Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Т.Сундуй,  

Өсвөр насны шүүгдэгч Ч.О, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Цэвэлмаа, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн 1909007570251 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Их засаг их сургуулийн Чингис Соосэ олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаад чөлөө авсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум 5 дугаар баг, Буянт 2/48 байр 19 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 14-79 тоотод түр оршин суух, урьд

 

            Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

         Өсвөр насны шүүгдэгч Ч.О нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр байрны гадна хохирогч Ч.Даваабаяраас “бие даалтаа хийчихээд өгье” гэж хуурч “Делл” маркийн нөүтбүүкийг нь залилан авч 495.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын хууль ёсны төлөөлөгч Г.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Биеийг нь даалгах гэж оюутны дотуур байранд амьдруулсан. Одоо Ховд аймаг руу нь явуулах гэж байна. Хэрэг гарахаас өмнө Ховд аймаг руу явуулчихсан байсан. Ломбардны хугацаа дууссан байсныг бид нар мэдээгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909007570251 дугаартай хэргээс:

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Турк сургуульд сурч байхдаа хамт дотуур байранд байдаг байсан Даваабаяр руу фэйсбүүк чатаар “2 хоног бие даалт хийх гэсэн юм нөүтбүүкээ түр хэрэглүүлээч” гэж бичсэн. Даваабаяр “нөүтбүүк байгаа чи авч бие даалтаа хий” гэж зөвшөөрөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хажууд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагийн үед Даваабаяртай уулзаад нөүтбүүкийг нь аваад Бөхийн өргөөний хажууд байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Удахгүй авч өгнө гэж бодож байсан боловч надад мөнгө олдоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Даваабаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан хотод хамт сурч байсан Ч.О гэдэг хүүхэд намайг “нөүтбүүкээ өгөөч, бие даалт хийх гэсэн юм” гээд гуйгаад байсан юм. Би Ч.Оыг хичээлээ хийх гэж байна гэж бодоод өөрийнхөө 2014 оны 9 дүгээр сард Дархан хотоос 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан Делл загварын Ай3 үзүүлэлттэй нөүтбүүкээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тухайн үнэлэгдэж буй хөрөнгө нь “Dell” маркийн notebook болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/, хохирогчоос хохирол төлсөн талаарх хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

 Өсвөр насны шүүгдэгч Ч.О нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр байрны гадна хохирогч Ч.Даваабаярт “бие даалтаа хийчихээд өгье” гэж худал хэлэн хуурч “Делл Ай3” загварын зөөврийн комьпютерийг залилан авч 495.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч Ч.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ч.Даваабаярын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Ч.О нь “бие даалт хийчихээд өгнө” гэж Ч.Даваабаярыг төөрөгдүүлэн хуурч түүний эд хөрөнгө болох нөүтбүүкийг өөртөө авч хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан  болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Ч.Оын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг бусдыг төөрөгдүүлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 61, 64/ илэрхийлсэн тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Ч.О нь 17 нас 10 сар 16 хоногтой болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл, бусад баримтуудаар тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуульд зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох прокурорын саналыг харгалзан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад Ч.Оаас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар, зальжин байдлаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Ч.Оыг бусдыг төөрөгдүүлэн хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Оыг 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН