Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/04613/И |
Дугаар | 4286 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 4286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгихайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу, 5 дугаар гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, Харчин овогт Санжмятавын Ариунтулга, /РД:ЧБ80063061/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 17 дугаар гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт, Энхбатын Бат-Эрдэнэ /РД:ЧП87042819/-д холбогдох,
Гэрлэлт цуцлаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунтулга, хариуцагч Э.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 анх 2008 онд танилцаж, хамтран амьдарч эхлээд 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байх хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ууган хүү Бат-Эрдэнийн Эрдэнэтулга, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бага хүү Бат-Эрдэнийн Хос-Эрдэнэ нар төрсөн. Би хариуцагч Э.Бат-Эрдэнэтэй 8 жил хамтран амьдарсан. Зан байдлын таарамжгүй харилцаанаас болж, 2014 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. 2014 оны 09 дүгээр сараас хойш 2 хүү маань миний асрамжид өсч, торниж байна. Хариуцагч Э.Бат-Эрдэнэтэй 2 жил уулзаагүй ба өнөөдөр л шүүх хуралдаан дээр тааралдаж байна. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, хуульд заасны дагуу хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 анх 2008 онд танилцаад 2010 оны 6 дугаар сарын 21- ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдрал 2008 оноос эхэлсэн. Гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байх хугацаанд 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ууган хүү Бат-Эрдэнийн Эрдэнэтулга, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бага хүү Бат-Эрдэнийн Хос-Эрдэнэ нар төрсөн. Би Цагдаагийн албан хаагч хүн. Төрийн албан хаагчийн цалингаараа 2 дүү, эхийнхээ амьдралыг залгуулж байна. Миний нэг дүү хорт хавдар тусч, байнгын эмчилгээ хийлгэж, асаргаанд байдаг. Бага дүү маань сургуулийн сурагч. Миний эх, 2 дүү маань тодорхой орлогогүй тул би харж хандаж амьдардаг. Нэхэмжлэгч С.Ариунтулга нь дүүг хүндээр өвдсөн хэцүү үед надад туслаагүй, намайг ойлгоогүй. Нэхэмжлэгч нь бидний дундын хэрүүл маргаанаас болж, намайг ажлаас халуулах оролдлого хүртэл хийж байсан. Үүнээс үүдэлтэй гэр бүл салах шалтгаан болсон гэж үзэж байна. Миний бие эх, болон дүү нараа өөрийнхөө хяналтад авч, асран хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгөний маргаангүй учраас гэрээсээ гарахдаа зөвхөн цагдаагийн дүрэмт хувцсаа авсан. Цаашид миний бие С.Ариунтулгатай хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн өөрийн хүүхдэд тэтгэмж болон хэрэгцээт зүйлийг өөрийн чадах чинээгээрээ өгч, тусалж харж хандана гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунтулга нь хариуцагч Э.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
С.Ариунтулга, Э.Бат-Эрдэнэ нар 2008 онд танилцан хамтран амьдарч, улмаар 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2010 оны 05 дугаар сарын 31-нд хүү Б.Эрдэнэтулга, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Хос-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болгожээ.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хүү Б.Эрдэнэтулга одоо 6 настай, хүү Б.Хос-Эрдэнэ одоо 5 настай байх ба эх С.Ариунтулгын хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэтулга, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Хос-Эрдэнэ нарыг эх С.Ариунтулгын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул, эцэг Э.Бат-Эрдэнээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Эрдэнэтулга, Б.Хос-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Харчин овогт Санжмятавын Ариунтулга, Боржигон овогт Энхбатын Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэтулга, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Хос-Эрдэнэ нарыг эх С.Ариунтулгын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Эрдэнэтулга, Б.Хос-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Бат-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ариунтулгад олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА