Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00040

 

 

А.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Б овогт А-ний Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургууль /захирал Ц.А/-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай”  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А-, хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1. А.Х- би Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Архангай аймаг дахь салбар сургуулийг “Багш, Бага ангийн багш” мэргэжлээр 2021 онд Бакалаврын зэрэгтэй D********* дугаарын дипломтой төгссөн юм. 

1.2. Би А- сумын уугуул иргэн ба нөхөр хүүхдүүдийн хамт тус суманд амьдардаг. Би тус сургуулийн захиралд 2021 оны 9 дүгээр сард “Намайг багшаар авч ажиллуулна уу” гэж өргөдөл, хүсэлт гаргасан бөгөөд байнга очиж энэ хүсэлтээ уламжилж байсан ба миний энэ хүсэлтийг харгалзаж сургуулийн захирал Ц.А гуай намайг тус сургуулийн Монгол хэлний багш Д.Н-ын оронд анх багшаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захирлын Б/11 дүгээр тушаалаар түр томилон ажиллуулсан.

1.3. Д.Н-ын амралтын хугацаа дуусаж ажилд ороход 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/14 тоот тушаалаар тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдон хорих ялаар шийтгэгдсэн Э.Ч-ийн оронд Монгол хэлний багшаар томилон ажиллуулсан.

1.4. Би Монгол хэлний багшаар ажиллаж байсан хугацаанд ажил мэргэжлээр гологдож байгаагүй. Мөн ажлын хариуцлага алдаагүй, зөрчил дутагдал гаргаагүй ба захиргаанаас арга хэмжээ авхуулаагүй. Би тус сургуульд Монгол хэлний багшаар үр бүтээлтэй ажиллаж байхад намайг ямар ч үндэслэлгүйгээр 1 жил 3 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд би гомдол гаргаж байна. “Намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг минь өг” гэж шаардахад захирал “өнөө маргааш өгнө” гэсээр удааж байгаад “ял шийтгэгдсэн Э.Ч- ялаа эдэлж дуусгаад ирсэн тул түүнийг ажилд авч чамайг гаргаж байна” гэж хэлж 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн гэх Б/40 тоот тушаалыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн. Уг тушаалд намайг жирэмсний амралтад явсан Б.Т-ы амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан А.Х-ыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн” гэсэн тухай бичсэн байсан. Э.Ч-ийн тухай бичээгүй байсан.

1.5. Би захиралд “Таны тушаал хууль зөрчиж байна” гэж хэлж урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь гомдлыг минь хянаж хэлэлцэхэд захирал Ц.А нь “Эвлэрч байна. Ажилд нь томилж өгнө” гэж гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж хариу өгсөн. Гэхдээ захирал нь “Өнөө маргааш ажил байхгүй. Он гараад томилно” гэж цаг хугацааг уртасгаж гомдол гаргах хугацааг хэтрүүлэх гэж байгаа тул шүүхэд хандаж байна.

1.6. Нэг зүйл тодруулахад: Би захирлын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 тоот тушаалаар тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байгаад хүн амины хэргээр хорих ялаар шийтгэгдсэн Э.Ч-ийн оронд бүр мөсөн томилогдсон бөгөөд надтай 2022 оны 10 гаар сарын 24-нд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийсэн байсан. /хавсаргав/

1.7. Э.Ч- багш хорихоос суллагдаж ирээд сургуулийн захирал Ц.А-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дугаартай тушаалаар монгол хэл, уран зохиолын багш хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ээж Д.Т-ийн оронд багшаар бүр мөсөн орсон байгаа. Уг тушаалыг захирал гаргаж өгнө биз.

1.8. Гэтэл захирал Ц.А-баяр гуай албан тушаалаа ашиглан, эрх хэмжээндээ байгаа тамга тэмдэг, албан бланкыг ашиглаж ажилд орсон тухай олон янзын орсон гарсан тушаал гаргаж байгаа бөгөөд эдгээр баримтуудыг захирал өөрөө ч нотолж чадахааргүй замбараагүй болсон байгаа. Нотолж тайлбарлаж чадвал өгнө биз.

1.9. Би ял шийтгэгдээд хоригдохоор явсан багш Э.Ч-ийн оронд багшаар захирлын тушаалаар орсон ба Э.Ч- гуай ээжийнхээ оронд бүр мөсөн орсон болохоор

өөрийгөө бүр орон тооны ажилтан багш гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.Иймд багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.     

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:  

2.1. Нэхэмжлэгч гэх А.Х- нь тус сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар түр хугацаагаар ажиллаж байсан нөхцөл байдал нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.Үүнийг нарийвчлан тайлбарлавал:

2.2. Тус сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол хэлний багшаар ажиллаж байсан Д.Н-ын оронд түр томилогдож, Монгол хэл, уран зохиолын багш Д.Н-ын жирэмсний болон амаржсаны амралт дууссан тул тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Д.Н-ыг ажилд томилж, А.Х-ыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түр ажлаас чөлөөлсөн.

2.3. Тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Монгол хэлний багш Э.Ч- түр чөлөө авсантай холбогдуулан мөн өдрөөс Монгол хэлний багшаар А.Х- түүний оронд түр томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар А.Х-ыг түр чөлөөлсөн.

2.4. Тус сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А.Х-ыг болон цагийн багш нарыг чөлөөлөх тухай А/17 дугаартай тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, дараа нь тус сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэлний багш мэргэжилтэй А.Х-ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан.

2.5. Тус сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Ж.Б- жирэмсний амралт авсантай холбогдуулан цагийн багшаар ажиллаж байгаа А.Х-ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-оос эхлэн түүний оронд түр хугацаагаар авч ажиллуулж байгаад тус сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Ж.Б-ын жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан А.Х-ыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагийн багшаар Ж.Б-ыг мөн өдрөөс эхлэн томилон ажиллуулсан.

2.6. Тус сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Т- жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд цагийн багшаар ажиллаж буй А.Х-ыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаад тус сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б.Т-ы жирэмсний амралт 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул мөн өдрөөс А.Х-ыг ажлаас чөлөөлсөн.

2.7. Тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Могол хэл, уран зохиолын багш А.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан.

2.8. Тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б.Т- нь жирэмсний амралт авсан тул түүний оронд нь А.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түр ажиллуулж байгаад тус сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б.Т-ы жирэмсний амралт дууссан тул түүний оронд нь түр ажиллаж байсан А.Х-ыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс Б.Т-ыг томилсон болно.

2.9. Иймээс тус сургуульд түр хугацаагаар Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан А.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд томилон ажиллуулах боломжгүй болно.   

 

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00195 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Х-ын Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн Монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Х-д олгож шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.А.Х- намайг тус сургуулийн захирал Ц.А-баяр нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, мөн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар гэм буруутайд тооцогдон 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн, тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байсан Э-ийн хүү Ч-ийн оронд “Монгол хэлний багшаар томилсон байсан. Тушаалын заалтууд нь хууль зөрчөөгүй байсан. Захирал Ц.А нь 2022 оны 5 дугаар сарын 16-нд түр чөлөө авсан гэх Э.Ч-ийн оронд А.Х- намайг томилсон байсан үед буюу 6 дугаар сарын 02-нд Э.Ч- нь ял аваад шоронд хоригдчихсон байсан /2023 оны 4 дүгээр сард хорихоос суллагдсан/

4.2. Захирал Ц.А нь надад “Чи энэ орон тоонд одоо бүр мөсөн ажиллах боллоо” гэж хэлж монгол хэлний багшаар тасралтгүй ажиллуулж байсан.

4.3. Захирал нь А.Х- намайг шоронд ял эдлэхээр явсан багш Э.Ч-ийн оронд “Монгол хэлний багшийн” албан тушаалд авч ажиллуулсан уг Б/14 тоот тушаалыг өөрчлөөгүй байгаа бөгөөд одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. Тодруулбал: “Э.Ч-ийн оронд ажиллуулж байсан А.Х- намайг томилсон Б/14 тушаалыг хүчингүй болгосугай” гэсэн тушаал гаргаж Б/14 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй болохоор одоо уг тушаал хүчинтэй хэвээр тооцогдох учиртай.

4.4. 2022 оны 9 дүгээр сард шинэ хичээлийн жил эхлэхэд захирал Ц.А нь бүх багш нарт шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ хийхэд багш А.Х- надтай “... Ажлын албан тушаал нь Монгол хэл уран зохиолын багш, гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24-ээс эхэлж ...” гэж бичиж №125 дугаартай хөдөлмөрийн гэрээ хийж нэг хувийг надад өгч ажиллуулсан. /хэрэгт байна/

4.5. Энэ №125 тоот гэрээний дараа захирал надтай тэр жилдээ өөр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй гэдгээ нотолж хэрэгт өөр гэрээ авч ирж өгөөгүй байна.

4.6. Харин хичээлийн шинэ жил эхлэхэд захирал Ц.А нь 2023 оны 9 дүгээр сарын 04-нд бүх багш нартай дахин хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн бөгөөд багш А.Х- надтай ч №135 дугаартай хөдөлмөрийн гэрээ хийсэн. Үүнд: “Монгол хэл уран зохиолын багш гэж мөн хугацаа заагаагүй 2023 оны 9 дүгээр сарын 04 гэж бичиж орхисон байсан.

4.7. Гэтэл энэ хугацаа заагаагүй №135 дугаартай гэрээний анх бичсэн хугацааны ар талд захирал нь өөр өнгөтэй үзэг, балаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны гэж бичсэн бөгөөд үүнийг захирал Ц.А нь А.Х- намайг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/40 дугаартай тушаалаар “Т-ы оронд ажиллаж байсан болгож” хуурамч тушаал гарган ажлаас чөлөөлсөн үед засварлаж дараа нь нэмж бичсэн байгаа нь баримтыг үзэхэд тодорхой байна. Тодруулбал захирал Ц.А нь албан тушаалаа ашиглаж зориуд будилаан хийж бичиг баримтыг засварласан гэж үзэж байна.

4.8. Хөдөлмөрийн гэрээг хийж намайг бусдын оронд түр авч ажиллуулж байсан бол захирал Ц.А нь чөлөө авсан уг үндсэн багшийн нэрийг бичиж түүний оронд түр ажиллаж байгааг мөн ажиллах хугацааг нь тушаалд болон хөдөлмөрийн гэрээнд дурдаж бичсэн байх ёстой. Хууль, журам, зарчим нь ч тийм байх ёстой гэдгийг шүүх мэдэж энэ байдлыг нотлох баримт болгон үнэлэх байсан.

4.9. А.Х- би дээд боловсролтой, магистр цолтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, мэргэшсэн бөгөөд ажилдаа гологдсон талаар баримт хэрэгт авагдаагүй.

4.10. Шүүхэд захирал Ц.А нь15-16 орчим тооны ажилд түр орсон гарсан гэх А.Х- надад холбоотой олон тушаалуудыг өгчээ. Эдгээр тушаалуудыг А.Х- би огт хараагүй ба мэдэхгүй юм байна. Надад ямар ч тушаалыг захирал өгч байгаагүй. Өгснөө ч баталж чадахгүй. Харин Э.Ч-ийн оронд багшаар авсан тухай 2022 оны Б/14 дугаартай тушаал болон 2023 оны Б/40 дүгээр тушаал мөн №125,135 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүдийг л өгсөн. Дээрх олон тушаалуудыг захирал өөрөө ч А.Х- надад өгөөгүй гэдгээ өмнөх шүүх хуралд хүлээн зөвшөөрч хэрэгт хавсаргаснаа хэлж байсан. /камерт бичигдсэн байгаа/ Харин өөр тушаал, гэрээг А.Х- надад өгсөн, мөн мэдэгдсэн гэж байгаа бол түүнийг хүлээлцсэн, хурлаар хэлэлцсэн гэх мэт байдлаар хариуцагч хуульд зааснаар нотлох үүрэгтэй байсан. Нотолж чадахгүй бол захирал өөрөө албан тушаалаа урвуулан ашиглаж тамга тэмдэг, албаны бланк маягтыг зориуд энэ маргаанаас ялах гэж хуурамчаар үйлдэж ирж хэрэгт хавсаргаж байгаа бус уу гэж сэжиглэх хардах, эргэлзээ төрүүлж байна.

4.11. Тийм учраас сургуулийн захирал Ц.А-ын гаргаж өгсөн 2022 оны Б/14, 2023 оны Б/40 дүгээр тушаалаас бусад тушаалыг нотлох баримтуудаар үнэлэх ямар ч боломжгүй, үнэлэх үндэслэл эргэлзээтэй байна гэж үзэж байгаа тул шүүх үүнийг анхаараасай гэж хүсэж байна.

4.12. Захирал Ц.А нь ”Би А.Х-ыг Э.Ч-ийн оронд авсан тушаалыг хаячихсан, гээсэн олоогүй. Мөн Э.Ч-ийн оронд С багшийг авч ажиллуулсан тушаалыг ч олоогүй” гэж хэлсэн бөгөөд хуралд тэмдэглэлд болон видео бичлэгт бичигдсэн билээ.

С-ийг томилсон тушаалд болон хөдөлмөрийн гэрээнд “Хугацаатай” гэж бичсэн байсан нь захирал маш их будилаантай хүн эсвэл мэдлэг дутуу хүн гэж бодохоор юм. Үүнд нэг анхаарах зүйл бол би Э.Ч-ийн одоогийн ажиллаж байгаа орон тоонд булаацалдаж байгаа биш. Тэр ээжийнхээ /Туяа/ оронд орсон байгаа.

4.13. Анхан шатны шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ “А.Х- нь хоёр дахь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж намайг буруутгаж шийдвэрлэсэн. Тодруулбал: Б.Т-ы оронд ажиллахыг зөвшөөрсөн гэж намайг буруутгаад байгаа бололтой. Тэгвэл уг 135 дугаартай хөдөлмөрийн гэрээнд намайг бусдын хэн нэгэн багшийн /Б.Т-ы/ оронд төдөн сар, жилээр түр хугацаагаар ажиллах ёстой гэж бичээгүй байгаа. Шинэ хичээлийн жилд бүх багш нартай захирал хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд надтай ч дээрх гэрээг байгуулсан. Үүнд хэн нэгний оронд гэж хугацаа зааж бичээгүй үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ байсан гэдгийг үнэлээгүй. Уг гэрээний он сар бичсэн хэсэгт захирал өөрийн гараар дараа нь өөр чернилэн үзгээр засварлан нэмж бичсэн зэргийг анхан шатны шүүх үзэж хянаж дүгнэсэн атлаа нотлох баримтаар зөв үнэлээгүй. Намайг захирал Э.Ч-ийн оронд бүр орон тооны багшаар авсан тушаал нь хэвээрээ, Э.Ч-ийн орон тоо сул болсон байсан үед энэ орон тоонд мэргэжлээрээ “Монгол хэл-Уран зохиолын багш” гэж А.Х- намайг томилогдсон байдлыг зөв үнэлж дүгнээгүй.

4.14. Шүүгч нь нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж, буруу хуулийг хэрэглэж тайлбарласан, шударга зарчмыг үндэслэл болголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул гомдол нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Н-, Т, Ч-, Б- зэрэг хүмүүсийн оронд түр ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ажил олгогчийн 25 дугаартай тушаалаар Т гэх багш жирэмсний амралт авсан тул түүний оронд түр томилсон байгаа. 2023 оны 10 дугаар сард Т-ны жирэмсний амралтын хугацаа нь дууссан тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Уг Т-ны оронд түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилсон байдаг. Тиймээс анхан шатны шүүхээс түр ажиллаж байсан хүнийг бүр орон тоонд эгүүлэн тогтоох боломж байхгүй. Энэ талаар хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, бүх баримтыг хангалттай гаргаж өгсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв сэргээн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

7. Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулж, тус  сургуулийн “Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Монгол хэлний багш Д.Н-ын оронд анх багшаар 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захирал Б/11 дүгээр тушаалаар түр томилон ажиллуулсан. Д.Н-ын амралтын хугацаа дуусаж ажилд ороход 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/14 тоот тушаалаар тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдон хорих ялаар шийтгэгдсэн Э.Ч-ийн оронд Монгол хэлний багшаар томилон ажиллуулж байгаад ямар ч үндэслэлгүйгээр 1 жил 3 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Би Э.Ч-ийн оронд бүр мөсөн томилогдсон бөгөөд надтай 2022 оны 10 дугаар сарын 24-нд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийсэн. Э.Ч- багш хорихоос суллагдаж ирээд сургуулийн захирал Ц.А-ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/39 дугаартай тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ээж Д.Туяагийн оронд багшаар бүр мөсөн орсон тул би өөрийгөө бүр орон тооны ажилтан багш гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа. Гэтэл захирал Ц.А- албан тушаалаа ашиглан, эрх хэмжээндээ байгаа тамга тэмдэг, албан бланкыг ашиглаж ажилд орсон тухай олон янзын орсон гарсан тушаал гаргаж байгаа” гэж тайлбарлажээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч А.Х- нь тус сургуульд цагийн болон жирэмсний амралт авсан багш нарын оронд түр ажиллаж байсан. Э.Ч- багшийн оронд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр М.С- багшийг Монгол хэлний багшаар томилсон. Иймээс тус сургуульд түр хугацаагаар Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан А.Х-ыг урьд эрхэлж байсан ажилд томилон ажиллуулах боломжгүй” гэжээ.

9. Ажилтан А.Х- нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн 66 дугаар тэмдэглэлээр “...талуудыг эвлэрсэнд тооцож, гомдол гаргагч А.Х-ыг ажил олгогчтой уулзаж, тохиролцоонд хүрэх нь зүйтэй гэж шийдвэрлэв” гэж шийдвэрлэсэн боловч талууд тохиролцоонд хүрээгүй тул хуралдааныг хаав гэжээ. Ийнхүү шийдвэрлэснээс хойш 1 сар, 4 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

            10. Нэхэмжлэгч А.Х-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:

  • Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэлний багш Д.Н-ын оронд ажиллаж байсан Монгол хэлний багш М.С-ийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ээс өөрийн хүсэлтээр чөлөөлж, оронд нь монгол хэлний багш мэргэжилтэй А.Х-ыг томилж мөн өдөр 116 тоот хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
  • тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Монгол хэлний багш Д.Н-ын амралтын хугацаа дуусаж ажилд орж байгаа тул оронд нь ажиллаж буй Монгол хэлний багш мэргэжилтэй А.Х-ыг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
  • сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Монгол хэлний багш Э.Ч- түр чөлөө авсантай холбогдуулан түүний оронд Монгол хэлний багш мэргэжилтэй А.Х-ыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон,
  • сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш А.Х-ыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
  • тус сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш А.Х-ыг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн, 
  • Тус сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэлний багш мэргэжилтэй А.Х-ыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагийн багшаар томилж, мөн өдрийн 125 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
  • 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Б- жирэмсний амралт авсантай холбогдуулан түүний оронд нь цагийн багшаар ажиллаж байгаа А.Х-ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-оос эхлэн томилсон,
  • захирлын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Б-ын жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан А.Х-ыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагийн багшаар томилсон,
  • Тус сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Монгол хэл, уран зохиолын багш Б.Т- жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд нь цагийн багшаар ажиллаж буй Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй А.Х-ыг 2023 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн томилсон,
  • тус сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Т-ы жирэмсний амралт 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, оронд ажиллаж байсан А.Х-ыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
  • захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус сургуульд гарсан цагийн зохицуулалтыг үндэслэн Монгол хэл, уран зохиолын багш А.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагийн багшаар томилсон,
  • захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Т- жирэмсний амралт авсантай холбогдуулан оронд нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй А.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн томилж, мөн өдөр 136 дугаартай хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
  • мөн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Т-ы жирэмсний амралт дууссантай холбогдуулан оронд нь ажиллаж байсан А.Х-ыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 

11. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч А.Х-ыг хариуцагч Баян-Өлгий аймгийн А- сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирал Ц.А нь тус сургуульд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт болон түр чөлөө авсан Монгол хэл, уран зохиолын багш нарын оронд түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

А.Х-ыг хамгийн сүүлд тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Т- нь жирэмсний болон амаржсаны амралт авсан хугацаанд түүний оронд мөн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан нь хэрэгт авагдсан ажил олгогч сургуулийн захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг удирдлага болгож, 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн үйл ажиллагааг гомдолд дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

12. Нэхэмжлэгч А.Х-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус сургуулийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар гэмт хэрэгт холбогдож хорих ялаар шийтгэгдсэн, тус сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байсан Э.Ч-ийн оронд Монгол хэлний багшаар бүр томилогдон, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагаагүй байгуулсан гэж маргах боловч энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

           

13. Нэхэмжлэгчээс гаргасан “...шүүгч нь нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж, буруу хуулийг хэрэглэж тайлбарласан, шударга зарчмыг үндэслэл болголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шийдвэрлэсэн” гэсэн гомдол тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн уг давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг шинжлэн судлахад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

14. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК