Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2018/0061/З |
Дугаар | 221/МА2019/0389 |
Огноо | 2019-07-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0389
Б.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын давж заалдах гомдлоор, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр: “2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалд Д.А-ийг томилон ажиллуулахыг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 060 280 /дөрвөн сая жаран мянга хоёр зуун ная/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Д.А-ийг аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болохыг тогтоох, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зохицуулсан.
Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл миний орон тоонд томилогдон ажиллаж байгаад намайг шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн Д.А-т бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргийг түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг дарга хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл Д.Аэд бололцооны дагуу ажил олж өгөх үүргийг шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилогдсон Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга биш харин Д.А-ийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг дарга хүлээх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ зохицуулалтын ялгааг олж харахгүйгээр Д.А-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй намайг хариуцагчаар тогтоож нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахгүй байгаа тус газрын дарга Ш.Марат миний эс үйлдэхүй хууль бус хэмээн тогтоож, мэргэжилтний тус албан тушаалд Б.А-ийг томилон ажиллуулахыг надад даалгаж шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Ийнхүү зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэг ёсны дуртай үедээ дарга болж, дургүй үедээ мэргэжилтэн хийх гэж зүтгэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.А нь өөрийн хүслээр тус газрын дарга болно гээд дэвшин ажиллах замаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, газрын даргын албан тушаалд хууль бусаар томилогдож, 1 жил 6 сар гаруй хугацаанд газрын даргаар ажилласан. Өөрөө мэргэжилтний ажлын байрыг орхиж, дарга болно гээд явсан нөхөр өнөөдөр даргаасаа чөлөөлөгдсөний дараа мэргэжилтэн болно гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын 4 дүгээр заалтад төрийн албаны нөөцөд байх эсэхийг зохицуулсан хууль, журамд нийцэхгүй байгаа болно. Өөрийн хүслээр мэргэжилтнээс чөлөөлөгдсөн иргэн Төрийн албаны нөөцөд үлдэхгүй, түүний нөөцөд байх хугацааны хүчин төгөлдөр байх хугацаа нь ч дууссан байсан Д.А нь анхнаасаа хууль бус томилогдсон байсан тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй байсан гэж үзэж байна. Мөн Д.А нь шүүхэд гомдол гаргах хугацаа нь ч өнгөрсөн. Жишээлбэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Х.Н-тыг аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо тус ажлын байранд Д.А өөрөө томилогдох ёстой талаар гомдол гаргах ёстой байсан боловч тухайн үед гаргалгүй, хоёр жил гаруй хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна
Х.Н нь тухайн ажлын байранд одоог хүртэл ажиллаж байна. Анхан шатны шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой боловч түүнийг татан оролцуулаагүй. Уг орон тоонд хэн гуай байсан ч түүний эрх ашиг хамгийн түрүүнд хөндөгдөх ёстой.
Ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй.
Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дугаар захирамжийн 3 дахь заалтыг биелүүлэхийг газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" заалтыг баримталсан нь бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр Б.А-ийг томилон ажиллуулахгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалд Б.А-ийг томилон ажиллуулахыг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 060 280 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Х.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Н-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Уг шүүхийн шийдвэрээр Х.Н-ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаал эрх зүйн үр дагаваргүй болж, Х.Н-ын Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллах эрх нь сэргэсэн учраас дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байранд сул орон тоо гарсан үзэхээр байна.
Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байранд сул орон тоо байгаа тухайн тохиолдолд, өмнө газрын даргаар ажиллаж байсан Ш.М-ыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Б.А-ийг аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хариуцагч томилох “бололцоотой” байсан гэж үзэж, тухайн албан тушаалд томилохыг даалгасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчид өөр ажил олж өгөх үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ” гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан мэргэжилтний ажлын байранд түүнийг томилон ажиллуулах боломжтой байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” үүргийг зөвхөн аймгийн Засаг дарга хүлээх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллах эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй төдийгүй нэгэнт тухайн ажлын байранд сул орон тоо бий болсон энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмын дагуу нэхэмжлэгч Б.А-ийг томилон ажиллуулах нь зүйд нийцнэ.
Бодит байдалд Х.Н Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байх хэдий ч дээр дурдсанчлан шүүхээс түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон учраас маргаан бүхий албан тушаалд ажиллах боломжгүй, тиймээс түүний Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ маргааны улмаас хөндөгдөхгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх гомдлын тухайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.А ажлаас чөлөөлөгдөж, үүнд холбогдох гомдлоо Төрийн албан салбар зөвлөлд гарган хариуг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авснаар тухайн өдрөө шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Мөн хариуцагчийн “...ажлаас буруу халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос түүний ажилд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хууль ёсны ажиллагаа тул цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрын зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй” гэх гомдлын тухайд, нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллах эрх үүссэн байхад хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, үүнтэй холбогдуулан учирсан хохирлыг ажилгүй байсан хугацаагаар тодорхойлж, энэ хугацаанд авах байсан цалинг нэхэмжилсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН