Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00035

 

 

 

 

 

 

 

А.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2024/00117 дугаар шийдвэртэй,   нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух Ш овогт А-ын А-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух Ш овогт А-ын Д-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч А.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие А.А- нь 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан.

1.2. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан юм. 1993 оны их хувьчлалын үед Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Д-тэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно.

1.3. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Д-н хүү Д.Е, Д.Е нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан юм. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв бууж байгаа бөгөөд үүнээс болж А.Д-н хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

1.4. Иймд Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие А.Д- нь А.А-н надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд миний өвөлжөөний саравчны талаар дурдсан байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

2.2. Миний бие Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна.

2.3. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн хавтгай гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзийн эзэмшигчээр А.Д- миний биеийг дурдаж гэрээнд тусгасан ба уг гэрээнд миний ах А.А- нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Би өөрийн саравч хашаа, хороо, байшинг тухайн үед засаж барих үед өөрийн ах болох А.Б, З.К нарын тээврийн хэрэгслээр чулуу зөөж барьж засварласан юм.

2.4. Харин би өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.А-д байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн юм. Тухайн үед өмч хувьчлалаар миний ах А.А- нь манай өвөлжөөний байшингаас цааш 1,5-2,0 км газарт мөн өмч хувьчлалаар Бугат сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Бодгон дахь газраас саравч хашаа, хороо хувьчлалд авч байсан. Гэтэл А.А- нь манай өвөлжөөний хажууд 1999 он хүртэл амьдарч байгаад аймгийн төврүү нүүсэн ба одоо уг байшинд хүүхдүүд нь амьдардаг юм. Гэтэл миний өвөлжөөний саравчтай булаалцалдаж хуурамч материал бүрдүүлсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2024/00117 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус Ш овогт А-ын А-г тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Д-гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй, нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Миний бие А.Д- нь 1993 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Бугат сумын Засаг даргын орлогч X.Оралсынтай гэрээ хийж, Бугат сумын Улаантолгой Балчингийн хавтгай хэмээх газарт байрлалтай саравчтай хашаа, банзан пүнз, модон пүнз, төмөр усан сан зэргийг хувьчлаад авсан юм. Саравч хашааг-1 ширхгийг 16.468 төгрөгөөр, Банзан пүнз-1 ширхгийг 1.300 төгрөгөөр, Модон пүнз-1 ширхгийг 2.500.000 төгрөгөөр, Төмөр усан сан-2 ширхгийг 2.500 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм.

4.3. 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бугат сумын газрын даамал X.С-тай газар эзэмших гэрээ байгуулсан. Суурин өвөлжөө, газрын байршил, хилийн зааг, Улаантолгой багийн Балчингийн хавтгай дахь өвөлжөө гэх зэрэг газарт гэрээ байгуулж эзэмшиж байсан юм.

4.4. 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Бугат сумын Засаг даргын захирамжаар Бугат сумын Балчингийн хавтгай өвөлжөөнд газар эзэмших эрхийн гэрчилгээг 40 жилийн хугацаатай авч байсан юм.

4.5. 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бугат сумын Улаантолгой багийн Балчингийн хавтгай байрлалтай 90м2 талбайтай өвөлжөөнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний бие А.Д- эхнэр X.М бид хоёр иргэний өмч гэж 000344 тоот дугаартай гэрчилгээ авч байсан юм.

4.6. Мөн Бугат сумын Улаантолгой багийн Балчингийн хавтгай дахь байрлалтай хашаа, хороонд кадастр зургаар баталгаажуулсан юм.

4.7. А.Б тодорхойлолтод А.Д-н хашаа, хороог сэргээхэд 5 удаа майти машинаар чулуу ачиж зөөсөн, хөлсөнд нь 2 хонь авсан байгаа. А.А-н худал маргааныг тасалж, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн тодорхойлолтуудаар тогтоогдож байна. А.Д- А.А- бид хоёрын Улаантолгой багт байршилтай өвөлжөөний байшин, саравчтай хашаа хороонд үзлэг хийлгэхээр өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2024/00117 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах  шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анх хувьчлалд орохдоо 14 хүний бүрэлдэхүүнтэй орсон. 1 хашаа нь 12 хүнд өөр 1 хашаа нь 18 хүнд хувьчлахаар тооцогдсон. Бид нараас өөр мал маллаж байгаа хүмүүс олон байгаа. Тухайн үед 2 хашааны нэгийг авна, үлдсэн нэг хашааг өөр хүнд өгнө гэж хэлсэн. Би 1981-1990 онд 4 удаа “хошой аварга” болсон. Мөн “Жаргалын зам” нэгдлээс 800 гаруй тооны мал тээвэрлэж ирсэн тул 2 хашааг надад өгсөн. Тухайн үед Хувьцаа авахын тулд 15 хүн хувьчилж авах ёстой гэхээр нь хүн дутуу болсон тул хариуцагч болон 5 хүн, өөр 7 хүнд мөнгийг нь өгч хувьчилж авсан. Тухайн үед М, Х, О нарт хувьцаа болгон хувааж, хувьцааны хэмжээнд тэд нарт би мөнгөө өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

            7. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч А.Д-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоох” тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “саравчтай хашааг 1993 онд хариуцагчтай хамт хувьчилж авсан, харин задгай хашааг өөрөө барьсан” гэж тайлбарлаж, үндэслэлээ нотлохоор Х.Б, Х.М, Б.М, Х.С, М.Г нарын үйлдсэн, тэдгээрийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд, Бугат сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд, гэрэл зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ зэргийг хавсаргаж өгчээ.

 

            8. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “саравчтай хашааг 1993 онд өмч хувьчлалаар тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч, эзэмшигчийн гэрээ байгуулж 33 жил эзэмшиж байна. Тухайн үед А.А- нь хашаа, саравч тусдаа хувьчилж авсан, миний хашаа, саравчинд оролцоо байхгүй” гэж гаргасан тайлбартаа Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчтэй хийсэн гэрээ /1993-5-09/, Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ /1997-3-05, 2005-3-10/, Газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээ, кадастрын зураг, гэрэл зураг, А.Б, З.Х зэрэг хүмүүсийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.

 

            9. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан процессын баримтууд болон эрх зүйн баримт бичгүүдээс дүгнэж үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь заалтад зааснаар дараах үндэслэлүүдээр хүчингүй болгох нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

    1. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааны бие даасан өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулга нь саравчтай хашааны хувьд хоёр этгээд тухайн хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох, мөн саравчтай хашааг залгаа барьсан чулуун хашааны хувьд нэхэмжлэгч нь дангаараа өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлаар “өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн” гэж дүгнэн “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар А.А-н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж, 115 дугаар зүйлийн 115.2.1-115.2.3 дахь заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг...”, “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг...”, “нэхэмжлэлийг...” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
    2. Анхан шатны шүүх эхлээд хариуцагч талаас гаргасан “(1) А.Д-н оршин сууж буй Бугат сумын 2 дугаар баг, Балчингийн хавтгай гэдэг газарт байрлалтай өвөлжөө, малын хашаа хороо, саравч болон (2) А.А-н оршин сууж байгаа Бугат сумын 2 дугаар баг, Балчингийн бодган хэмээх газарт байрлалтай өвөлжөөний байшин, малын хашаа хороо, саравчинд үзлэг хийх” тухай хүсэлтийг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3548 дугаар захирамжаар, дараа нь нэхэмжлэгч талаас гаргасан “Улаантолгойн хавтгайд байгаа маргаан бүхий хашаа, хороонд нэхэмжлэгч амьдрахгүй, оршин суухгүй байгаа буюу А.А-д хамааралгүй мэтээр хариуцагч тайлбар бичсэн нь үндэслэлгүй болохыг тогтоолгох үүднээс шүүхийн зүгээс үзлэг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00142 дугаар захирамжаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
    3. Учир нь, шүүх талуудын хүсэлтээр газрын асуудал хариуцсан болон бүртгэл хариуцсан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, шаардлагатай бусад албаны хүмүүс, мэргэжилтнүүдийг хэргийн оролцогчдын хамт оролцуулан үзлэг хийж зохигчийн гаргаж өгсөн нотлох баримтууд, тухайлбал Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, Бугат сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчтэй хийсэн гэрээ /1993-5-09/, Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ /1997-3-05, 2005-3-10/, Газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********* дугаар гэрчилгээ зэргийг холбогдох эх сурвалжуудад агуулагдсан кадастрын зураг зэрэг мэдээлэлтэй тулгах, зохигчоос тодруулах замаар маргааны үйл баримтыг бодитой сэргээн тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
    4. Шүүх маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо зохигч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн Х.Б, Х.М, Б.М, Х.С, М.Г, А.Б, З.Х нарын үйлдсэн, тэдгээрийн гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудыг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаас үзвэл иргэдийн үйлдэж гарын үсгээ зурсан бөгөөд тухайн гарын үсгийнхээ үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн “тодорхойлолт” гэх баримт нь хуулиар зөвшөөрөгдсөн нотолгооны хэрэгсэл биш, түүнд агуулгадсан мэдээллийг үнэн зөв гэж үнэлэхэд эргэлзээтэйг энд тэмдэглэж, түүнийг үндэслэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож “хашаа хороонд үзлэг хийлгэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой” гэсэн хариуцагч А.Д-н давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хариуцагч А.Д-д давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 130/ШШ2024/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Д-н давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК