Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 664

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2016/00664

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, Загдал 4 дүгээр баг, Шандын 4-1 тоотод оршин суух, Сартуул овогт Гэндсүрэнгийн Бэгзсүрэн /РД:НМ49040317/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Загдал, 4 дүгээр баг, Айргийн Хондлойд оршин суугч Олхонууд овогт Чунагдоржийн Ганзориг /РД:НМ73080317/-д холбогдох,

2.125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад              

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Ганзоригийн өмчлөлийн 85 толгой, адуу миний эзэмшил тариан талбайд орж 2.125.000 төгрөгийн хохирол учруулсан. Сумын хохирол тооцох комисс тооцон үзээд нэг бодыг 25.000 төгрөгөөр тооцсон. Иймд Монгол Улсын Газар, тариалангийн тухай хууль, сумын хохирол тооцох комиссын шийдвэрийн дагуу Ч.Ганзоригоос хохирлын хэмжээ болох 2.125.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Ч.Ганзориг нарын эвлэрлийн гэрээ, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Бэгзсүрэн нь хариуцагч Ч.Ганзоригоос гэм хорын хохиролд 2.125.000 төгрөггаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ч.Ганзориг нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.125.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 5-нд бэлнээр 1.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 1.125.000 төгрөгт 8 дугаар сард багтаан 1 ширхэг даага өгч, дээрх төлбөрийг барагдуулахыг зөвшөөрсөн байна. /хх 14/

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Бэгзсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48950 төгрөгийн 50 хувь болох 24.475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 24.475 төгрөгийг, хариуцагч Ч.Ганзоригоос 24.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Бэгзсүрэнд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.125.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Ч.Ганзоригийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бэгзсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48950төгрөгийн 50 хувь болох 24.475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 24.475 төгрөгийг, хариуцагч Ч.Ганзоригоос 24.475төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бэгзсүрэн /РД:НМ49040317/-д олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Ганзориг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ