Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Г.Ганбагана,

хохирогч Д.Гомбосүрэн,

шүүгдэгч Ц.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сд холбогдох эрүүгийн 1909000550043 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, найз охин, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 71а байрны 116 тоотод оршин суух, “Эко сор хүнс” ХХК-нд борлуулагчаар ажилладаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүнсний-50 урд хэсэгт байрлах таксины буудал дээр иргэн Д.Гомбосүрэнг цохилоо гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Гомбосүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын шинэ жилээ тэмдэглээд харих гээд такси барих гэж явахдаа зодуулсан. Согтуу байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Цагдаад дуудлага өгөөд бариулсан. Нийт 6.320.000 төгрөг нэхэмжилж байна. 320.000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлсөн. Одоо 6.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909000550043 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Ц.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед найз Мөнх-Очирын хамт Мөнгөн завъяагийн урд байдаг таксины буудал дээр найзынхаа машин дотор сууж байтал танихгүй залуу ирээд машины хаалгыг онгойлгоод миний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад араас нь очоод намайг цохисон ахын нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд газар уначихсан байхад нь дээрээс нь нэг удаа цохисон. Би яг хаана нь цохисноо санахгүй байна. Тэгээд Мөнх-Очир намайг хойш нь татаад хохирогч залууг босгоод сандал дээр суулгасан. Хохирогч ахыг шүлсээ хаяахад нь амнаас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гомбосүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос элчингийн орчим такси барих гэж байгаад үл таних 2 залууд зодуулсан. Би тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна. Тухайн өдөр манай компаний шинэ жилийн баяр 25 дугаар эмийн санд болоод такси олдохгүй харих гээд алхаж явж байсан юм. Ямар 2 хүн зодсон талаар хэлж мэдэхгүй байна. Миний нүүр хавдаж хөхөрсөн, уруул язарсан, үүдэн 2 шүд хугарсан байдалтай байна. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

            Гэрч О.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Саранцогттой Мөнгөнзавъяагийн эсрэг талын таксины зогсоол дээр зогсож байхад нэг танихгүй ах ирээд жолоочийн урд сууж байсан Саранцогтын хаалгыг онгойлгоод Саранцогтын шанаа хэсэгт нэг удаа цохичихоод зугтаасан. Тэгсэн чинь Саранцогт араас нь гүйж очоод тэр ахыг цохиод газарт унагаасан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод Саранцогтыг салгасан. Тэгээд байж байтал хажуугаар явж байсан танихгүй хоёр залуу ирээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №663 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Гомбосүрэнгийн биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, дээд уруулын язарсан шарх, баруун дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд 3,4-р шүдний сулрал, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч О.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Ж.Номунзаяагийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “хүнсний-50” дэлгүүрийн урд хэсэгт байрлах таксины буудал дээр иргэн Д.Гомбосүрэнг “өөрийг нь цохилоо” гэх шалтгаанаар биед нь хүч хэрэглэн зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын цус хуралт, дээд уруулын язарсан шарх, баруун дээд 1-р шүдний хугарал, 2-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, баруун дээд 3,4-р шүдний сулрал, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Гомбосүрэнгийн мэдүүлэг, гэрч О.Мөнх-Очирийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №663 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогч Д.Гомбосүрэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдэл, хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Сын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогчоос 6.320.000 төгрөг нэхэмжилснээс 320.000 төгрөгийн эм тариа, эмчилгээний бодит гарсан зардлыг шүүгдэгчээс төлсөн байх ба харин цаашид гарах гэм хорын хохирлын талаар “Басхүү Имплант” шүдний эмнэлгийн гаргасан тодорхойлолтод 12-р шүдэнд имплант суулгах, 11-р шүдний сувгийн эмчилгээ гэж тусгагдсан байхад шинжээчийн дүгнэлтэд “...1-р шүдний хугарал, 2-р шүдний булгарал, ...3, 4-р шүдний сулрал...” гэж тусгагдсанаас зөрүүтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрэн, тодорхой бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Сод гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Хохирогч Д.Гомбосүрэнгээс цаашид гарах гэм хорын хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН