Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Хангайд холбогдох эрүүгийн 1909003720177 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Морин жолооч” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 62 дугаар гудамж 851 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байр 76 тоотод иргэн Н.Одхүүгийн халааснаас 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909003720177 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би дуудлагын жолооч хийдэг юм. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр намайг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 24 дүгээр байрны 76 тоотод дуудсан. Тэр газар нь очих үед уг газар нь оффис байсан ба дотор нь хэдэн согтуу хүн байсан. Тэгээд нэг үл таних хүн над дээр хүрч ирээд манай ажлын газрын ажилтан Одхүүгийн төрсөн өдөр болсон юм гэсэн. Тэр согтуу хүмүүс дунд миний хальт танидаг Бүрнээ гэх залуу байсан. Тэгээд бид хэд тэнд жаахан сууцгаасан. Дараа нь би явах гээд куртикээ хайж байхдаа Одхүү гэх хүний халааснаас мөнгийг нь авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Одхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 24 байрны 76 тоотод байрлах өөрийн ажилладаг газрын оффист ажлаасаа буугаад амрахаар очсон. Тэгсэн чинь манай ажлын газрын зүс таних хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд намайг “архи уух уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд жижиг өрөөнд ороод амрах буйдан дээр өөрийн куртикээ нөмрөөд унтсан. Тэгээд унтах гээд байж байтал ажлын газрын зүс таних залуу миний хажууд орж ирээд унтсан. Тэгээд өглөө сэрээд хартал унтаж байсан буйдангийн хажууд газар манай ажлын зүс таних залуу унтаж байсан. Тэгээд дахиад унтаж сэрээд харсан чинь миний куртик миний хөлд байсан. Тэгээд куртикээ аваад кармандаа байсан 1.200.000 төгрөгөө үзтэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч С.Давхай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай “Морин жолооч” дуудлагын компанийн оффис Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрны 6 дугаар орцны 76 тоотод байдаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 19:00 цагийн үед оффисын өрөөнөөсөө ажилдаа гараад үүрийн 05:00-06:00 цагийн үед оффисын өрөөндөө орсон. Намайг оффисын өрөөндөө ороход Энхтүвшин, Ариунболд, тэгээд танихгүй хоёр залуу архи уугаад тасраад уначихсан ажлаас буусан. Жолооч нар оператор Цэрэнням эгч байсан. Тэгээд би тооцоогоо Цэрэнням эгчтэй хийчихээд захирлын өрөөнд орж унтсан. Захирлын өрөөний орон дээр мөнгөө алдсан Одхүү, Ганзориг, тэгээд танихгүй нэг залуутай гурвуулаа байсан. Танихгүй залууг Хангай гэдэг гэсэн. Би өрөөнд оронгуутаа орны доор ороод унтсан. Би архи, дарс уугаагүй байсан. Намайг ороход захирлын өрөө харанхуй байсан. Намайг өрөөнд ороход Хангай гэдэг залуу сэрүүн байсан. Намайг хэвтсэний дараа күртикээ хайгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээр ирснээсээ хойш хонож ажилласан. Өчигдөр оройн 20:00 цагийн үед ажлаасаа гараад шөнийн 05:00 цагийн үед ажил дээрээ ирсэн. Намайг ажил дээрээ ирэхэд ихэнх жолооч нар буугаад явчихсан байсан. Би орлогоо Цэрэннямтай тулгасан. Намайг захирлын өрөөнд ороод унтах гэхэд өрөөнд Одхүү, Хангай хоёр байсан. Одхүү нь унтчихсан. Хангай сэрүүн байсан. Хангай өрөөний хаалга онгойлгосон чинь уурлах маягтай байсан. Тэгээд унтаад өглөөний 09:00 цаг өнгөрч байхад босоод АТМ рүү тооцоогоо авчихаад буцаж ирсэн. Оффис дээрээ ирээд Одхүүг сэрээсэн чинь Одхүү күртикнийх нь халаасанд байсан мөнгө алга болчихлоо гээд байсан. Намайг анх өрөөнд унтах гэж байхад Одхүүгийн хар өнгийн күртик Одхүүгийн цаана нь байсан. Өглөө сэрэхэд Одхүүгийн хөлний доор нь ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл, баримт бичиг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Д.Даваадэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч П.Пүрэв-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байр 76 тоотод иргэн Н.Одхүүгийн халааснаас 1.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Одхүүгийн мэдүүлэг, гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тусгагдаж, хохирогчийн эд хөрөнгө нь шүүгдэгчид байсан болох нь эд зүйлийг хураан авсан тэмдэглэлд тусгагдсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Хг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 48/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН