| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2024/00140/И |
| Дугаар | 212/МА2024/00031 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 212/МА2024/00031
Цагдаагийн газрын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00168 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй,
“**** оршин суух, **** оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн, Х овогт Б-ны Б-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай” иргэний хэргийг албадан эмчлүүлэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нурбек, хүсэлт гаргагч Б.Д- /албадан эмчлүүлэгчийн эх/, орчуулагч А.Ахмерей нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Албадан эмчлүүлэгч Б.Б- нь сүүлийн 10-15 жилийн хугацаанд байнга хэвшмэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр орондоо хонохгүй олон хоногоор алга болдог.
1.2.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Б.Б-д холбогдуулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахад согтуурах, мансуурах донтой, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлт гарсан тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасныг удирдлага болгон Б.Б-ыг албадан эмчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан. Иймд шүүхээс хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
2.Хүсэлт гаргагч Б.Д-ын тайлбар:
2.1. Миний нөхөр нас бараад 25 жил болж байна. Б.Б- миний отгон хүүхэд. Тиймээс Б.Б- намайг асран тэтгэх үүрэгтэй. Нөхөр маань нас барснаас хойш хүүгээ өөрөө асран хамгаалж, дээд сургуульд суралцуулж, ажилд нь оруулаад өгсөн.
2.2. Гэтэл хүү маань байнга архи уудаг болж архины хамааралтай болсон. Б.Б- надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Би өөрийн тэтгэврээрээ болгож л байгаа. Хүү маань архи уухаа болиогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Үүнээс хойш хүү маань одоо хүртэл архи ууж, архины хамааралтай болсон. Б.Б- архи уугаад 10-20 жил болж байгаа. Би удахгүй эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Иймд Б.Б-ыг албадан эмчилгээнд явуулж өгөхийг хүсэж байна.
3. Албадан эмчлүүлэгч Б.Б-ы тайлбар:
3.1. Би гэр бүл болоод 15 жил болоод, дараа нь эхнэрээсээ салаад хүүхдүүдийнхээ тэтгэлгийг төлж байгаа. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж архи уучихдаг. Миний эрүүл мэндийн байдал тааруу учраас албадан эмчилгээг даахгүй байх гэж бодож байна. Эхлээд намайг архины сайн дурын эмчилгээнд хамруулж өгөхийг хүсэж байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00168 дугаар шийдвэрээр:
4.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б-ны Б-ыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж, албадан эмчлүүлж,
4.2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлж,
4.3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж,
4.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдлын агуулга:
5.1. Би тэгтлээ архинд гүнзгий орсон архичин биш. Хаяа найр, журам, найз нөхдийн хүрээнд бага зэрэг архи уусан үед эхнэр, ээж, ах дүүс маань элдвээр хавчин гадуурхаж, шашин, үндэсний зан заншил, ёс журам ярьж намайг ганцаардуулж, ад үздэг явдал гаргадаг бөгөөд үүнд нь би дургүйцэж заримдаа тэдэнтэй маргаж, өөрийгөө зөвтгөсөн үг хэлдэг юм. Гэтэл тэд намайг буруутгаад шууд цагдаад хэлж бариулдаг. Ингэснээр би гэр бүл, ойр төрөл садны хүрээлэл, мөн цагдаад муу нэртэй, муу данстай болж ад үзэгдсэн.
5.2. Түүнээс гадна архи уусан гэсэн хүнийг хууль хяналтын байгууллага үздэггүй болоод намайг торгож, баривчилсан.
5.3. Би дээд боловсролтой, зуум гэх байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж үр хүүхэд, гэр бүлээ тэжээж байдаг хүн.
5.4. Одоогоор эхнэр маань хүүхдүүдийг аваад төрхөмдөө явсан ч гэсэн би тэднийг эчнээ тэжээж байгаа бөгөөд гэрт хөгшин 87 настай өвчтэй ээжтэйгээ хамт байна.
5.5. Би цаашид архи уухгүй байж гадна. Ээжийгээ, гэр бүлээ тэжээж зөв ажиллаж чадна гэдгийг амлая. Баян Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00168 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.
6. Хүсэлт гаргагч Б.Д-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Болсон үйл явдлын талаар бүх зүйлийг хэлсэн байгаа. Хүүхэд маань архи уухаа болихгүй байгаа. Байнга худал ярьдаг. Би хэлсэн боловч ойлгохгүй байгаа. Ажил хийж цалин авдаг боловч цалингаараа архи уудаг. Албадан эмчилгээнд хамруулах үед тухайн ажил нь яах эсэх, цалин нь гарах эсэх, ажлаас нь чөлөөлөх эсэхийг сайн мэдэхгүй байгаа тул надад мэдээлэл өгөхийг хүсэж байна. Цагдаагийн албан хаагчаас 3-6 сарын албадан эмчилгээ хийлгэнэ гэж ярьж байна. Ямар үр дүн гарахыг нь мэдэхгүй байна. Ганцаараа амьдарч байгаа. Хүүхэд маань архи ууж ирээд маргааш архинаас гарна, дахиж уухгүй гэж хэлдэг боловч маргааш нь дахиад архи уудаг. Б.Б- өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх ёстой байсан боловч ирээгүй. Согтуу хүн ухаанаа мэдэхгүй үед надад гар хүрч эсвэл бусад хүнд гар хүрч магадгүй. Албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байх. Байнга гудамжны хүмүүстэй хамт архи уудаг. Гудамжны хүмүүсийг гэртээ дагуулж ирдэг. Энэ бүхэнд тэвчиж ирсэн боловч одоо тэвчиж чадахгүй юм байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
7. Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нурбекийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн байгууллагаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн этгээд нь өөрийн эрүүл мэнд болон орчны аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа. Ээжийнхээ болон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа. Архи ууснаас болж бусад нь намайг гадуурхдаг тэрнээс болж дургүйцдэг гэдэг асуудал нь ээжийгээ дарамтлах асуудлын шинж болж байгаа. Б.Б- нь албадан эмчилгээнд хамрагдаж байж эхэд нь аюулгүй болох ёстой. Эрүүл мэндийн байдал нь асуудалтай болсон. Олон жил архи уусан. Энэ нь Цагдаагийн байгууллагын албан бичгээр тогтоогдож байна. Б.Б-ыг архинд донтох өвчтэй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоож өгсөн боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь “өөрийгөө аюулгүй орчинд эрүүл байя гэдэг ухамсаргүй” болсны шинж. Б.Б-ы давж заалдах үндэслэлгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх захиргааны журмаар албадан эмчлүүлэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
9. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар тус аймаг дахь Цагдаагийн газар нь “Б.Б-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх” тухай хүсэлтийг харьяаллын дагуу тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэй бөгөөд албадан эмчлүүлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, захиргааны журмаар албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагч тус аймаг дахь Цагдаагийн газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Б.Б-д холбогдуулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахад согтуурах, мансуурах донтой, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлт гарсан тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасныг удирдлага болгон Б.Б-ыг албадан эмчлүүлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.
12. Анхан шатны шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Б.Б-ыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж, албадан эмчлүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гүйцэтгүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасныг тус тус баримтлан албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийх бөгөөд албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
13. Албадан эмчлүүлэгч Б.Б-аас “Би тэгтлээ архинд гүнзгий орсон архичин биш. Хаяа найр, журмын найз нөхдийн хүрээнд бага зэрэг архи уусан үед эхнэр, ээж, ах дүүс маань элдвээр хавчин гадуурхаж, шашин, үндэсний зан заншил, ёс журам ярьж намайг ганцаардуулж, ад үздэг явдал гаргадаг бөгөөд үүнд нь би дургүйцэж заримдаа тэдэнтэй маргаж, өөрийгөө зөвтгөсөн үг хэлдэг юм. Гэтэл тэд намайг буруутгаад шууд цагдаад хэлж бариулдаг. Ингэснээр би гэр бүл, ойр төрөл садны хүрээлэл, мөн цагдаад муу нэртэй, муу данстай болж ад үзэгдсэн. Түүнээс гадна архи уусан гэсэн хүнийг хууль хяналтын байгууллага үздэггүй болоод намайг торгож, баривчилсан. Би дээд боловсролтой, зуум гэх байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж үр хүүхэд, гэр бүлээ тэжээж байдаг хүн. Одоогоор эхнэр маань хүүхдүүдийг аваад төрхөмдөө явсан ч гэсэн би тэднийг эчнээ тэжээж байгаа бөгөөд гэрт хөгшин 87 настай өвчтэй ээжтэйгээ хамт байна. Би цаашид архи уухгүй байж гадна. Ээжийгээ, гэр бүлээ тэжээж зөв ажиллаж чадна гэдгийг амлая..” гэж давж заалдах гомдол гаргажээ.
14. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж хуульчилсан бөгөөд албадан эмчлүүлэгч Б.Б- нь **** онд төрсөн, ** настай, **** ээжийн хамт оршин суудаг ба архи согтууруулах ундааны хамааралтай, хэвшмэл архи, согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь холбогдогчийн өөрийнх нь болон ээж Б.Д-ын мэдүүлэг, эхнэр С.Г-ны мэдүүлэг, гэрч Ч.Ү-ын /байгууллагын дарга/ мэдүүлэг /хэргийн 31-39 дэх тал/, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангаас гарсан албадан эмчлүүлэгч Б.Б-ы бүртгэл /хэргийн 6-12 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт /хэргийн 14-20 дахь тал/, бусад оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хэргийн 56-59 дэх тал/, сахилгын шийтгэл оногдуулах тухай Баян-Өлгий аймаг дахь Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/22 дугаар тушаал /хэргийн 23 дахь тал/ зэргээр тогтоогджээ.
15. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/000168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан албадан эмчлүүлэгч Б.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, албадан эмчлүүлэгч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ