Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Хасбаатар гудамж, 5Б байр, 52 тоотод оршин суух, Насан овогт Түгжийн Нямаа /РД:ЧИ55050466/-гийн хүсэлттэй,

Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Нямаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нартай түрээсийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 5/1 тоот байрлах 380 м.кв талбайгаас 300 м.кв талбайг түрээслүүлсэн. Ингээд түрээслэгч нар нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул түрээсийн гэрээний төлбөрт 16.770.000 төгрөгийг  шаардаж, түүний иргэний үнэмлэхний хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Нямаа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Нямаа  нь “Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нартай байгуулсан түрээсийн гэрээний дагуу тэднээс түрээсийн төлбөрт  16,770,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэхэд оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд  Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нарын оршин суугаа газрыг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Т.Нямаа, Б.Отгонжаргал нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ, бусад бичгийн баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 3,4,11 дүгээр тал/. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч Т.Нямаа нь Б.Отгонжаргалын иргэний үнэмлэхний хаяг болох “Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 44-45 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2016/19251 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Отгонжаргал, Ш.Рэгзэдмаа  нарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Т.Нямаагийн “Шарнууд овогтой Базарсадын Отгонжаргал /РД:ШЕ74020115/, Ш.Рэгзэдмаа /РД:ЧО78021009/ нарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь эрэн сурвалжлагдах этгээдийг олж тогтоож болох эх сурвалжийг дурдахдаа: Б.Отгонжаргалын утасны дугаар 99009345, 96689345, Ш.Рэгзэдмаагийн утасны дугаар 99690925, 99019096 гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т.Нямаагийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шарнууд овогтой Базарсадын Отгонжаргал /РД:ШЕ74020115/, Ш.Рэгзэдмаа /РД:ЧО78021009/ нарыг эрэн сурвалжилсугай.

             2. “Шарнууд овогтой Базарсадын Отгонжаргал /РД:ШЕ74020115/, Ш.Рэгзэдмаа /РД:ЧО78021009/  нарыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА