Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Б.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

           Прокурор: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бад холбогдох, эрүүгийн 201610010224 дугаартай, 1 хавтас, 123 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор С.Цгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б -д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын өвөлжөөн дээр байсан Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа Хилийн 0129 дүгээр ангийн 3 тооны адууг 61-18 ДГО улсын дугаартай, цагаан өнгийн,  портер маркийн машин хэрэглэж хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг шунахай сэдэлтээр машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж,    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Ц эсэргүүцэлдээ: … Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэж үзэн гэм буруутайд тооцсон атлаа ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 61-18 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын орлого болгохоор зааж өгөөгүй байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын 8 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөрөнгө хураах ялаас гадуур Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан заавал хураана” гэж тайлбарласан. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 61-18 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээ бусдад худалдсан борлуулсан хэдий ч дээрх хуулийн заалтыг хангуулах үүднээс гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээч томилуулан гаргуулсан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн /шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ЭБШХуулийн 321.1.1/ байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг зарж борлуулсан ч шинжээч томилж үнэлгээг гаргуулж хэрэгт хавсаргасан учир машины үнийг гаргуулах үндэслэлтэй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан  хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүснийг шүүх хэргийг хянан хэлэлцээд түүнийг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 61-18 ДГО дугаартай тээврийн хэрэгсэл эсхүл түүний үнийг гаргуулаагүй нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасантай нийцээгүй буюу анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах бөгөөд энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            Н.БАТЧИМЭГ