| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0839/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Намсрайн Саруултуяад холбогдох эрүүгийн 1809044561036 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хоро, Төмрийн худалдаа нийтийн байрны 17 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаан хуарангийн 1 гудамж 14а тоот/, урьд
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 394 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар тус бүрт ял шийтгүүлж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Централ таур" оффисын 3 дугаар давхрын менежерийн өрөөнөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Уранболорын “АйФоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809044561036 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” таурын 3 давхарт өөртөө үйлчилдэг дэлгүүр байсан ба энд юу байдаг юм бол гээд орсон чинь хүнсний бүтээгдэхүүнтэй газар байсан ба бараагаа өрсөн байсан. Тэгсэн цаад талын хаалганаас намхан бор өнгийн хүүхэн өөрийн өрөө рүүгээ ороод буцаж гараад үүдэнд лангуун дээр юм хийгээд байж байхаар нь би өрөө рүү орсон. Жижиг ширээн дээр хоёр утас байсан ба маркийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр утасны том хэмжээтэйг нь хулгайлаад гарсан. Тэгээд би тэр гар утсаа Монтел дээр очоод Төөгий гэх залууд өгсөн чинь надад 10.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр жижиг шилтэй архи авч уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 31-33, 94-95 дугаар хуудас/,
Хохирогч Б.Уранболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... “Централ” таурын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Централ экспресс” дэлгүүрийн борлуулалтын ажилтнаар ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 58 минутанд ажил дээрээ ирсэн ба 15 цаг 50 минутанд касс хүлээлцэх хооронд тус дэлгүүрийн менежерүүдийн өрөөний ширээн дээр байсан шаргал өнгийн “Айфоне 6 плас” маркийн гар утас хулгайлагдсан байсан. Дэлгүүрийн дотор ертөнцийн зүгээр зүүн хойд талд манай өрөөний хаалга байрладаг. Мөн манайх өрөөний хаалган дээрээ зөвхөн ажилчид орно гэсэн бичиг нааж байрлуулсан байсан. Яагаад гэвэл менежерийн өрөө нь агуулахын бараатай хамт нэг өрөөнд байдаг. Тухайн хүн манай менежерийн өрөөнд ээлж солигдох үеэр хүнгүй болох үед орсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 88 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “......15:53:48 гэсэн цаг хугацаанд дүрс бичлэгт 175-180 см орчим өндөртэй, улаан өнгийн мэт саравчтай малгай өмссөн хар өнгийн костюм өмссөн, ногоон өнгийн захтай цамц мэт зүйл өмссөн 45-50 орчим настай хүн орж ирээд ширээн дээрээс эд зүйл аваад хар өнгийн костюмны зүүн талын халаасанд хийж байгаа мэт үйлдэл хийгээд буцаад дүрс бичлэгийн зүүн тийш гарч байгаа харагдаж байна...” /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone 6 plus маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Н.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-48 дугаар хуудас/ хохирогчийн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Централ таур" оффисын 3 дугаар давхрын менежерийн өрөөнд нэвтэрч иргэн Б.Уранболорын эзэмшлийн “Ай Фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Н.Сгийн “...би өрөө рүү орсон. Жижиг ширээн дээр хоёр утас байсан ба маркийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр утасны том хэмжээтэйг нь хулгайлаад гарсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Уранболорын “...менежерүүдийн өрөөний ширээн дээр байсан шаргал өнгийн “Айфоне 6 плас” маркийн гар утас хулгайлагдсан байсан. Манайх өрөөний хаалган дээрээ “зөвхөн ажилчид орно” гэсэн бичиг нааж байрлуулсан байсан. Тухайн хүн манай менежерийн өрөөнд ээлж солигдох үеэр хүнгүй болох үед орсон байсан...” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно” ХХК-ийн хөрөнгийн тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь менежерүүдийн өрөө рүү сэм орж хохирогч Б.Уранболорын гар утсыг авсан үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон эд хөрөнгөө өөрийн өрөөнөөсөө алдсан талаар тодорхой мэдүүлсэн, хяналтын камерын бичлэгээр тэрээр өрөөнд орж буй нөхцөл байдал бичигдсэнийг бэхжүүлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Сгын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...харуул хамгаалалттай байр биш, хэргийн газрын үзлэг, зураг авагдаагүй, хаалга нь нээлттэй байсан учир тусгайлан хамгаалсан байр гэж үзэхгүй учир хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл бараа агуулах бүхий менежерүүдийн өрөөнд тухайн ажилчидаас өөр бусад этгээд нэвтрэх эрхгүй төдийгүй тухайн өрөөг тусгайлан хамгаалаагүй, өрөөний хаалга нээлттэй байсан ч Н.С орох эрхгүй хэрнээ бусдаас нууц далдаар, тухайн өрөөнд сэм орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь түүнийг хууль бусаар байр, агуулахад нэвтэрсэн гэсэн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүх шүүгдэгч Н.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Уранболороос “...Гар утасны хохирлын мөнгө болох 408.000 төгрөгийг хүлээж авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 56 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Н.С нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, түүнийг арилгасан байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгч Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 134 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Сг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Сд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сгын цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН