| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0233/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Р.Батнасан,
хохирогч Б.Тэмүүжин,
шүүгдэгч Д.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 1809046200127 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, Япон амортизатор засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 900б тоотод оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кейсер” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах пабад иргэн Б.Тэмүүжингийн нүүрэн тус газарт пивоны шилэн аягаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Бид хамт сууж байгаад Мягмарбат гэдэг залуу ирсэн. Бид нар удаан уулзаагүй байсан учир уулзаж хамт сууя гэсэн. Ирэхдээ Дахинбаяртай хамт ирсэн. Манай найзууд тухайн рестораны дээд талын буудлын өрөө рүү орцгоосон. Мягмарбат Дахинбаяр бид 3 үлдсэн. Мягмарбатыг тамхи татах гээд гарах хооронд энэ хэрэг болсон. Д.Д өнгөрсөн жилийн цагаан сараар гар барилдаан хийгээд надад ялагдаад шар айрагны шилэн аягаар цохих гэж дайрч байсан. Яагаад ингээд байгаа юм бэ? гэхэд чамайг цохимоор санагдаад байна гэж байсан. Дараа нь уулзахдаа цохьсон нь урьд хэлж байснаа л гүйцээсэн юм байх гэж бодож байна. Нүдний дээд хэсэгт цохьсон. Одогоор 2.5 см зүүн нүдний дээд хэсэгт товгор сорвитой. Хөмсөгний булчин зөрж эдгэсэн байна гэсэн. Би тухайн үед буюу 7 дугаар сарын 07-ны өдөр хуримын зураг авалттай байсан учир нарийн эмчилгээ хийлгэж чадаагүй шархыг хурдан эмчилж хөхрөлтийг хурдан арилгая гэж бодсон. Тиймээс зөрж эдгэсэн байх. Сорви арилгах эмчилгээ нь 950.000 төгрөг болж байгаа. Учирсан гэмтлийн улмаас 10 хоног ажилдаа очиж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны хохирол 1.000.000 төгрөг, мөн 450.000 төгрөгийг мэс заслын дараа гарах эмчилгээнд зарцуулна гэж үзэж нэхэмжилсэн. Гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 12.00 цагийн орчим уг хэрэг болсон. Урьд нь бид 2 гар барилдаан хийж байсан. Тухайн үед тэр асуудлаас болж хоорондоо маргалдаж байсан. Хэрэг болсон өдөр Б.Тэмүүжин “Улаан загалмай” “НҮБ” зэрэг байгууллагаас надад гэр олгож өгье гэж ярьсан. Би хичнээн ядарсан ч чамаас гуйхгүй гэдэг асуудлаас болоод маргалдсан. Нүүрэн тус газар нь шар айрагны шилэн аягаар цохьсон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 1809046200127 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө найз Мягмарбатын хамт Тэмүүжинг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөх эмнэлэгийн урд байдаг “Кэйсер” нэртэй зочид буудлын паб дотор сууж байхад нь очсон. Тэгээд бид нар хөлбөмбөг үзэж пиво ууж байгаад гар барилдаанаар хоорондоо үзэж байгаад Тэмүүжин бид хоёр маргалдсан. Тэмүүжин надтай маргалдаж байгаад намайг түрүүлээд гараараа цохьсон. Намайг сүртэй цохиогүй, миний нүд ам хөхрөөгүй. Тэгэхээр нь би Тэмүүжингийн нүүр хэсэгт хоёр хөмсөгний дунд хэсэгт нь ширээн дээр байсан пивоны грүшик аваад цохьсон. Намайг цохисоны дараа Тэмүүжингийн хөмсөгний орчимд нь язарч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хохирогч Б.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 6 дугаар сарын 30-ны орой 21:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэйсер зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах пабад Ренчиндорж, Ням-Очир, өөр нэг залуугийн хамт орж үйлчлүүлсэн. Бид дөрөвийг пиво уугаад сууж байхад Мягмарбат, Шонхор гэдэг хоёр залуу орж ирсэн. Шонхорын жинхэнэ нэрийг Даваадоржийн Дахинбаяр гэдэг. Ренчиндорж, Ням-Очир болон нөгөө танихгүй залуутай гурвуулаа буудлын өрөө рүү орсон. Би Мягмарбат, Шонхор хоёртой үлдсэн. Өмнө нь Шонхор бид хоёр муудалцаж байсан. Гэтэл Шонхор өмнөх муудалцсан асуудалтай холбоотой над руу хэрүүл өдсөн. Өмнө гар барилдаанаас болж муудалцаж байсан. Гэтэл энэ удаа гар барилдаан хийгээд чи худлаа бууж өгөөд байна, чи намайг басаад байна гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Мягмарбат тамхи татахаар гарсан. Гэтэл Шонхор ширээн дээр байсан пивоны бакалаар миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би түүнийг тэвэрч аваад зууралдаад газар унасан. Энэ үед Мягмарбат орж ирээд салгасан. Миний зүүн хөмсөгний хэсэгт язарч цус гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Мягмарбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын 30-ны орой Дахинбаяр бид хоёр манай найз Тэмүүжин 1 дүгээр төрөх эмнэлгийн урд байдаг Кэйсер зочид буудлын ресторанд байна гэхээр нь очсон. Тэгээд Тэмүүжин, Дахинбаяр бид гурав хөлбөмбөг үзэнгээ хүний 4 шил пиво ууцгаасан. Тэгээд хөлбөмбөг үзээд сууж байхад Тэмүүжин, Дахинбаяр хоёр гар барилдах талаар ярилцаж байсан. Тэр асуудлаасаа болж Тэмүүжин, Дахинбаяр тэр хоёрыг маргалдсан гэж бодож байна. Би ууж идсэн юмныхаа төлбөр тооцоог хийчихээд оо-ийн өрөө ороод ирэх хооронд Тэмүүжин, Дахинбаяр хоёр маргалдчихсан, Тэмүүжингийн хөмсөгнөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12176 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх сорви гэмтэл нь цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Ц.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кейсер” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах пабад иргэн Б.Тэмүүжинтэй зүй зохисгүй харьцаж улмаар түүний нүүрэн тус газарт пивоны шилэн аягаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт сорви” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Тэмүүжингийн “...Шонхор /Дахинбаяр/ ширээн дээр байсан пивоны бакалаар миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөгний хэсэгт язарч цус гарсан....” мэдүүлэг, гэрч Д.Мягмарбатын “...Тэмүүжин, Дахинбаяр хоёр маргалдчихсан, Тэмүүжингийн хөмсөгнөөс цус гарч байсан...” мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12176 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогч Б.Тэмүүжингийн биед хүч хэрэглэсэн үйлдэл, хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Дын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Тэмүүжингээс “...сорви арилгах мэс засал, эмчилгээнд 1.450.000 төгрөг, 10 хоног ажиллаагүй цалин 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн ба шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс түүний эмчилгээнд 1.000.000 төгрөгийг төлсөн байна.
Хэрэгт хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдаж ажиллаагүй болохыг нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй тул тухайн нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээхээр тогтов.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцсан зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Тэмүүжингийн нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон 1.450.000 төгрөгийн гэм хорын хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН