Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 769

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/00769

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................П.А ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............С.П/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Алтантунгалаг, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Пүрэвдоржтой 2007 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2008 онд миний бие Солонгос улсад ажиллаж байгаад 2009 онд ирээд Пүрэвдоржтой хамтран амьдарах хугацаанд 2010 оны 5 дугаар сарын 7-нд охин Анударийг төрүүлсэн. 3 сар гаран л хамт амьдарсан. Одоо С.Пүрэвдорж нь өөр хүнтэй сууж, 2 хүүхэдтэй болж мал маллан амьдардаг гэсэн. Бидний зан харьцаа таарч тохирохгүй учраас 2011 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан. Иймд гэрлэлтийн баталгааг цуцлуулж, охин Анударьд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Пүрэвдорж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Улмаар шинжилгээний хариу гарсны дараа уг хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж надад хэлсэн. Зохигчдын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамж, тэтгэлгийн хувьд нэгэнт шинжээчийн дүгнэлт 99,99 хувийн магадлалаар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5095 тоот дүгнэлт гарсан учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг хуулийн дагуу хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Алтантунгалаг нь С.Пүрэвдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр охин П.Анударийг төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгаа /хх 5/, хүүхдийнтөрсний гэрчилгээний хуулбар /хх 6/ зэргээр нотлогдож байна.

С.П нь П.Анударийн биологийн эцэг байх магадлал нь 99.99 хувийн магадлалтай болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5095 шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх 64-65/

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2010 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

С.П нь нэхэмжлэлийг гардан аваад, 14 хоногийн дотор хариу тайлбар өгөөгүй, мөн түүнчлэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба өөрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон нь Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаж байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. /хх 62/

Охин П.Анударь 6 настай, зохигч асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан үзэж, түүнийг эх П.А-н асрамжинд үлдээж, эцэг П.П-р хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 14430 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Элжигин овогт П.А,  С.П нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин П-н Анударийг эх П.А-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан П.Анударийг 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрсар бүр эцэг С.П-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг С.П-, эх П.А- нарт үүрэг болгосугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийгулсын орлогод үлдээж, нэхэмжлэгч П.-н улсын тэмдэгтийн хураамжид Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд илүү төлсөн 14430 төгрөгийг, мөн хариуцагч С.П-с 70.200 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч П.А-т олгож, С.П- тооцон 28209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч С.П- шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнчимэгт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ