдүүлсэн. Би Х.Атай би хамт байшинд орсон. 6-7 ширхэг шинэ өвлийн гутал байсан. Би “гуталнаас нь авчих уу” гэхэд Х.А “зун өвлийн гутлаар яах юм” гээд бид 2 тэндээс гараад харьсан...” гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хотод ирээд удаагүй байгаа. Хэд хоногоор ирж Х.А ахтай хамт ажил хийсэн. 2018 оны 5 сарын 28-нд айлд засварын ажил хийгээд байж байхад О.Гэрэл-Од ирсэн. Тухайн өдрийн орой 19.00 цагийн үед энэ 2 байшингийн дээвэр дээр суугаад нэг зүйлийн талаар ярьж байсан. Х.А ах хүрз барьж ирээд “намайг гадаа хүн хараад хог цэвэрлэж бай” гэсэн. Тэр 2 эзэнгүй байшин руу ороод 30 минут орчим болоод байшингаас гарч ирэхдээ ямар нэгэн юм авч гарч ирээгүй. Маргааш нь Х.А ах “намайг хамт оръё” гэхэд “би орохгүй” гэж хэлсэн. Х.А “зүгээрээ би арыг нь даана” гээд байсан. Би “орохгүй” гэдгээ олон удаа хэлсэн боловч над руу зандраад байхаар нь айгаад байшин руу цуг орж шуудайтай гутал байсныг нь авч өгсөн...” гэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809025850887 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжинд байдаг танил ах Хуягаагийн байшинд Гэрэлт-Од, Баттулга нарын хамт засварын ажил хийж туслаж байсан юм. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баттулга бид хоёрыг ажлаа хийж байхад Гэрэлт-Од намайг дуудаад “урд байдаг Хятад хүний байшин эзэнгүй байдаг юм хамт оръё” гэхээр нь би татгалзсан. Тэгээд Баттулгыг дагуулаад урд байшин руу орсон. Тэгэхэд би хамт ороогүй. Байшин руу ороод 10 орчим минутын дараа тэр хоёр гарч ирсэн. Ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй гараад ирсэн. Тэгээд маргааш нь орой ажил дээр байж байгаад би Баттулгыг дагуулаад өчигдрийн байшинд орсон. Гэрэлт-Од уг байшингийн цоожийг эвдээд бэлдчихсэн байсан ба бид хоёр шуудайтай эд зүйл хулгайлсан бас хайрцагтай эд зүйл авсан. Тэгээд уг эд зүйлүүдээ нууж орхичихоод маргааш нь ажил дээр ирэхэд цагдаа нар бид нарын хулгай хийсэн байшинд ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26, 120-123 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-351 тоотод оршин суудаг ба 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хангайн 7 дугаар гудамжинд байдаг Хятад хүний гэрийн хажуу талын байшинд Азбаяр, Баттулга нарын хамт ажил хийж байсан юм. Оройн 20 цагийн орчим уг Хятад хүний байшин байнга эзэнгүй байдаг байдаг болохоор нь байшин руу нь орж үзье гэж Азбаярт хэлсэн. Баттулгад хэлээгүй. Тэгээд Азбаяр бид хоёр хашаанд нь ороод байшингийнх амбаарны цоожийг нь төмөр турба байхаар нь эвдэж онгойлгоод дотогшоо орж үзсэн чинь шуудайтай гуталнууд зөндөө байсан. Тэгэхээр нь би Азбаярыг “буцаад гаръя” гээд дагуулаад гарсан. Тэгээд тэндээсээ би “гэр рүүгээ харилаа” гээд харьсан. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Азбаяр, Баттулга нартай уулзаагүй гадуур ажилтай явж байсан юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө гэртээ унтаж байхад манай гэрт цагдаа нар орж ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 125-128 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж Азбаярын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9 дүгээр гудамжинд байрлах Хуягаа гэдэг ахын байшинд засварын ажил хийж байсан. Тухайн үед Азбаярын найз Гэрэлт-Од уг ажил дээр ирж хамт байдаг байсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим Азбаяр, Гэрэлт-Од хоёр намайг ажлаа хийгээд байж байхад ирээд Азбаяр намайг “чи бид хоёрыг дагаад урд талын гудамжинд очоод айлын гадаа хүрз бариад ажил хийж байгаа юм шиг зогсож бай бид хоёр тэр айл руу орчихоод гараад ирье” гэж хэлээд намайг дагуулаад урд талын гудамж руу очсон. Тухайн үед би тэр хоёрыг хулгай хийх гэж байна гэж мэдээгүй. Тэр хоёр ногоон өнгийн төмөр хаалгатай хашаатай, бид нарыг ажил хийж байсан айлын яг урд талын айл руу ороод 30 орчим минут болчихоод гарч ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ салцгаасан. Маргааш нь дахиад ажид дээрээ ажлаа хийгээд байж байхад орой Азбаяр надад “өчигдөрийн Гэрэлт-Од бид хоёрын очсон айл руу ороод шуудайтай юм байгаа тэрийг аваад гараад ир” гэж хэлсэн. Тухайн үед би зөвшөөрөөгүй чадахгүй гэхэд намайг Азбаяр “чи арчаагүй юм бэ, би арыг чинь даана, би гадаа чинь хүн харж байна, бэлдээд тавьчихсан байгаа юмыг чи ороод аваад ир” гээд уурлаад байхаар нь би арга буюу зөвшөөрөөд зааж өгсөн байшин руу нь ороход хаалга нь онгорхой байсан ба үүдний амбаарт нь шуудайтай гуталнууд байсан. Тэрийг нь би аваад Азбаярт гаргаж өгсөн. Тэгээд маргааш өглөө намайг гэрт байхад цагдаа нар ирсэн ба би цагдаа нарт болсон хэргийн талаар бүгдийг нь хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-132 дугаар хуудас/,
Хохирогч БНХАУ-ын иргэн Лю Мин Лиан /LIU MINGLIANG/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 8-324 тоотод зуны үед амьдардаг өвөлдөө эзэнгүй байдаг байшин байдаг юм. Би Нарантуул-2 зах дээр лангуу ажлуулдаг ба уг байшинд зарах бараануудаа аваачаад хураачихдаг юм. Би уг байшингаа 2 хоногт 1 удаа очиж эргэж тойрч шалгадаг ба 2018 оны 5 дугаар сарын 29 билүү 30-ны өдөр байшин дээрээ ирэхэд байшингийн хаалга онгорхой цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж үзлэг хийсэн. 13 ширхэг гутал алдагдсан. Нэг хос гутлаа 40.000 төгрөгөөр үнэлнэ. Хуучин марк тодорхойгүй зургийн аппарат алдагдсан үнэлж мэдэхгүй байна. 5 хос ажлын бээлий алдагдсан тус бүрийг нь 1.000 төгрөгөөр үнэлнэ. Малайз гэсэн бичигтэй сувинер алдагдсан үнэлж мэдэхгүй байна. Бас цаасан хайрцагтай байсан цаасны үдээс 49 ширхэг алдагдсан байна. Тус бүрийг нь 500 төгрөгөөр үнэлнэ. Бас байшингийн хаалганы цоож эвдэрсэн, хаалганы цоожоо 15.000 төгрөгөөр үнэлнэ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 674.600 /зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...13 ширхэг хос гутал, хар өнгөтэй марк тодорхойгүй зургийн аппарат, Malaysa гэсэн бичигтэй сувинер, 5 хос ажлын бээлий, Staples маркийн цаасны үдээс 29 ширхэг, Bostitch маркийн цаасны үдээс 17 ширхэг, Tape holder маркын цаасны үдээс 3 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 50-65 дугаар хуудас/, шүүгдэгч О.Гэрэл-Одын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-85 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 7 хуудас баримт, шүүгдэгч О.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 13 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар 28-ны өдөр О.Г, Х.А нар гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцож Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 8-324 тоотод оршин суух хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лю овогт Мин Лиан /LIU MINGLIANG/-ий эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, Н.Б нь учрах саадыг арилгах, дохио өгөх зорилгоор тухайн байшингийн ойролцоо хүрз бариад ажил хийж буй мэт дүр үзүүлж улмаар 2018 оны 5 дугаар 29-ний өдөр Х.А, Н.Б нар тухайн байшинд нэвтэрч 13 хос гутал, гэрэл зургийн аппарат, сувинер, 49 ширхэг үдээс, хос бээлий бүхий 666.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт бэлтгэсэн, хулгайлсан болох нь:
Шүүгдэгч Х.Аын “...Гэрэлт-Од намайг дуудаад “урд байдаг Хятад хүний байшин эзэнгүй байдаг юм хамт оръё” гэхээр нь би татгалзсан. Тэгээд Баттулгыг дагуулаад урд байшин руу орсон. Тэгэхэд би хамт ороогүй. Байшин руу ороод 10 орчим минутын дараа тэр хоёр гарч ирсэн. Ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй гараад ирсэн. Тэгээд маргааш нь орой ажил дээр байж байгаад би Баттулгыг дагуулаад өчигдрийн байшинд орсон. Гэрэлт-Од уг байшингийн цоожийг эвдээд бэлдчихсэн байсан ба бид хоёр шуудайтай эд зүйл хулгайлсан бас хайрцагтай эд зүйл авсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Гын “...Хятад хүний байшин байнга эзэнгүй байдаг байдаг болохоор нь “байшин руу нь орж үзье” гэж Азбаярт хэлсэн. Тэгээд Азбаяр бид хоёр хашаанд нь ороод байшингийнх амбаарны цоожийг нь төмөр турба байхаар нь эвдэж онгойлгоод дотогшоо орж үзсэн чинь шуудайтай гуталнууд зөндөө байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Баттулгын “...Азбаяр намайг “чи бид хоёрыг дагаад урд талын гудамжинд очоод айлын гадаа хүрз бариад ажил хийж байгаа юм шиг зогсож бай бид хоёр тэр айл руу орчихоод гараад ирье” гэж хэлээд намайг дагуулаад урд талын гудамж руу очсон...Маргааш нь дахиад ажид дээрээ ажлаа хийгээд байж байхад орой Азбаяр надад “өчигдөрийн Гэрэлт-Од бид хоёрын очсон айл руу ороод шуудайтай юм байгаа тэрийг аваад гараад ир” гэж хэлсэн. Тухайн үед би зөвшөөрөөгүй чадахгүй гэхэд намайг Азбаяр “чи арчаагүй юм бэ, би арыг чинь даана, би гадаа чинь хүн харж байна, бэлдээд тавьчихсан байгаа юмыг чи ороод аваад ир” гээд уурлаад байхаар нь би арга буюу зөвшөөрөөд зааж өгсөн байшин руу нь ороход хаалга нь онгорхой байсан ба үүдний амбаарт нь шуудайтай гуталнууд байсан. Тэрийг нь би аваад Азбаярт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч БНХАУ-ын иргэн Лю Мин Лиан /LIU MINGLIANG/-ий “...байшингийн хаалга онгорхой цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж үзлэг хийсэн. 13 ширхэг гутал, хуучин марк тодорхойгүй зургийн аппарат, 5 хос ажлын бээлий, Малайз гэсэн бичигтэй сувинер, цаасан хайрцагтай цаасны үдээс 49 ширхэг зэрэг алдагдсан байна. Бас байшингийн хаалганы цоож эвдэрсэн, хаалганы цоожоо 15.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч О.Г бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх тохиромжтой нөхцөл зориуд үүсгэж хохирогчийн эзэмшлийн байшингийн цоожыг эвдсэн, шүүгдэгч Х.А, Н.Б нар тухайн байшинд нэвтэрч эд хөрөнгийг авсанаар гэмт үйлдлийг төгсгөсөн байдал тэдгээрийн мэдүүлгээр, хохирогчоос эд хөрөнгөө алдсан болон хэрэг гарсан газрын нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, шүүгдэгч нараас тухайн алдагдсан эд хөрөнгийг хураан авч хохирогчид буцаан өгсөн байдал тэмдэглэлд тусгагдсан, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг, бүлэглэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Х.А, Н.Б нарын өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй талаар, шүүгдэгч О.Гын өмгөөлөгчөөс “...Гэрэлт-Одын үйлдэл нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэгч нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хийснээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулдаг.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл гэмт үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхэлж 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төгссөн байх ба шүүгдэгч О.Г гэмт хэрэг үйлдэх санаачилгыг гаргаж, тухайн газарт нэвтрэх байшинг бусаддаа зааж улмаар 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бусадтай бүлэглэн хохирогчийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрсэн боловч ямар нэг эд зүйл аваагүй /хохирол учраагүй/, тэрээр өөрийнхөө хувьд гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзлээ.
Гэвч шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан байдал тогтоогдоогүйгээс гадна гол нь хохирогчийн байшингийн цоожийг эвдэж, нэвтэрсэн, гэмт хэргийг хоромхон хугацаанд гүйцэтгэхэд хялбарчилах зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэн байна.
Нэгэнт шүүгдэгч О.Гын хувьд гэмт хэргийг бүрэн төгсгөсөн нөхцөл байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд шүүгдэгчид эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Гыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.А, Н.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Лю Мин Лиан /LIU MINGLIANG/-аас “эд зүйлээ буцаан авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ мэдүүлгээрээ /хх-ийн 22/ илэрхийлсэн тул шүүгдэгч нараас түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг буцаан өгч төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нараас шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан төлж, хор уршгийг арилгасан байдал тогтоогдсон.
Х.А, О.Г, Н.Б нар нь шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 2.7 дугаар зүйлийн 1, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Х.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Х.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл үүссэн.
Шүүх Х.Ат хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нар нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 21 хоног цагдан хоригдсон байх ба тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч О.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.
2. О.Гг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
3. Х.А, Н.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 2.7 дугаар зүйлийн 1, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Быг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Аыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А, О.Г, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Н.Б, О.Г нарын цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, тэдгээрээс бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А, О.Г, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А, О.Г, Н.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН