Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00611/И |
Дугаар | 779 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 779
2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2016/00779 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 28 дугаар байр, 101 тоотод оршин суух, 45 настай, эмэгтэй, Зэлмэ овогт Жамъянгийн Гүнбаяр /МТ71112808/-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг, Хайлааст Туулын гудамж, 11 дүгээр байр, 4 тоотод оршин суух, Дархан овогт Даваагийн Оюунсүрэн /РД:УР64050901/-д холбогдох,
зээлийн төлбөрт 17.696.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Оюунсүрэнтэй 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16.335.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссан бөгөөд Оюунсүрэн нь одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Д.Оюунсүрэнгээс 16.335.000 төгрөг, хүү 1.633.500 төгрөг, нийт 17.969.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Оюунсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даваа овогтой Оюунсүрэн би Ж.Гүнбаяраас 2014 оны 6 дугаар сараас эхлэн өдөр өдрийн төлөлтөөр мөнгө зээлэн авч эхэлсэн. Цувуулж нэмж авсаар авч байгаад 21 сая төгрөгийн сарын 8 хувийн хүүтэйгээр өдөр өдөрт нь 700.000, 800.000 төгрөгөөр төлж байгаад 2015 оны 1 дүгээр сард хасуулаад үлдэгдэл 13.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй болгож сараар хүү өгөхөөр тохиролцоод төлж байгаад 2015 оны 12 дугаар сар хүртэл хүү өгч байгаад түүнээс хойш хүү төлж чадахгүй одоо 16.000.000 төгрөг болоод явж байгаа. Энэ хугацаанд 2015 оны 12 дугаар сард ээж маань хорт хавдраар өвдөөд ээжийгээ сахиж байгаад ээж өнгөрсөн. 12 сараас эхлээд ямар ч төлөх боломжгүй болж эхэлсэн. Би хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. Эхэндээ хүнээс мөнгө зээлээд ажиллуулаад болох юм шиг болохоор нь өдөр өдрийн төлөлтөөр мөнгө аваад сүүлдээ бараагүй болоод авсан зээлээ ч төлж чадахгүй болсон. 2016 оны 1 дүгээр сараас хойш юу ч хийж чадаагүй. Ар гэрийн байдлаас болж төлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Би одоо нөхөртэйгөө хоёулаа амьдардаг. Нөхөр маань зэрэгцээ алтны үйлдвэрт гагнуурчин хийдэг. Одоо нөхрийнхөө цалингаар л амьдарч байна. Нөхрийн ажил улирлын чанартай болохоор өвөл амраад хавраас ажил нь эхэлдэг болохоор өвөл мөнгөө төлөх хэцүү байсан. Манайх 3 хүүхэдтэй. Одоо хүү маань л дэлгүүрт грушик хийж байна. Хоёр охин ажилгүй. Нэг нь сая төрсөн. Би Ж.Гүнбаяраас зээлсэн мөнгө, нийт нэхэмжилсэн үнийн дүн 17.969.300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүнээс авсан юм чинь мөнгийг нь өгнө. 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд сар болгон 750.000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Гүнбаяр нь Д.Оюунсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 17.969.300төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюунсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 17.969.300 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр 750.000 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Гүнбаяр нь тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247796 төгрөгийн 50 хувь болох 123898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 123898 төгрөг, хариуцагч Д.Оюунсүрэнгээс 123898 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Гүнбаярт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.Гүнбаярын зээлийн гэрээний төлбөр 17.969.300 /арван долоон сая есөн зуун жаран есөн сая гурван зуун/ төгрөгийг хариуцагч Д.Оюунсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар болгон 750.000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247796 төгрөгийн 50 хувь болох 123898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 123898 төгрөг, хариуцагч Д.Оюунсүрэнгээс 123898 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ж.Гүнбаяр /МТ71112808/-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг Д.Оюунсүрэн сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ