| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/01160/И |
| Дугаар | 212/МА2024/00036 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 212/МА2024/00036
С.С-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *****оршин суух Б овогт Си-ны С-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ****** багт оршин суух С овогт Т-н А-д холбогдох,
“Худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч С.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Хариуцагч Т.А- нь 2022 оны 7 дугаар сард миний барилгын материал зардаг хашаанд ирээд Алтай суманд байшин барьж байгаа, та надад модон материалыг зээлээр өгөх үү гэхээр нь би зөвшөөрөөд эхний удаа нэг бүрийг 10,000 төгрөгөөр үнэлээд 100 ширхэг банз, нэг бүрийг 26,000 төгрөгөөр үнэлээд 12 шуудай цемент, нэг бүрийг 170,000 төгрөгөөр үнэлээд 2 боодол хөөс зэрэг барилгын материалуудыг зээлээр худалдаж аваад явсан.
1.2. Хоёр дахь удаа 5 сантиметрийн банз 100 ширхэг нэг бүрийн үнэ 20,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөг, 3 сантиметрийн банз 400 ширхэг нэг бүрийн үнэ 10,000 төгрөгөөр нийт 4,000,000 төгрөг, цемент 40 шуудай нэг бүрийн 26,000 төгрөгөөр нийт 1,040,000 төгрөг буюу нийт 7,040,000 төгрөгийн барилгын материал зээлээр авсан.
1.3. Гурав дахь удаад 15х15 хэмжээний балк 150 ширхэг нэг бүрийн үнэ 50,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөг, түлээ мод 200 шуудай нэг бүрийн үнэ 6,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөг буюу 8,700,000 төгрөгийн барилгын материал тус тус зээлээр худалдаж авсан.
1.4. Т.А- тухайн үед 2 дахь удаад нь авсан 7,040,000 төгрөгийн барилгын материалын тооцоог 2022 оны 9 дүгээр сарын 20-ны үед, 3 дахь удаад нь авсан 8,700,000 төгрөгийн тооцоог 2022 оны 11 дүгээр сард хийнэ, харин эхний удаа авсан барилгын материалын тооцоог байж байгаад хийнэ, учир нь охиноо мордуулах гэж байна гэж хэлсэн.
1.5. Үүнээс хойш би Т.А-аас тооцоогоо хийхийг шаардаад хэд хэдэн удаа утсаар залгаж байсан боловч тэрээр утсаа аваагүй. Нэг удаа утсаа авахад Ховд аймгаас ирж явах замдаа зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Т.А- одоо хүртэл зээлээр авсан барилгын материалын үнийг төлж өгөөгүй. Миний бие энэхүү бараануудыг Т.А-ад өөрөө биечлэн байж хүлээлгэж өгөөд, 2 дахь удаа ирж барилгын материал авахдаа зээлийн дэвтэртээ өмнөх тооцооны хамт Т.А-аар гарын үсэг зуруулаад авсан. Ямар нэгэн байдлаар дутуу ачсан тохиолдол байхгүй.
1.6. Иймд хариуцагч Т.А-аас зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ нийт 17,392,000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх үндэслэл: Хариуцагч Т.А- миний бие Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд өвлийн байшин барихад зориулан нэхэмжлэгч С.С- гэх хүнээс барилгын модон материал болон цементийг тухай үед буюу 2022 оны 8 дугаар сард зээлээр худалдан авсан бөгөөд одоо хүртэл тооцоо дуусаагүй байгаа.
2.2. Хариуцагч Т.А- миний бие нэхэмжлэгч С.С- гэх хүнээс барилгын модон материал, цемент зэрэг нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг хоёр үйлдлээр зээлээр худалдан авч, хоёр удаа Өлгий сумын иргэн К жолоочийн эзэмшигчийн “Портер" загварын 1.5 тонн даацтай ачаа тээврийн хэрэгслээр Өлгий сумаас Алтай суманд ачиж хүргэсэн.
2.3. Нэхэмжлэгч С.С- нь нэхэмжлэлд зарим төрлийн барилгын модон материалыг тоо ширхгийн хувьд илүү бичиж, илүү нэхэмжилсэн байна. Тухайлбал, Нэг бүр нь 10,000 /арван мянга/ төгрөгийн үнэтэй 3-ын банзнаас эхний удаа 100 ширхэг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр авсан. Хоёр дахь удаад 400 ширхэг буюу нэг бүр 10.000 /арван мянга/ төгрөг буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр авах гэтэл жолооч машины даац хэтэрсэн тул 300 ширхэг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгт дүйцэх банз авч ачуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч С.С- нь 3-ын банзнаас 100 ширхгийн үнэ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг илүү нэхэмжилсэн байна. Мөн нэхэмжлэгч С.С- нь нэхэмжлэлдээ 15*15-ын балк 150 ширхэг, нэг бүрийн үнэ нь 50.000 /тавин мянга/ төгрөгөөр үнэлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл жолооч К- нь 150 ширхэг балк ачих боломжгүй, машины даац хэтэрнэ хэмээн зөвхөн 100 ширхэг балк ачсан бөгөөд 50 ширхэг балк С.С-ы өөрт нь үлдсэн.
2.4. Иймд Т.А- би 15*15-ын балкнаас 100 ширхэг авсан нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр тооцож 5.000.000 /таван сая/ төгрөг төлөх тооцоо гарч байна. Харин нэхэмжлэгч С.С- нь 50 ширхэг балк буюу үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг илүү нэхэмжилсэн байна. Мөн нэхэмжлэгч С.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд 200 шуудай түлээ буюу нэг бүр нь 6000 /зургаан мянган/ төгрөгөөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/төгрөгийн түлээ нэхэмжилсэн байна. Гэтэл Т.А- миний бие мөн адил машины багтаамж, тээврийн хэрэгслийн даацад тохируулан, жолоочийн санал болгосноор 100 шуудай түлээний мод авч, машиндаа ачсан учир түлээний үнэ 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлөх болно. Нэхэмжлэгч С.С- нийтдээ 200 шуудай түлээний мөнгийг нэхэмжилж байгаа нь хариуцагч Т.А- надаас 100 ширхэг илүү шуудай түлээний мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
2.5. Иймд хариуцагч Т.А- миний бие нэхэмжлэгч С.С-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3-ын банз 100 ширхэг буюу нэг бүрийн үнэ 10.000 /арван мянга/ төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөг, 15*15-ын хэмжээтэй балк 50 ширхэг буюу нэг бүрийн үнэ 50.000 /тавин мянга/ төгрөгөөр буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 100 шуудай түлээ буюу нэг бүрийн үнэ 6000 төгрөгөөр тооцож 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг буюу бүгд 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн эд материалыг биет байдлаар хүлээж аваагүй тул төлөх боломжгүй болно. Харин нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу нийт 12.900.000 /арван хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийн үнэ өртгийг төлж өгөх болохыг илэрхийлж байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.А-аас худалдаж авсан барилгын материалын үнэ 17,392,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаар үнэлээгүй явдалд гомдолтой байна.
4.2. Нэхэмжлэгч, хариуцагч бид хоёрын дунд бичгээр байгуулсан “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байхгүй бөгөөд миний бие сүүлийн удаа 300 ширхэг банзыг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр авсан байхад 100 ширхэг байдлыг өөрийн тэмдэглэлийн дэвтэрт илүү бичиж 1.000.000 /нэг сая/ төгрөг илүү нэхэмжилсэн, мөн намайг 100 ширхэг балк авсан байхад 50 ширхэг балк буюу үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг нэхэмжилсэн байна.
Мөн 100 шуудай түлээний мод авсан байхад мөн 100 шуудай түлээний модны үнэ 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг илүү нэхэмжилсэн.
4.3. Анхан шатны шүүх нотлох баримтаар нэхэмжлэгч С-ы тэмдэглэлийн дэвтэр буюу зээлийн дэвтрийг үнэлсэн. Уг дэвтрийг нэхэмжлэгч өөрөө бичиж, өөрөө тооцоо гаргасан нь нотлох баримтыг шинжийг агуулахгүй гэж үзэж байна.
4.4. Хариуцагч Т.А- би хоёр удаагийн үйлдлээр худалдан авалт хийсэн байхад 3 удаа худалдан авалт хийснээр тооцож, зарим бараа материалыг илүү тооцоолж, нэхэмжилсэн байхад шүүхэд нэхэмжлэгчийн аясыг дагаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.5. Т.А- миний огт хүлээж аваагүй байгаа нэр бүхий 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийн бараа материалыг илүү төлүүлэх шийдвэр гаргасан тул давж заалдах гомдол гаргаж байна.
4.6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00153 дугаартай шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, материалын үнээс илүү нэхэмжилсэн 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.С-ы хариуцагч Т.А-ад холбогдуулан гаргасан “барилгын материалын үнэ 17,392,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэж, гомдолд заасан үндэслэлээр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг оновчтой тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч С.С-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Анхан шатны шүүх С.С-, Т.А- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч Т.А-аас 17,392,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-д олгож шийдвэрлэсэн нь нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байна. Иргэний хуулийн уг зүйл, хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдаж авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.
9. Хариуцагч Т.А- нь нэхэмжлэгч С.С-аас 3 удаагийн үйлдлээр нийт 17,392,000 төгрөгийн бараа буюу (1) банз 100 ширхэг х 10,000 бүгд үнэ 1,000,000, цемент 12 ширхэг х 26,000 үнэ 312,000, хөөс 2 ширхэг х 170,000 үнэ 340,000 нийтдээ 1,652,000 төгрөг, (2) зузаан банз 100 ширхэг х 20,000 бүгд үнэ 2,000,000, банз 400 ширхэг х10,000 бүгд үнэ 4,000,000, цемент 40 ширхэг х 26,000 бүгд үнэ 1,040,000 нийтдээ 7,040,000 төгрөг (3) балк 150 ширхэг х 50,000 бүгд үнэ 7,500,000 төгрөг, түлээ 200 боодол х 6,000 бүгд үнэ 1,200,000 бүгд 17,392,000 төгрөгийн бараа авсан нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрээр бүрэн нотлогджээ.
10. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй ба “...жолооч машины даац хэтэрсэн гэсэн тул нэхэмжлэгч С.С-ы 3-ын банзнаас 100 ширхэг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн, 50 ширхэг балк буюу 2,500,000 төгрөгийн, 100 шуудай түлээ буюу 600,000 төгрөг нийт 4,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна” гэж маргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймээс түүний гаргасан “4.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.
12. Хариуцагч Т.А- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 244910 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,910 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК