Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/0021

 

 

“Монголын алт” (МАК) ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Х.Батсүрэн

                                                      Б.Мөнхтуяа

                                                      Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0587 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг нар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголын алт” (МАК) ХХК-ийн “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0587 дугаар магадлалаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны А/57 дугаар захирамжаар хүчингүй болгосон Банкийн толгой /Хадат толгой/ гэх газарт байрлах 100 га газрын гэрчилгээ нь тариалангийн зориулалттай бөгөөд 2016 оны Тариалангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 20.4 дэх заалтууд (Газрын тухай хуулийн 40.1.6)-аас үзвэл тариалангийн зориулалттай газрыг 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д зааснаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Тариалангийн тухай хуулийг баримтлах ёстой байсан.

4. Гэвч захиргааны байгууллага, анхан болон давж заалдах шатны шүүх 2016 оны Тариалангийн тухай хуулийн 20.4 дэх заалт, 2001 оны Тариалангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл, заалтыг хэрэглэсэнгүй. Харин 2004 оны Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан газар эзэмшигчийн үүргийн заалтыг хэрэглэж, дүгнэлт өгч хууль хэрэглэхдээ ялгаатай байдлаар хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

5. Нэхэмжлэгч 100 га газраа 2015, 2016 онд хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, ган, хуурайшилтаас шалтгаалан тариалалт хийгээгүй нь 2004 оны Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заагдсан хүндэтгэх шалтгаанаар өнжөөх, 2016 оны Тариалангийн тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан өнжөөх эрхийн заалтад бүрэн хамаарч байна.

6. Гэтэл шийдвэрт “...Засаг даргад албан ёсоор мэдэгдсэн гэх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүйгээс гадна Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан үүргийн дагуу биелүүлсэн гэх байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна, магадлалд "Засаг даргад мэдэгдээгүй, хэрэгт үүнийг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, эх сурвалжийг нь зааж маргаагүй байна. Мөн шүүхээс хийсэн нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шүүхэд хүргүүлсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Засаг даргад газраа 2 жил ашиглаагүй талаар мэдэгдэж байгаагүй нь тогтоогджээ” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

7. Мөн агротайлангийн мэдээллийн санд бүртгэлгүй, статистик мэдээнд ороогүй гэх тайлбарт үндэслэн Засаг даргад газраа 2 жил ашиглаагүй талаар мэдэгдэж байгаагүй нь тогтоогджээ гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай нийцэхгүй байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д эрх зүйн зөрчилтэй захиргааны акт хууль бус захиргааны акт байх талаар тодорхой заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.5, 40.3-т заасан шаардлагыг хангаагүй нь тодорхой /зөрчилтэй/, нэхэмжлэгчээс энэ талаар тайлбарласаар байхад шүүхээс энэ талаар огт дүгнэлт өгсөнгүй.

9. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримтлан “...100 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшиж 2014, 2015, 2016 онуудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тариалалт хийгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Монголын алт” (МАК) ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгчээс “...2014 онд уринш хийсэн, 2015, 2016 онд өнжөөсөн, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хүчингүй болгосон нь хууль бус” гэж маргажээ.

12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

13. Нэхэмжлэгч “Монголын алт” (МАК) ХХК-д Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг “Банкийн толгой” нэртэй газарт тариалангийн зориулалтаар 100 га газрыг эзэмших эрх мөн сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар захирамжаар үүссэн, уг захирамжийг үндэслэн 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 0208289 дугаартай “Аж ахуйн нэгж,байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдсон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

14. Дээрх гэрээний 4.3-т “газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй... Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох”-оор, 5.5-т “...тухайн зориулалтаар эзэмшсэн газарт ашиглалтын байдал 30%-д ашигласан байна. Хэрэв ашиглалтын хувь хүрэхгүй тохиолдолд Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор тусгасан, энэ тохиолдлын хувьд газар эзэмшигч нь 2014, 2015, 2016 онуудад газраа ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 жил ашиглаагүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэсэн байна.

15. Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “уриншилсан газарт дараа жил нь ургамал тариалах зорилгоор боловсруулж өнжөөсөн тариалангийн талбайг хамааруулна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “өнжөөсөн газарт хөрсний үржил шимийг нөхөн сэргээх буюу сайжруулах арга хэмжээ авах болон тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид тариалах үр дутагдах, тухайн жилд ган болох магадлал ихтэй нь тогтоогдсон зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас 2 жил хүртэл хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг хамааруулна”, Тариалангийн тухай  /2016 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “өнжөөсөн газарт хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбай хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тариалан эрхлэгч нь газраа уриншилсан бол газрыг ашигласанд тооцохоор, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тариалангийн газрыг 2 жил хүртэл хугацаагаар өнжөөх боломжтой, өнжөөсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй юм.

16. Харин, 2014 он газартаа уринш хийсэн, 2015, 2016 онуудад газраа өнжөөсөн гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан шүүхээс уг нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулахад, нэхэмжлэгч /тариалан эрхлэгч/ нь Тариалангийн тухай /2004 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь 2 хүртэл жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”-ээр, 17.2.4-т “тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаархи мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх”-өөр, Тариалангийн тухай /2016 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”-ээр, 20.2.6-д “...талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх”-өөр тус тус заасныг биелүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс “...үүргээ биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэл бүрдэнэ” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

17. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хуульд зааснаар өнжөөх эрхтэй, ... 2015, 2016 онд тариалалт хийлгүй өнжөөснийг тогтоосон атлаа шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх дээр огт дүгнэлт өгөөгүй, ... мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийг гол болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гомдлыг хүлээж авах боломжгүй.

18. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өдрөөс дагаж мөрдсөн Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгох”-оор заасан нь маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-ын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-ээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлээс өөрөөр заасан, гэвч нэхэмжлэгч нь тариалангийн газартаа 2014, 2015, 2016 онуудад тариалалт хийгээгүй энэ тохиолдлын хувьд 2016 оны Тариалангийн хуулийг хэрэглэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй учраас нарийвчилсан зохицуулалттай уг хуулийг хэрэглэж шийдвэрлээгүй гэх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр явуулсан сонсох ажиллагаанд нэхэмжлэгч “Монголын алт” (МАК) ХХК-ийн төлөөллүүд оролцсон, маргаан бүхий уг газарт оруулсан тус компанийн хөрөнгө оруулалт, ашиглалтын талаарх мэдээ, тайланг шаардсан, холбогдох баримтыг тус компаниас 2018 оны 3 дугаар 01-ний өдрийн дотор өгөхөөр болсон нь уг ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан, гэвч баримт өгөөгүй нь тогтоогдсоноос үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...100 га газарт тариалалт хийлгүй өнжөөх талаар албан ёсоор мэдэгдсэн эсэхийг нотлоогүй, ... хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

20. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актад хуулийн этгээдийн нэрийг буруу бичих зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2, 40.2.3, 40.2.5, 40.3-т заасан шаардлагыг хангаагүй гэх нь уг актыг эрх зүйн зөрчилтэйд тооцож бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, захиргааны актын илэрхий бөгөөд ноцтой биш уг алдааг мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу засах боломжтой, уг алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дүгнэсэн учир хяналтын гомдолд “шүүхээс огт дүгнэлт өгөөгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

21. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 123/ШШ2018/0025 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0587 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ