Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00038

 

Д.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч  Х.Мейрамбек нарын  шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00104 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** багт оршин суух Б овогт Д-ны М-ы нэхэмжлэлтэй, хариуцагч *****багт оршин суух Х овогт Н-ийн Э-т холбогдох,

 

“Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан хохирол  4.600.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 12.466.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Н.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Д.М- миний 5 тооны адууг 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө тус аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутагт "Хашаатын даваа" орчимд байхад Н.Э- нь Ховд аймгаас тээврийн хэрэгсэл жолоодож ирэх замдаа дайрч алсан нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шалгалтаар нотлогдож Н.Э-ыг 0029958 дугаартай шийдвэрээр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж 100,000 төгрөгөөр торгон шийтгэж арга хэмжээ авсныг Баян Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 09 ний өдрийн 2023/ЗШ/12 дугаартай шийдвэрээр Н.Э-ыг буруутайд тооцож торгуулийн арга хэмжээг үндэслэлтэй гэж баталгаажуулсан.

1.2. Н.Э- нь шат шатны шүүхээр гомдол гаргаж өөрийгөө зөвтгөсөн ч бүх шатны шүүх нь анхан шатны шүүхийн тус 2023/ЗШ/12 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээсэн.

1.3. Миний Н.Э-т дайруулж үхсэн адуунуудыг Н.Э- өөрөө үзсэн бөгөөд тухайн үед үнэлгээг гаргахад адуунуудыг нийт 4.600.000 төгрөг гэж үнэлсэн. Н.Э- нь сайн дураараа адууг минь төлж өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.    

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Иргэн Н.Э- 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Бураат хэмээх газарт Баян-Өлгий аймгийн Өлгий сум орохоор **** БӨА улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орсон. Өөрөөр хэлбэл миний унаж явсан автомашин иргэн Д.М-ы 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж, зам тээврийн осолд холбогдсон.

2.2. Уг авто замын ослыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан Н.Тилеухабыл шалган улмаар намайг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0029958 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн юм.

2.3. Уг замын ослын улмаас миний унаж явж байсан өөрийн өмчлөлийн Тоёота-приус 30 маркийн автомашин маш их гэмтэж, мөн бусад хохиролд нийт 12,466,000 төгрөгийн бодитой хохирол учирсан юм.

2.4. Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан “Венийн Замын хөдөлгөөний тухай конвенц”-ийн 8 дугаар зүйлд ачааны болон унааны амьтан болон мал, сүргийг тусгайлан тэмдэглээгүй бүсээс бусад газар малыг тогтмол чиглүүлэх чадвартай тууварчин \мал бүхий этгээд\ дагалдаж явах ёстой гэжээ. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байна. Хуульд заасан тууварчин, мал бүхий этгээдийг Д.М- гэж би ойлгож байна.

2.5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу тууж хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл \дэнлүү\ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана" гэжээ.

2.6. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас иргэн Д.М-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан юм.

2.7. Тухайн үед адуу мөргөхөд ч зарим нь амьд байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас бүгдийг нь үхсэн, дайрч алсан гээд байна. Санамсаргүй зам тээврийн осол байсан гэж үзэж байгаа. Тэгээд энийг бүгдийг нь үхсэн, дайрч алсан гээд байх юм. Тухайн зам нь олон улсын стандартын босоо тэнхлэгийн зам гэж явдаг. Тэгээд тухайн үедээ замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Дээрээс нь хурд хэтрүүлсэн гээд байгаа юм. Хурд хэтрүүлсэн хэтрүүлээгүй гэдгийг тухайн хууль хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоогоод хурд хэтрүүлээгүй гэдгийг гаргачихсан. Энэ дээр хурд хэтрүүлж дайрч алсан гээд ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаад гайхаад байна.

2.8. Миний хувьд тухайн үед өөрөө сүлжээгүй газар байсан учраас зам дагуу явсан жолооч нарт хандаад сүлжээтэй газраас цагдаагийн байгууллагад мэдээлж өгөөч ээ гэж хэлсэн тул цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг шалгалт хийгээд явсан байдаг юм. Энийг ингээд санаатай хийчихсэн юм шиг нэхэмжлэл гаргаад байгаад нь би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрээс нь цагдаагийн байгууллага шалгахдаа намайг осол гаргасан гэдгээр нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Мөн малчин Д.М- гэдэг хүнд бас мөн хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Бас цагдаагийн байгууллагаас торгож шийдвэрлэсэн байгаа. Аль аль нь буруутай гэж үзээд хоёуланг нь торгосон байгаа.

2.9. Авто замын осолд нэрвэгдсэн гүү, дааганууд Д.М-ы өмчлөлд байсан нь нотлогдсон. Ингэхээр Д.М- нь шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон атлаа одоо түүнийг надаас нэхэмжилж буй 4,600,000 төгрөгийг би хариуцахгүй учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.   

 

            3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга:

            3.1. Миний бие Н.Э- 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Толбо сумын Бураат хэмээх газарт Баян-Өлгий аймгийн төв орохоор **** БӨА улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орсон. Миний унаж явсан автомашин иргэн Д.М-ы 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж, зам тээврийн осолд холбогдсон. Уг замын ослын улмаас миний унаж явж байсан Тоёота-приус 30 маркийн автомашин маань маш их гэмтэж, мөн бусад хохиролд нийт 12,466,000 төгрөгийн бодитой хохирол учирсан юм.

3.2. Цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг шалгахдаа Д.М- болон миний бие Н.Э-ыг хоёуланг нь буруутай гэж үзэж торгуулийн арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэсэн байдаг юм.

3.3. Тэгээд би тухайн ослоос үүдэлтэй миний хувиас гарсан зардал 12,466,000 төгрөг гарч, бодит хохирол гарсан байгаа. Тэгээд хуулийн байгууллагаас аль алийг нь буруутай гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан учраас би хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Хохиролтой холбоотой бодит материалуудыг гаргаж өгсөн байгаа.

3.4. Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал болоод ослын газраас автомашиныг тээвэрлэсэн зардал зэргийг надад учирсан хохирол гэж үзэж байна. Сэлбэг, буддаг замаск, Вьетнам засварт агрегат засварт оруулсан, сэлбэгийг нь авхуулсан зардлууд нийлээд 12,466,000 төгрөг болсон ба үүнийг Д.М-аас нэхэмжилж байгаа.

3.5. Замын осолд нэрвэгдсэн гүү, дааганууд иргэн Д.М-ы өмчлөлд байсан. Өөрөөр хэлбэл, шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон иргэн Д.М- нь миний автомашинд учирсан хохирол 12,466,000 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, татгалзал:

4.1. Иргэн Н.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө тус аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн 24:00 цагийн орчимд **** БӨА улсын дугаарын Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хурд хэтрүүлсний улмаас, Монгол улсын холбогдох хууль, тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж миний 5 адууг дайрч, мөргөн алж надад 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан зөрчлийн хэргийг анхан шатны, давж заалдах болон улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдэж Н.Э-ыг буруутай гэж тогтоосон байдаг.

4.2. Хохирогч Д.М- би тус шүүхэд 5 адуугаа Н.Э-аар төлүүлж өгнө үү гэж түүнээс 4,600,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийг аваад хариуцагч Н.Э- нь сөрөг нэхэмжлэл гаргаж цаг хожиж төлбөр төлөхгүй байх арга хайж байна гэж үзэж байна.

4.3. Шөнө дунд орчноо мэдрэхийг хүсэлгүй, асар ихээр хурд хэтрүүлж, хурдны замаар явж, замд байсан объект биетийг мөргөж, зогсоох арга хэмжээ авалгүй бусдын амь нас болон олон саяар эд хөрөнгөнд хохирол учруулсан эрүүгийн болон зөрчлийн хэрэг улс даяар олон гардаг бөгөөд ийм хэргүүдэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн буруутай нь тогтоогдвол төлбөрийг нь төлж барагдуулах ёстой гэх утгаар шүүх шийдвэрлэж байгаа.

Учир нь, Н.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хууль дүрэм зөрчиж осол гаргасан буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо иргэн Д.М- би шаардах эрхтэй бөгөөд харин Н.Э- нь өөрийн буруутай байдлын улмаас өөртөө учирсан хохирлыг бусдаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

4.4. Миний малаа хариуцлагагүй орхисон байдлын улмаас торгуулсан явдал Н.Э-ын нэхэмжлэлд хамаагүй бөгөөд түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би төлөх хууль эрх зүйн үндэслэлгүй. Иймд Н.Э- нь өөрийн буруутай үйл ажиллагаагаараа бусдын эд хөрөнгө малыг устгаснаас гадна жолоодож явсан тээврийн хэрэгслээ эвдэж сүйтгэсэн тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00104 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-ийн Э-аас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-ны М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг болон хариуцагч Н.Э-ын нэхэмжлэгч Д.М-аас 12,466,000 /арван хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгийг, хариуцагч Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,406 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Э-аас 51,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож шийдвэрлэжээ.   

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Иргэн Н.Э- би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Бураат” хэмээх газарт Баян-Өлгий аймгийн Өлгий сум орохоор өөрийн өмчлөлийн **** БӨА улсын дугаартай “Тоёото Приус-30” маркийн автомашиныг жолоодож яваад гэнэтийн байдалтай авто осолд орсон. Энэ нь миний унаж явсан автомашин Толбо сумын иргэн Д.М-ы 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж, зам тээврийн осолд холбогдсон асуудал. Уг авто замын ослыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан Н.Тилеухабыл шалган улмаар намайг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0029958 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн. Гэвч уг автозамын ослын улмаас миний унаж явж байсан өөрийн өмчлөлийн “Тоёото-приус” 30 маркийн автомашин маш их гэмтэж, мөн бусад хохиролд нийт 12,466,000 төгрөгийн бодитой хохирол учирсан.

6.2. Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан “Венийн “Замын хөдөлгөөний тухай конвенц”-ийн 8 дугаар зүйлд “ачааны болон унааны амьтан болон мал, сүргийг тусгайлан тэмдэглээгүй бүсээс бусад газар малыг тогтмол чиглүүлэх чадвартай тууварчин \мал бүхий этгээд\ дагалдаж явах ёстой’’ гэжээ. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “мал бүхий этгээд' гэж энэ хуулийн 3.1.2т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байна. Хуульд заасан тууварчин, мал бүхий этгээдийг Д.М- гэж би ойлгож байна.

6.3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу тууж хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл \дэнлүү\ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана" гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас иргэн зөрчил гаргагч Д.М-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан. Ингээд уг авто осолд Д.М- нь буруутай гэдэг нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон тул тэрээр миний автомашинд учирсан 12,466,000 төгрөгийг хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж гэж үзэж байна.

6.4. Нөгөө талаас уг авто замын осолд нэрвэгдсэн гүү, дааганууд Д.М-ы өмчлөлд байсан нь нотлогдсон. Ингэхээр Д.М- нь шөнийн цагаар малаа хариулахгүй, эзэнгүй орхисон атлаа одоо анхан шатны шүүхээс Н.Э- надаар төлүүлэхээр болсон 2,300,000 төгрөгийг би хариуцахгүй учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

6.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00104 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган зөрчил холбогдогч гэх Д.М-аас 12,466,000 төгрөгийг гаргуулан, Н.Э- надад олгуулах, нэхэмжлэгч Д.М-ы үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан 2,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Н.Э- миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж гаргаж өгөхийг хүсье.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, болгоомжгүй явсан болох нь тогтоогдсон. Тухайн 5 тооны адуунаас 2 тооны адууны хөл нь хугарсан байсан. Гэвч тухайн 2 адуу битүү гэмтэл авч, хоёулаа үхсэн. Нийт 5 тооны адуу үхсэн. Анхан шатны шүүхээс 2 тооны адуу үхсэн талаар нотлох баримт тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн шаардлага болох 4,600,000 төгрөгөөс 2,300,000 төгрөг болгож бууруулсан. Адуу мал шөнө бэлчдэг. Мөн адуу малыг шөнийн цагаар зогсоох боломжгүй. Монгол мал аж ахуйн онцлог нь бэлчээрийн мал аж ахуй юм. Тиймээс жолооч нар ч тэр талаар мэдэж, зогсоох арга хэмжээ авч замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Хариуцагчийн хувьд уг үүргээ биелүүлээгүй. Тиймээс тухайн адууг дайрч алсан хариуцагчийн үйлдэл буруу гэж анхан шатны шүүхээс хохирол гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

 

8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:

8.1. Миний саналаар хоёр хүн хоёулаа хохиролтой байна. Хуульд заасан заалтын дагуу шийдвэрлэх нь зөв гэж бодож, дүгнэж байна. Жолооч Н.Э- нь малчин Д.М-аас машины хохирол нэхэх нь буруу. Малчин Д.М- яг осолд орсон адуунууд үхсэнийг тодорхойлох.

 

ХЯНАВАЛ:

 

            9. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

           

10. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Н.Э-т холбогдуулж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол буюу нас гүйцсэн гурван гүү, хоёр дааганы үнэ нийт 4.600.000 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч Н.Э- нь нэхэмжлэгчид холбогдуулж зөрчлийн улмаас гэм хор учруулсны төлбөр буюу өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 12.466.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

           

11. Талууд шүүхэд нотлох баримт, тайлбар гаргах замаар мэтгэлцсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

  • Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0029958 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Э- нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23:22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, **** БӨА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу чиглэн зорчиж, замын хөдөлгөөнд оролцох үед засмал зам дээр нас гүйцсэн гурван гүү, хоёр даагыг мөргөж зам тээврийн осол гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
  • Холбогдогч Н.Э- нь эрх бүхий албан тушаалтны уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ЗШ/12 дугаар шийтгэвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМЗ/08 дугаар магадлалаар эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэвээр нь үлдээсэн ба хуулийн хүчин төгөлдөр болсон,
  • “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр нас гүйцсэн гурван гүү, хоёр дааганы үнэ 4.600.000 төгрөг болох нь тогтоогдсон,
  • Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0029959 дугаар шийтгэлийн хуудсаар Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з/-д заасан замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэний үүргийг зөрчиж, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23:22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу чиглэн зорчих хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад “Хүн ... замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж заасны дагуу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
  • Хариуцагч Н.Э-ын **** БӨА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний дүгнэлтээр 6.478.000 төгрөгийн хохирол учирч, үнэлгээний төлбөрт 388.000 төгрөг, засвар болон үйлчилгээнд 5.000.000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Өлгий сум хүртэл ачиж хүргүүлсэн хөлсөнд 600.000 төгрөг, нийт 12.466.000 төгрөгийн хохирол, зардал гарсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

 

12. Талуудаас гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвээс, хариуцагч Н.Э-ын зам тээврийн осол гаргасан буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, шөнийн 23:22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, **** БӨА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу чиглэн зорчих үед, засмал зам дээр Д.М-ы нас гүйцсэн гурван гүү, хоёр даагыг мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчид 4.600.000 төгрөгийн хохирол учирсан, хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл болон нэхэмжлэгч Д.М-д учирсан хохирол хооронд шууд шалтгаант холбоотой нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Тиймээс хариуцагч Н.Э- нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн, бусдын малыг устгасан гэм хорыг бүрэн арилгах үүрэг хүлээнэ.

 

13. Харин нэхэмжлэгч Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлийн з/-д заасан замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэний үүргийг зөрчиж, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23:22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу чиглэн зорчих хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулсан нь тогтоогдсон боловч түүний уг эс үйлдэхүй болон хариуцагч Н.Э-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол хооронд шууд шалтгаант холбоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн болон бодит үндэслэлд нийцнэ. Н.Э-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь түүний Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг үйлдсэн болгоомжгүй үйлдэлтэй нь шууд хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулсан” эс үйлдэхүйн улмаас хариуцагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

14. Талуудын үйлдсэн зөрчлийн хэргүүд, тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, үйлдэл-эс үйлдэхүй болон хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо, тэдгээрийн харилцан хамаарал зэргийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч Д.М-д учирсан хохирлыг хариуцагч Н.Э-аар нөхөн төлүүлсэн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр “зөрчлийн улмаас үүсэх үүргийг гэм буруутай хүнээр хариуцуулах” шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

15. Харин шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийг баримтлаагүй орхигдуулсан, түүнчлэн Д.М-ы “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулсан” эс үйлдэхүй болон хариуцагч Н.Э-ын эд хөрөнгөд учирсан хохирол хооронд шууд шалтгаант холбоогүй, Н.Э-ын эд хөрөнгөд өөрийн илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан байхад “хариуцагч Н.Э-ыг гэм хорын хариуцлагын зарим хэсгээс буюу нэхэмжлэгч Д.М-ы нэхэмжилсэн 4.600.000 төгрөгийн 50 хувийг төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хууль зүй үндэслэлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцээгүй, хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.

 

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хангаж шийдвэрлэсэн талаар Д.М- нь давж заалдах журмаар гомдол гаргаагүйг тэмдэглэж, мэтгэлцэх буюу нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчмыг баримталж, хэргийг давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлан хянаж, гагцхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хууль хэрэглээний асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

16. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Миний саналаар: Хоёр хүн хоёулаа хохиролтой байна. Хуульд заасан заалтын дагуу шийдвэрлэх нь зөв гэж бодож, дүгнэж байна. Жолооч Э- нь малчин М-аас машины хохирол нэхэх нь буруу. Малчин М- яг осолд орсон адуунууд үхсэнийг тодорхойлох” гэсэн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэж байна.

 

17. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00104 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.780 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК