Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00032

 

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00138 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга Б.Г/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** багт оршин суух Х овогт М-ны Г-ад холбогдох,

 

“Нийгмийн халамжийн сангаас хууль бусаар авсан 5,922,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, хариуцагч М.Г-, орчуулагч Т.Хуаныш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Баян-Өлгий аймгийн Г- сумын 3 дугаар багийн иргэн М.Г- хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2. М.Г-тай уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч хууль бус авсан 5,922,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул шүүхэд хандсан.

1.3. М.Г-тай холбоотой асуудлаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан боловч М.Г- нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас зайлсхийж гарын үсэг зурахаас татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан юм.

1.4. Иймд хариуцагч М.Г-аас нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 төгрөг гаргуулж өгнө үү. 

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/00138 дугаар шийдвэрээр:  

2.1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х овогт М-ны Г-аас Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 5,922,000 /таван сая есөн зуун хорин хоёр мянган/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгож,

2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 109,702 /нэг зуун есөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

3. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. М.Г- би 2011 оноос эхлэн тархи мэдрэл болон сэтгэц-неврозын гэсэн оношоор өвдөн зовуурилж өнөөдөр хүртэл эмчлүүлж, эмч нарын хяналтад байж хөдөлмөрийн чадвар алдалт 60% хувьтай байна” гэсэн жил жилийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр өвчний тэтгэвэр тэтгэмж авч байсан. Би хэн нэгний ашиг сонирхлын улмаас зохиомол болон хуурамч, эсвэл хууль зөрчиж өвчний тэтгэлэг авч байгаагүй.

3.2. Тодруулбал, Би өвчтэй бөгөөд эмч нар өөрсдөө үзэж намайг комиссын бүрэлдэхүүнээр зөвлөлдөн дүгнэлт гаргаж өвчний групп, тэтгэлэг тогтоож өгсөн. Хэрэв хууль зөрчиж тэтгэлэг тогтоосон бол цагдаа, авлигын байгууллагаар тогтоолгох ёстой. Би ямар ч эмч, мэргэжилтнүүдийг танихгүй. Хэнд ч ямар ч байдлаар нөлөөлөөгүй болохоор надыг буруутгах үндэслэл байхгүй.

3.3. Миний буруугүй тухай үндэслэл: Эмнэлэг магадлалын комиссын, “Өвчтэй нь үнэн. Хөдөлмөрийн чадвар төдөн хувь алдсан” гэсэн дүгнэлтээр би уг тэтгэвэр мөнгийг халамжийн сангаас авч байсан юм. Халамжийн тэтгэврийг хууль бусаар авсан бол, хулгай хийсэн бол, баримт бичгийг зассан, хуурамч үйлдсэн бол, эсвэл хэн нэгэнтэй хамтарч энэ үйлдлийг хийсэн бол намайг гэмт хэрэг үйлджээ гэж харьяаллаар нь Прокурор, Цагдаагийн байгууллагад өгөх байсан юм.

3.4. Эсвэл тус халамж үйлчилгээний байгууллагын хэн нэгэн ажилтан нь надад хууль, журам зөрчиж байгаад тэтгэвэр тогтоож, эсвэл тогтоолгуулж өгч байсан бол энэ байдлыг байгууллага дотроо дотоод хяналт шалгалт хийгээд, тэр хууль зөрчсөн, улсын мөнгийг энд тэнд хүмүүст хууль бус үйлдлээр тараасан этгээдийг ирүүлээд албан тушаалаа буруугаар ашигласан тэр хүнийг Прокурор, Цагдаа, Авлигатай тэмцэх газарт харьяаллаар нь шилжүүлж шалгуулаад тэр этгээдээр хохирол төлүүлэх, хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна.

3.5. Би  сурч боловсрол олоогүй хөдөөгийн малчин хүн бөгөөд эмчлүүлэх зорилгоор Өлгийд түр ирээд байгаа билээ. Миний өвчнийг тодруулж эмч нар “Та халамжийн мөнгө авах ёстой хүн байна” гэж тэтгэвэр тогтоож өгсөн. Миний өвчний түүх, карт байна. Түүнээс гадна тэтгэврийн дэвтэр ч байгаа. Миний тэтгэврийн дэвтэрт тэтгэврийн мөнгө дансаар орж ирсэн болохоор урьд өмнө энэ тэтгэврийн дэвтрээр тэтгэврийн мөнгө орж ирж, би авч байсан бөгөөд энэ тэр журмаар орж ирлээ гэж итгээд мөн, мөнгийг авах эрхтэй гэж авсан. Би авах ёстой мөнгөө  л авсан. Өвчтэй минь үнэн гэж анхан шатны шүүхэд ч  тайлбарласан ба одоо ч энэ байр суурь дээр байна.

3.6. Албан тушаалтан нь андуурч мөнгө өгнө гэж байхгүй. Тухайн мөнгө нь надад олгогдох ёстой мөнгө болоод дансанд минь шилжиж орсон болохоор би буруугүй тул төлөхгүй.

3.7. Иймд хариуцагч нь буруутай этгээдээр энэ мөнгөө гаргуулж авна биз. Би хариуцагч биш. Албан тушаалтан хэн нэг нь буруутай бол тэр хүн төлнө биз гэж үзэж байна. Би авах ёстой мөнгө, тэтгэврээ авсан тул нэхэмжилсэн 5.922.000 төгрөгийг төлөхгүй.

3.8. Хэрэв буруутай албан тушаалтан этгээд нь илэрч тэр хариуцагч болж, дээрх мөнгийг төлбөл дараа нь надаас мөнгөө тэр хүн нэхэмжлэх эрхтэй байх гэж бодож байна. Баян Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан 2024 оны 138 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

 

ХЯНАВАЛ:

 

            4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Г-ын давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

6. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай актаар Баян-Өлгий аймгийн Г- сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж, уг актын хавсралтад заасан нэр бүхий этгээдээр нөхөн төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгохоор тогтоосны дагуу Хөдөлмөр, халамжийн газраас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

 

7. Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагч  М.Г-ад 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг танилцуулж, мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /хавтаст хэргийн 8-12 дахь тал/  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

  Хариуцагч М.Г- нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байх тул анхан шатны шүүхээс хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            9. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай актаар Баян-Өлгий аймгийн Г- сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж, уг актын хавсралтад заасан нэр бүхий иргэдээр нөхөн төлүүлж улсын төсвийг хохиролгүй болгохоор тогтоосон байх ба уг актын нэгдүгээр хавсралтын 1 дүгээрт “РД:**********, М.Г-, акт тогтоох дүн 5,922,000 төгрөг” гэж тусгасан байна.

Дээрх актын дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга А.Павел, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Досжан, С.Еркеш, Халамжийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Отгонцэцэг нар хариуцагч М.Г-тай биечлэн уулзаж халамжийн тэтгэвэрт 5,922,000 төгрөг авсан зөрчил илэрч нөхөн төлүүлэхээр акт тогтоосон талаар сонсох ажиллагаа явуулсан байх ба хариуцагчаас уг мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр тогтоогдсон.

 

10. Хариуцагч М.Г- нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “М.Г- би 2011 оноос эхлэн тархи мэдрэл болон сэтгэц-неврозын гэсэн оношоор өвдөн зовуурилж өнөөдөр хүртэл эмчлүүлж, эмч нарын хяналтад байж хөдөлмөрийн чадвар алдалт 60% хувьтай байна гэсэн жил жилийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр өвчний тэтгэвэр тэтгэмж авч байсан. Миний өвчнийг тодруулж эмч нар “Та халамжийн мөнгө авах ёстой хүн байна” гэж тэтгэвэр тогтоож өгсөн. Миний өвчний түүх, карт байна. Миний тэтгэврийн дэвтэрт тэтгэврийн мөнгө дансаар орж ирсэн болохоор урьд өмнө энэ тэтгэврийн дэвтрээр тэтгэврийн мөнгө орж ирж, би авч байсан бөгөөд энэ тэр журмаар орж ирлээ гэж итгээд мөн, мөнгийг авах эрхтэй гэж авсан. Би авах ёстой мөнгөө  л авсан. ...Би авах ёстой мөнгө, тэтгэврээ авсан тул нэхэмжилсэн 5.922.000 төгрөгийг төлөхгүй....Баян Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан 2024 оны 138 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэвч хариуцагчаас гомдолд дурдсан үндэслэлээ нотлох баримтыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргаж өгөөгүй, түүний тайлбар бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

11. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3 дахь хэсэгт Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр олгоно гэж заажээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М.Г- нь хөдөлмөрийн чадвар алдалтын актгүй, нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад 2020-2021 онд 5.922.000 төгрөгийн халамжийн тэтгэврийг үндэслэлгүйгээр авсан  болох нь тогтоогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

12. Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсооно” гэж, мөн хуулийн 30.2-д “Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно” гэж, 30.5-д “Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч М.Г- нь хууль ёсоор нийгмийн халамжийн тэтгэвэр авагч биш, тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр авсан, эсвэл хууль ёсны тэтгэвэр авагч байгаад Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас халамжийн тэтгэврийг илүү авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс маргааны үйл баримтад Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь хууль ёсны зарчимд нийцсэн байна. Харин хариуцагч М.Г- нь нийгмийн халамжийн тэтгэврийг хуулийн дагуу авч байсныг нотлох баримтаар нотлоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын актгүйгээр нийгмийн халамжийн тэтгэвэр авч байснаа мэдэж байсан, тэтгэвэр авсан хугацаанд хамаарах хөдөлмөрийн чадвар алдалтын актыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2024/000138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Г-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ