| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/01042/И |
| Дугаар | 212/МА2024/00034 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 212/МА2024/00034
Ш.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00114 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б- сумын *****газарт оршин суух Ж овогт Ш-ын Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б)-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар бага ангийн сургалт хариуцсан менежерээр томилогдсон бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулж байгаагүй.
1.2. Гэтэл Баян-Өлгий аймгийн Б- сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал А.Е нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлж, бага ангийн багшаар томилон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Миний бие сургуулийн захиргаанаас яагаад миний ажлыг өөрчилсөн шалтгааныг асуухад “Боловсрол, шинжлэх ухааны газраас ажлын хэсэг ажиллаж бага ангийн сургалт хариуцсан менежерийг солих хэрэгтэй, иймээс ажилдаа хайнга хандан удаа дараа зөрчил гаргасан таныг өөр ажилд шилжүүлэх болсон” гэсэн агуулгатай тайлбар өгсөн.
1.3. Угтаа бол миний бие зөрчил гаргаж байгаагүй, Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 тоот албан бичгийн хавсралт ажлын хэсгийн зөвлөмжтэй танилцаж үзэхэд бага ангийн сургалт хариуцсан менежер болон бага ангийн багш нарыг хооронд нь солихоор чиглэл болгосон, эсхүл үүрэг болгосон, эсхүл шаардсан зүйл огт байхгүй байна. Түүнчлэн, маргаан бүхий тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн агуулгаас үзвэл сахилгын шийтгэл оногдуулах тухай зохицуулалт байна. Үүнээс үзвэл тушаал хууль бус болох нь харагдаж байна.
1.4. Миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргатал тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/Ш32023/03036 дугаар захирамжаар шүүхэд гомдол гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гэтэл тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
1.5. Иймд Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын байрыг өөрчлөх тухай Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ш.Х- одоо мэргэжлийн дагуу багшилж байгаа ба сургалтын менежерээр ажиллаж байх үедээ ажлын хариуцлага алдсан тул үргэлжлүүлэн томилох боломжгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзал:
3.1. Миний бие тус сургуульд 1995 оноос эхлэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаад сургуулийн захирал тушаал гарган намайг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд томилсон ба одоо тус сургуульд бага ангийн сургалт хариуцсан менежерээр 4 дэх сардаа ажиллаж байна.
3.2.Урьд нь тухайн албан ажлыг эрхэлж байсан Ш.Х- нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, удаа дараа зөрчил гаргасан тул Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай албан бичгийг үндэслэн албан тушаал бууруулсан болно. Ер нь Ш.Х- нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажлыг эрхэлж байхдаа эрхэлсэн ажилдаа хайнга ханддаг, удаа дараа зөрчил гаргаж байсан байдал нь хамгийн сүүлд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 тоотоор тус сургуулийн захиралд ирүүлсэн зөвлөмжид дэлгэрэнгүй дурдагдсан гэдгийг тэмдэглэн хэлж байна.
3.3. Түүнчлэн Ш.Х- нь 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангийн А бүлэгт элсэн орсон Н.И нь одоо тус сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа боловч боловсролын системд бүртгээгүй зөрчил гаргасан юм.
3.4. Иймд ажил олгогчоос Ш.Х-д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад зааснаар авсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зөрчөөгүй эрхийн акт тул нэхэмжлэгч Ш.Х-ын ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00114 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Х-ын гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Х-ыг тус сургуулийн бага ангийн сургалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Ш.Х-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь тус сургуульд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан Ш.Х- нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-н өдрийн 414 албан бичгээр хүргүүлсэн зөвлөмжийн дагуу тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал уг зөвлөмжид "...Сургуулийн удирдах ажилтнуудын бичиг баримтын бүрдэлт хангалтгүй, ямар ч төлөвлөгөөгүй, бичиг баримт дутуу. Сургалтын менежерүүдэд сургалтын чанарт хийсэн анализ, дүн шинжилгээ байхгүй, багш нарын хичээлд сууж хөтөлсөн тэмдэглэлгүй, багш ажилтнуудын ажилд хандах хандлага суларсан нь хүүхдийн сурах хөгжих төлөвших үйл ажиллагаа алдагдаж, хүүхдийг сурч боловсрох эрх нь зөрчигдөхөд хүргэсэн байна. Багш нар ээлжит хичээлийн бэлтгэлгүй, ажилдаа сэтгэлгүй байгаа нь хичээлд сууж ээлжит хичээлийн бэлтгэлтэй танилцахад харагдаж байна. Ээлжит хичээлийн төлөвлөлтгүй багш нарыг хичээлд оруулж хяналт тавихгүй байгаа нь сургалтын менежерүүд ажлаа хийхгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна...” гэжээ
4.2. Гэтэл анхан шатны шүүх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг илт үгүйсгэн нэхэмжлэгч Ш.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.
4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130\ШШ2024\00114 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ш.Х-ын “Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Ажлын байрыг өөрчлөх тухай” Б\63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасан. Нэхэмжлэгч Ш.Х- нь гэмт хэрэгт цээрлэгдэж холбогдох хэрэг нь шалгагдаж байгаа нь үнэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажил олгогчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/63 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах ёстой. Ш.Х-ыг удаа дараа зөрчил гаргасан, ажилдаа хайнга хандсан гэж тушаалдаа дурдаж хариу тайлбар ирүүлсэн боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ:
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
7. Нэхэмжлэгч Ш.Х- нь Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын байрыг өөрчлөх тухай” Б/63 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдол гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал А.Е нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1,2,3,4,5,6 дугаар хавсралт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дүгээр албан бичгийг эш үндэс болгож, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн сургалт хариуцсан менежер Ш.Х- нь ажилдаа хайнга хандсан, удаа, дараа зөрчил гаргасан тул түүнийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн бага ангийн багшаар томилжээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт ажилтныг сахилгын зөрчил гаргасанд тооцохын тулд ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон байх шаардлагатай.
Гэтэл ажил олгогчоос “...бага ангийн багш Ш.Х- одоо мэргэжлийн дагуу багшилж байгаа ба сургалтын менежерээр ажиллаж байх үедээ ажлын хариуцлага алдсан тул үргэлжлүүлэн томилох боломжгүй” гэж татгалзлаа тайлбарладаг боловч хариуцагчийн тайлбарт дурдагдсан, нэхэмжлэгч Ш.Х-ын “ажлын хариуцлага алдсан”, албан тушаал бууруулах тушаалдаа дурдсан “ажилдаа хайнга ханддаг, удаа, дараа зөрчил гаргасан” гэх үйлдэл, эс үйлдэхүйг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод сахилгын зөрчилд тооцохоор заасан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Ш.Х- нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Ш.Х-д холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчилсөн тушаалын үндэслэл тус бүртэй холбоотой баримтыг ажил олгогч шүүхэд гаргаж өгөөгүй, тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй.
11. Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар буюу түүний сахилгын зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдох шаардлагатай. Б- сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е-ий нэхэмжлэгч Ш.Х-ыг албан тушаал бууруулж, тус сургуулийн бага ангийн багшаар ажлын байрыг нь өөрчлөн томилохдоо үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 албан бичиг, сургуульд ажилласан ажлын хэсгийн зөвлөмж нь нэхэмжлэгч Ш.Х-ын сахилгын зөрчил гаргасныг болон “ажилдаа хайнга ханддаг, удаа, дараа зөрчил гаргасан” зэрэг үйл баримтыг хангалттай тогтоохгүй. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь бага ангийн сургалтын менежер Ш.Х-ыг сахилгын зөрчил гаргасныг нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.
Иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ заасан байх тул энэхүү журмыг хэрэгжүүлээгүй байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
12. Хуульд заасан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2024/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК