Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00037

 

М.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00204 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ******* тоотод оршин суух С овогт М-ын Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэг /эрхлэгч Х.Г/-т холбогдох,

 

“Тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч М.Д-, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие М.Д- нь ** дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сараас  эхлэн ажиллаж байна. Ажиллаж байсан он жилүүдэд ямар нэгэн  зөрчил гарган, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн.

1.2. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нүүрс авч байгууллагад оройн 8 цагт ирсэн нүүрсний хэмжээ бага гэж нябо, эрхлэгч нартай маргалдсан. Тэд миний эхнэр Ф-г дуудаж ирүүлээд танай нөхөр тийм тийм авгай хүүхэнтэй явалдсан, бид мөнгө шилжүүлж, будаа өгч, танай нөхөр шоудаж байгаад  голд машинтайгаа суусан байсныг татаж  гаргасан, тэр байтугай бэлгэвч гондомыг хадгалсан газрыг хүртэл хэлсэн, маргалдсан, харааж зүхсэн  учир би уурлаад хаалга өшиглөөд гарсан. Хаалга  нугасаараа салсан. Түлхүүрээ дахин дахин гээж, байнга эвдэж байсан хаалга сул муу учир амархан унасан. Маргааш нь ирээд “би  та нартай ажил хийж чадахгүй юм байна, надад нэг сар цалингүй чөлөө олгоно уу, бүр болохгүй бол 7 хоног тэсээрэй” гээд  явсан.

1.3. Аймгийн Засаг дарга, Боловсролын хэлтсийн дарга нартай уулзаж, бас нэг эрхлэгчтэйгээ таарч тохирохгүй бас нэг нярвыг олоод Боловсролын хэлтсийн даргатай зөвшилцүүлэхээр дуудахад аль хэдийнээ намайг ажлаас халаад, миний оронд нярав ажилд томилоод, тушаалыг шуудангаар илгээсэн байсан.

1.4. Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаартай тушаалд намайг сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажил тасалсан гэж дурдсан байна. Би өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаагүй. Би мэдээгүй байхад надад сахилгын шийтгэл оногдуулан Хөдөлмөрийн  тухай хуулийн 123 дугаар  зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 2022 онд шинэчлэгдсэн ба энэ хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй.
            1.5. Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул намайг 17 дугаар цэцэрлэгийн нярвын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч М.Д- нь тус цэцэрлэгт нярваар ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажилд ирж байгууллагын ажилтнуудыг үл хүндэтгэсэн, хариуцсан ажлаа гүйцэтгэхээс татгалзсан зөрчил гаргасан. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул эдгээр зөрчил тус бүрд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байсан юм.

2.2. Гэтэл М.Д- нь сахилгын давтан зөрчилтэй байх хугацаанд буюу хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 22-30-ны өдөр хооронд дахин ноцтой зөрчил гаргаж ажлын байранд танхайрч байгууллагын өмч хөрөнгийн эвдэж сүйтгэсэн, ажилтнуудыг хэл амаар доромжилсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

2.3. М.Д-ийн гаргасан зөрчлийг тухай бүрд нь баримтжуулж, ёс зүйн зөрчлийн хуралдаанаар авч хэлэлцсэн. М.Д- нь тухайн үед тайлбар гаргахдаа үйлдсэн зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл ямар нэгэн маргаан гаргаж байгаагүйг дурдаж байна.

2.4. Мөн М.Д- нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа тус цэцэрлэгийн хаалга буюу эд хөрөнгийг эвдэж сүйтгэж танхайрсан үйлдэл болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 хоног ажил тасалснаа хүлээн зөвшөөрч мэдүүлснийг дурдаж байна.

2.5. Нэхэмжлэгч М.Д-ээс тус цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан гаргасан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.     

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00204 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дах хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Д-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан тус цэцэрлэгийн нярвын ажил эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

            4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00204 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.2. Миний бие тухайн өдөр архи уусан нь үнэн. Гэхдээ олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүл зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж. байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан явдал байхгүй.

4.3. Мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн асуудал гаргаагүй. Би тухайн өдөр архи уусан согтуу явж байгаад эрхлэгчтэй хэрэлдсэн нь үнэн. Миний бие сүүлийн 1 жилийн хугацаанд байгууллагын нярвын хувьд ямар нэгэн эд зүйл авч ирж байгаагүй. Эрхлэгч болохоор өөрөө манаач, жижүүр нарыг дагуулж яваад зах дэлгүүрүүдээс хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг өөрөө авч ирдэг. Дараа нь болохоор падаан, баримт бичгүүдэд надаар гарын үсэг зуруулдаг. Би архи уусан үедээ үүнийг п хэлсэн. Байгууллагын хаалгыг эвдээгүй. Намайг гарч явах үед өрөөний хаалга нугаснаас салж унасан.

4.4. Миний дээрх зөрчилд Баян-Өлгий аймаг дахь сүм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/196 дугаар шийтгэврээр торгох шийтгэл оногдуулсан.

4.5. Би нэг зөрчилд дэхин дахин арга хэмжээ авагдаж байгаа явдалд гомдолтой байна. Ажил олгогч намайг зөрчлийн хэрэг үйлдсэн гэж эрх бүхий байгууллагад гомдол гаргасан. Эрх бүхий байгууллага тухайн зөрчлийг шалгаад шүүхэд шилжүүлсний дагуу шүүхээс торгох шийтгэл оногдуулсан.Гэтэл ажил олгогч намайг тухайн зөрчилд ажлаас халж байгаа нь хууль бус бөгөөд давхар арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй.

4.6. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах  шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зөрчил гаргаж, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр арга хэмжээ авхуулсан. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зөрчил гаргаж, дахин сахилгын арга хэмжээ авхуулсан байсан. Сүүлд нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгууллагын эрхлэгчийн өрөөний хаалгыг хүрээгээр нь салгаж, эвдэж, гэмтээж, танхайрах зөрчил гаргаж, ажилчдыг хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан. Мөн тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн 30-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн ажилдаа ирээгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нь хүлээгээд 30-ны өдөр хурлаа дахин хийсэн.

5.2. Талуудын хооронд буюу ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 4 дэх хэсгийн 4.2, 4.3, 4.9 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

5.3. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Харин тэрээр 9,10 дугаар саруудад зөрчил гаргаагүй гэж маргадаг. Өөрөөр хэлбэл 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш ажил тасалсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байсан.

5.4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

  

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар нярвын орон тоонд ажиллаж байсан нэхэмжлэгч М.Д-ийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалт, Боловсролын  ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэг, 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 3.2.8, 3.2.10 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6, 4.9 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 7 хоног ажил тасалсан, байгууллагын эд хөрөнгийг эвдсэн, хамт ажилладаг ажилтнуудыг хэл амаар доромжилсон, танхайрсан зэрэг  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн байна.

 

8. Ажилтан А.Д- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “Би өмнө ямар нэгэн зөрчил гаргаагүй, би мэдээгүй байхад надад сахилгын шийтгэл ноогдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчиж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хууль 2021 онд шинэчлэгдсэн ба энэ хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй” гэж тайлбарласан ба түүний гомдол нь маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаа, урьдчилсан шаардлагыг зөрчөөгүй гэж үзэв.

 

            9. Нэхэмжлэгч М.Д-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:

9.1. Нэхэмжлэгч М.Д- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-24, 27-30-ны өдрүүдэд ажил тасалсан, мөн байгууллагын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэж хохирол учруулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ /хавтаст хэргийн 45-47, 48-53, 71-80 дахь тал/.

9.2. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т санаатайгаар цэцэрлэгийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж хохирол учруулсан, 4.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, 4.4-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцжээ /хавтаст харгийн 20-24 дэх тал/.

9.3. Ажилтнаас ажил тасалсан шалтгааны талаар “би ажил олгогчид нэг сар цалингүй чөлөө олгоно уу, бүр болохгүй бол 7 хоног тэсээрэй” гэж хэлээд явсан гэж тайлбарласан боловч энэ нь зохих журмын дагуу хувийн чөлөө авсныг нотлохгүй.  

9.4. Иймд ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан цэцэрлэгийн эрхлэгчийн үйл ажиллагаа үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцжээ.

           

10. Нэхэмжлэгчээс давж заалдах шатын шүүхэд  гаргасан “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн асуудал гаргаагүй. Би тухайн өдөр архи уусан согтуу явж байгаад эрхлэгчтэй хэрэлдсэн нь үнэн. Миний бие сүүлийн 1 жилийн хугацаанд байгууллагын нярвын хувьд ямар нэгэн эд зүйл авч ирж байгаагүй. Эрхлэгч болохоор өөрөө манаач, жижүүр нарыг дагуулж яваад зах дэлгүүрүүдээс хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг өөрөө авч ирдэг. Дараа нь болохоор падаан, баримт бичгүүдэд надаар гарын үсэг зуруулдаг. Би архи уусан үедээ үүнийг л хэлсэн. Байгууллагын хаалгыг эвдээгүй. Намайг гарч явах үед өрөөний хаалга нугаснаас салж унасан. Миний дээрх зөрчилд Баян-Өлгий аймаг дахь сүм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/196 дугаар шийтгэврээр торгох шийтгэл оногдуулсан. Би нэг зөрчилд дэхин дахин арга хэмжээ авагдаж байгаа явдалд гомдолтой байна. Ажил олгогч намайг зөрчлийн хэрэг үйлдсэн гэж эрх бүхий байгууллагад гомдол гаргасан. Эрх бүхий байгууллага тухайн зөрчлийг шалгаад шүүхэд шилжүүлсний дагуу шүүхээс торгох шийтгэл оногдуулсан.Гэтэл ажил олгогч намайг тухайн зөрчилд ажлаас халж байгаа нь хууль бус бөгөөд давхар арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

 

11. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан буюу талуудын гаргаж өгсөн баримтуудаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн нярав М.Д- нь  олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг илтэд зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад хамаарах “Танхайрах” зөрчил, мөн хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчлүүдийг тус тус үйлдсэн нь хуулийн хүчинтэй шийтгэврээр тогтоогдсон бөгөөд уг зөрчлийг ажилтан хөдөлмөр эрхлэх явцад байгууллагын орчинд үйлдсэн, Зөрчлийн тухай хуулиар түүнд шийтгэл оногдуулсан явдал нь М.Д-ийг хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

12. Ажилтан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, мөн хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх зөрчлийн хэргийг үйлдэж, шүүхийн шийтгэврээр торгох шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3, 123.7 дахь хэсгийг үндэслэвэл, ажилтан Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн нь хууль буюу гэрээгээр хүлээсэн ажил, үүрэгтэй нь шууд холбогдолтой байвал ажил олгогчоос тухайн асуудлаар түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл шалтгаан болохгүй. Ажилтан М.Д- ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн байхад ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж давхардуулан шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд хуульд заасан дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.  Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч  М.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК