Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00039

 

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Ш овогт Т-н А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* тоотод оршин суух Б овогт К-ны Е, хамтран хариуцагч ***** тоотод оршин суух, одоогоор түр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух Б овогт К-ны Б нарт холбогдох,

 

“Ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 (дөрвөн сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулах тухай”  иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Т.А-, хариуцагч Б.Б- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр К.Е-, К.Б- нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор К.Е-, К.Б- нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг Жана ауылд байршилтай 14м х19м хэмжээтэй, 366 кв.м талбайтай, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг дээр дурдсан бүх ажлыг хийж дуусгахаар, миний бие ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгож 30 хувийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч нарт шилжүүлэхээр үндсэн төлбөрийг ажлын үр дүн гарч ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөхөөр тус тус тохиролцсон.

1.2. Би гэрээний дагуу 5,400,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр К.Б-ын ************ дугаартай дансанд шилжүүлсэн. Дараа нь К.Е-, К.Б- нарын гуйлтаар 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр К.Б-ын ************ тоот дансанд 600,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр К.Б-ын ************ тоот дансанд 300,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр К.Б-ын ************ тоот дансанд 3,000,000 төгрөг нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн.

1.3. Гэтэл К.Е-, К.Б- нар нь дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд алга болсон. Тэд 1 болон 2 дугаар давхар барилгын гадна талын хөөсөн фасад, 2 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийх ажлуудыг огт хийгээгүй байна.

1.4.Тэгээд би аргагүйн эрхэнд дээр ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн. К.Е-, К.Б- нар ажил гүйцэтгэх гэрээний заалтыг зөрчиж, хийж гүйцэтгэх ажлыг дутуу хийсэн, урьдчилгаанд авсан 9,300,000 төгрөгийн ажлын хөлсний тал хувьд л ногдох ажлыг хийж гүйцэтгэж намайг хохироосон тул тэд нараас ажлын хөлсөнд шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 50 хувь болох 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

1.5. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хариуцагч К.Е-, К.Б- нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 (дөрвөн сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.     

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч А.А-тэй нэхэмжлэлд дурдагдсан гэрээнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд эхэлсэн ба харин 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд ажлаа зогсоосон. Учир нь, анх ажил эхлэхэд Т.А- нь 270 хайрцаг шалны плита, 50 уут цемент авчирч өгсөн. Тэр материалаар нь 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. Тэгээд нэг давхрын цагаан болон хар замаскийг К.Е- би захаас А-ийн нэр дээр бичүүлээд авчраад 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск, мөн цагаан замаск тавиулсан юм. Байгаа материалуудаар дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2.2. Гэтэл Т.А- нь 7 дугаар сарын 19-ний өдөр Казахстан руу хурим найрт оролцохоор явсан ба тэгээд 8 дугаар сарын 03-ны өдөр ирсэн боловч нэг ах нь нас барсан гэж 7 хоног тэр ажлаар явсан. 8 дугаар сарын 10-11-ний өдөр ирэхэд нь бид түүнд шаардлагатай материалуудын жагсаалтыг гаргаж өгсөн боловч мөнгө байхгүй байна гэж авчирч өгөөгүй ба түүний дараа материал олж ирнэ гэж хэлсэн боловч 5 хоногийн турш сураггүй алга болсон.

2.3.Түүний дараа дахин материал авчирч өгөөгүй тул бид өөрсдийн санаачилгаар гэрээгээ цуцалж ажлаа дуусгаад дараагийн гэрээт ажлуудыг хийхээр явсан. Шалны плита 294 м.кв, 1 м.кв-ыг 28,000 төгрөгөөр тооцоход 8,232,000 төгрөг, 1 дүгээр давхрын тэгшилгээний хар замаск болон цагаан замаск 144 м.кв үнэлгээ нь 1,000,000 төгрөгөөр нийтдээ 9,232,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин захиалагч тал болох Т.А- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул бид түүний өгсөн байгаа материалыг бүрэн ашиглаж ажлаа дуусгасан ба сүүлд нь материалаар хангаж чадахгүй болсон учраас бид гэрээгээ цуцалсан.

2.4. Ингээд тооцоо хийлж дуусгасан. Бид нийтдээ 9,300,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан ба одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж үзэж байгаа учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00033 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч К.Е-, К.Б- нараас ажил гүйцэтгэсний хөлснөөс 4,050,000 (дөрвөн сая тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 (наян есөн мянган гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Е-, К.Б- нараас 79,750 (далан есөн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож шийдвэрлэжээ.    

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1636 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р баг Жана ауылд байршилтай 14-19 хэмжээтэй 366м2 талбайтай 1,2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад тус давхруудад шалны плита тавих 3 давхрын шатны марш чулуу наах 1,2 давхрын дотор засал /хар болон цагаан замаск/ хийх ажлыг дуусгараар болсон билээ. Энэхүү ажлын хөлсөөр 18,000,000 төгрөгөөр тохиролцож 1 сар 20 хоногт багтааж ажлыг хүлээлгэж өгөхөөр гэрээгээр тохиролцсон. Өөрөө хэлбэл ажлын 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэй гэрээ байгуулсан.

4.2. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд захиалагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хугацаа хэтэрсэн зүйл байсан. Гүйцэтгэгч нэр ажлын хөлсний талыг авсан бөгөөд түүнд хамаарах ажлууд болох шалны плитаг наах 1 давхрын хар болон цагаан замаск хийх ажлуудыг дуусгасан. Харин 2 давхрын хар болон цагаан замаск 3 давхрын марш чулуу наах ажлууд л үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 50%-ийн ажил бүрэн хийгдсэн байна. Улмаар хариуцагч нарын зүгээс гэрээнд заасан хугацаанд ажлаа эхлүүлсэн ба гэрээний хугацааг баримтлан ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан. Тодруулбал шалны плитаг 294м.кв-д наасан 8,232,000 төгрөг/1м.кв-ыг 28000 төгрөгөөр тооцсон/ Нэгдүгээр давхрын тэгшилгээний хар замаск болон цагаан замаск 144м.кв үнэлгээ нь 1,000,000 төгрөг нийтдээ 9,232,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар тайлбар гаргасан. Гэвч энэхүү тайлбарыг үнэлээгүйд гомдолтой байна.

4.3. Гэтэл шүүхээс үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Учир нь тухайн ажлын гүйцэтгэх гэрээг цуцалж дуусгавар болгож нөхцөл байдал нь хэнийг буруу байсныг зөв тогтоож чадсангүй. Иймд тус шүүхийн 2024.01.09-ний өдрийн 130/ШШ2024/00033 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Гэрээнд заасан ажлыг хариуцагч нар хийж гүйцэтгээгүй. Миний ах нас барсан учраас би Казакстан улс руу 1 сар хүрэхгүй хугацаанд яваад ирсэн. Материалаар хангаагүй гэдэг нь худал. Тухайн үед материалыг нь авч өгөөрэй гэж хүнд захиад явсан. Хариуцагч нарыг дуудахад ирээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч К.Е- болон К.Б- нарт холбогдуулан ажлын хөлсөнд урьдчилж төлсөн мөнгөний 50 хувь буюу 4.650.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. К.Е- болон К.Б- нар гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийсэн учир өөр хүмүүсээр хийлгэж байна. Урьдчилгаанд авсан нийт 9.300.000 төгрөгийн тал хувьд нь ногдох ажлыг хийж намайг хохироосон учраас ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 9.300.000 төгрөгийн 50 хувь болох 4.650.000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тайлбарласан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...захиалагчийн өгсөн материалаар 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. 1 давхрын цагаан болон хар замаскийг хийсэн. Өгсөн материалуудаар нь дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн ба түүний дараа дахин материал авч ирж өгөөгүй тул бид өөрсдийн санаачилгаар гэрээгээ цуцалж, ажлаа дуусгаад дараагийн гэрээт ажлуудаа хийхээр явсан” гэж шүүхэд тайлбар гаргасан байна.

 

            8. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр Т.А- болон К.Е-, К.Б- нар харилцан тохиролцож, захиалагчийн өгсөн материалаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауыл гэх газарт байршилтай 14 х 19 м-ийн хэмжээтэй, 366 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын (1) гадна талын хөөсөн фасад хийх, (2) барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, (3) 3 давхрын шатны марш чулуу наах, (4) 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг 4 төрлийн ажлыг ажил гүйцэтгэгч нар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, харин захиалагч нь нийт 18.000.000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч хожим нь талууд гэрээнд заасан дээрх ажлуудаас барилгын гадна талын хөөсөн фасад хийх ажлаас бусад ажлыг 10.000.000 төгрөгөөр гэрээнд заасан хугацаанд хийхээр тохиролцсон ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хожим хийсэн тохиролцооны талаар, захиалагчийн ажил гүйцэтгэгч нарт урьдчилж төлсөн 9.300.000 төгрөгийн талаар маргаагүй байна.

           

9. Гэрээний талууд анх 4 төрлийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч хожим нь барилгын гадна талын хөөсөн фасад хийх ажлаас бусад ажлыг 10.000.000 төгрөгөөр гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон, нэхэмжлэгч буюу захиалагч нь “барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах ажлыг гүйцэтгэгч нар хийсэн, харин 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлаас 1 давхрын цагаан замаск татах ажлыг дутуу хийсэн, 3 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлыг огт хийгээгүй учир ажлын хөлсөнд урьдчилж төлсөн 9.300.000 төгрөгийн тал хувийг буцаан гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ тодорхойлсон, гэрээнд заасан ажлуудаас ажил гүйцэтгэгч нарын бүрэн гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй буюу дутуу үлдээсэн ажлын талаарх нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой хариуцагч нар маргаагүй хэдий ч “барилгын материалаар хугацаанд нь хангаагүй захиалагчийн буруугаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй” гэж тайлбарлаж, 9.300.000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан учраас одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж маргажээ.

 

10. Дээрхээс дүгнэвэл, талууд захиалагч буюу нэхэмжлэгчийн материалаар 3 төрлийн ажлыг 10.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон, үүнээс ажил гүйцэтгэгч нар (1) барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах ажлыг бүрэн, (2) 3 давхрын шатны марш чулуу наах ажлыг огт хийгээгүй, (3) 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлаас 1 давхрын цагаан замаск татах ажлыг дутуу хийсэн талаар маргаагүй, харин дээрх гурван төрлийн ажлын нийт хөлсийг 10.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч тус бүр нь ялгамжтай үнэлгээтэй талаар маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргажээ. Тодруулбал нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг өөрийн урьдчилгаанд төлсөн 9.300.000 төгрөгийн тал хувьтай нь тэнцэнэ гэж үзсэн бол хариуцагч нараас “захиалагч нь материалаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүний буруугаас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, хоорондоо тооцоогүй” гэж хариу тайлбар ирүүлж шүүхэд мэтгэлцсэн байна.

 

11. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл хийгээд хариуцагчийн татгалзлын үндэслэлд тус тус хууль зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар тодорхойлж, тодруулбал нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч Т.А- нь “К.Е- болон К.Б- нар гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийсэн учир өөр хүмүүсээр хийлгэж байна. Урьдчилгаанд авсан нийт 9.300.000 төгрөгийн тал хувьд нь ногдох ажлыг хийж намайг хохироосон учраас ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 9.300.000 төгрөгийн 50 хувь болох 4.650.000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж тодорхойлсоор байхад шүүх “нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлсөн мөнгөнөөс буцаан гаргуулахыг хүссэн 4.650.000 төгрөгөөс ажилчдын хоол ундны мөнгө гэж шилжүүлсэн 600.000 төгрөгийг хасаж, үлдсэн 4.050.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож” гэж нэхэмжлэлийн үндэслэлд зааснаас өөрөөр тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.

12. Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг тайлбарлах эрхийг хуулиар гагцхүү зохигч талуудад олгосон бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх, мөн хариуцагчийн тайлбар, үгүйсгэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэхийн аль аль нь мэтгэлцэх зарчмын агуулгад харшлах ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх процессыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт тодорхой хуульчилсан байна.

 

13. Иймээс маргааны үйл баримт, түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд, тодруулбал гэрээгээр тохиролцсон гурван төрлийн ажлын тус бүрийн ажлын хөлсний үнэлгээний талаар талууд өөр өөр байр суурьтай бөгөөд талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодитой тогтоогдоогүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн тайлбар үгүйсгэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан талуудын үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар маргааны үйл баримтад үндэслэлтэй тайлбарлаж хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч нарын “шүүхээс үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэнгүй, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, дуусгавар болгосон нөхцөл байдал нь хэний буруу байсныг зөв тогтоож чадсангүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож...” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

14. Хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕ