Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1485

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч Х, ХХ, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Х-ийн хамт гаргасан тайлбартаа: “...Миний бие ХХХ-той 10 жилийн найз нөхөд байсан бөгөөд ойр зуур бие биедээ тусладаг байсан. 2011 оны 12 дугаар сард ХХХ надтай утсаар холбогдож яаралтай Хаан банкны зээлээ хаах хэрэгтэй байна мөнгөөр туслаач гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй тул 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Голомт хотхонд байрлах өөрийн охин ХХХХХ-ын нэр дээрх 2 өрөө орон сууцыг “ХХХХ"-д 85.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, уг мөнгийг ХХХ-д зээлүүлсэн. Тухайн үед ХХХ нэгэнт чиний байрыг барьцаалж мөнгө авсан юм чинь хүү, алданги бүх юмыг чинь хариуцна, 2 сарын дараа юмуу цаад тал нь 3 сарын дараа миний байрыг чөлөөлнө гэсэн. Гэтэл түүний жижиг дунд үйлдвэрийн зээл нь хойшилсоор 1 жил болсон. 2013 оны 08 дугаар сард уг зээл нь бүтсэн. Мөн тухайн үед ХХХ-д туслаж түүнийг дагуулан нөхөр ХХХХХХ-ын хамт Өвөрмонгол найзтайгаа танилцуулан хүүгүй мөнгө хүртэл зээлж өгч байсан бөгөөд тэр зуучлуулан зээлсэн мөнгөө мөн өнөөг хүртэл төлөөгүй байгаа. Байр барьцаалсан 85.000.000 төгрөгийг 93.000.000 төгрөг болгож төлсөн. Энэ зээлийг төлөхийн тулд 72.000.000 төгрөгийг олон хүнээс мөнгө зээлсэн бөгөөд 26.000.000 төгрөгийг зээл чөлөөлүүлдэг хүмүүсээр чөлөөлүүлсэн. 20.000.000 төгрөгийг ХХХ-д мөнгө өгөх гэж ХХ гэх хүнээс авсан. Энэ бүхнээс би сард 600.000 төгрөгийн хүү төлж байгаа. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 18.600.000 төгрөгийг байрны хүүгийн төлбөрт төлсөн. Мөн хариуцагч ХХХ нь Голомт хотхоны байрыг гараашийн хамт барьцаалсан зээлийг төлж, байрыг чөлөөлнө гэсэн баталгаа бичиж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь энэ үүргээ гүйцэтгээгүй, тийнхүү үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд ХХХгоос 85.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-оос 85.000.000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 582.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон түүний өмгөөлөгч ХХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн “ХХ нь өөрийн нөхөр ХХХХХХ-ын хамт хариуцагч ХХХ-д 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 85.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мөнгө хүлээлцсэн акт зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлцлийн хэлбэрээр хийгдсэн” гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь бидний дунд ямар нэгэн зээлийн гэрээний үүргийн талаар хэлцэл хийгдээгүй бөгөөд харин газар тариаланд хөрөнгө оруулахтай холбоотойгоор хэлцэл хийгдэж ХХХХХХ-ын охины байрыг барьцаалан "ХХХХ"-аас 85.000.000 төгрөгийн зээлийг авч улмаар хүүг нь төлж 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "ХХХ"-ноос 70.000.000 төгрөгийг ХХ-ийн нэр дээр авсан. Ийнхүү 85.000.000 төгрөгийн зээлийг хааж 70.000.000  төгрөг авснаас хүүг төлж байгаад үндсэн зээлнээс 20.000.000 төгрөг болон 50.000.000 төгрөгөөр зээлийг төлж барагдуулсан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа 20.000.000 төгрөгийг хүлээн авснаа мэдүүлсэн.

Нэхэмжлэгч мөн зээлийг төлөхийг тулд 72.000.000 төгрөгийг олон хүнээс зээлсэн гэснээс харахад 85.000.000 төгрөгийн зээл төлөгдөж "ХХХ"-ноос 70.000.000 төгрөгийг зээлсэн гэх энэ зээлэндээ 20.000.000 төгрөгийг төлсөн гэдгийг нотолсон гэж үзэхээр байна. Харин нэхэмжлэгч олон хүнээс зээл авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр "ХХХ"-ноос 70.000.000 төгрөгийг ХХ-ийн нэр дээр авч 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "Цагаан ажнай" ББСБ-ын 85.000.000 төгрөгийн зээлийг хаасан атлаа 85.000.000 төгрөг төлнө гэж баримт бичиж өгөх боломжгүй юм. 15.000.000 төгрөгийг би бэлнээр гаргаж "ХХХ"-ноос авсан 70.000.000 төгрөг дээр нэмж 85.000.000 төгрөгийн зээлийг хаасан болно. Харин 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагч ХХХ миний бие 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хөл хугарч гэмтэсний улмаас хэвтэрт орсон байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эмнэлгийн магадлагаа авсан. Шүүх хуралдаан товлогдсон өдөр миний бие эмнэлгийн магадлагаатай байсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө өвчний акт, хүсэлтээ явуулсан боловч хүлээж аваагүй болно. Эмнэлгийн магадлагаа 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Энэ магадлагаатай холбоотой баримтаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хавсарган боловч хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэргийг хялбархан шийдвэрлэж, 85.000.000 төгрөг өгсөн, өгсөн мөнгийг буцааж төлөөгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Хариуцагч хэлцлийг хийгдээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Зээлийн хүү, алдангийн асуудал яригдаагүй. Үндсэн төлбөр болох зээлийн асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийгдсэн. 85.000.000 төгрөг хүлээлцсэн акт хэрэгт авагдсан байгаа. Мөн хариуцагч зээлийг эргэн төлөх талаар баталгаа гаргаж өгч байсан. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч шүүх хуралдаан болох өдөр хүртэл хариу тайлбар гаргах, няцаах, талаар холбогдох баримт гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Мөн 20.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг төлсөн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн /хх-13,16/, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчдын хооронд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д 85.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь “мөнгө хүлээлцсэн акт”-аар тогтоогдож байх тул уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч ХХХ нь дээрх зээлийн гэрээний үүрэг 85.000.000 төгрөгийг 2013 оны 11, 12 дугаар сард төлж барагдуулахаар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталгаа гэх баримтыг үйлдсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ /хх-14/.

Түүнчлэн нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д 85.000.000 төгрөгийг зээлдүүлж, эргүүлж төлөх хугацааг тохиролцоогүй тул тэрээр Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хэдийд ч зээлээ шаардах эрхтэй юм. Хариуцагч ХХХ нь зээлийн төлбөрийг 20.000.000, болон 50.000.000 төгрөгөөр төлж барагдуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлд тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

Иймд хариуцагч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид ХХХ-ийн төлсөн 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                      Д.ДАМДИН-ОД