Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1809044310137 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, монелийн 14 дүгээр гудамжны 254б тоотод оршин суух, урьд шүүхээс ял шийтгэгдэж байгаагүй

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Материал хаус дэлгүүрийн 85 тоот лангууг ажлуулдаг иргэн Т.Гэрэлмаагаас 1.100.000 төгрөгийн бараа материал худалдан авч төлбөрийг банкны картаар төлөхөөр өгсөн боловч иргэн Т.Гэрэлмаа нь пос машин уншуулахдаа 1.100.000 төгрөг гэж бичих гэж байгаад сүүлийн 3 оронг дутуу бичиж, 1.100 төгрөг уншуулах замаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, улмаар Г.Б нь иргэн Т.Гэрэлмаа руу шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл 1.098.900 төгрөгийг Т.Гэрэлмаагийн барааны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809044310137 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би барилгын материал авахаар 100 айл барилгын материалын “Материал хаус” дэлгүүрээс бараа авахаар болоод 84 тоот лангуунаас 1.100.000 төгрөгийн бараа авсан. Тэгээд би авах бараагаа сонгосны дараа картаар төлбөрөө төлөхөөр болсон. Би картаа нөгөө хүнд өгсөн. Тэгтэл худалдагч хүүхэн миний картыг аваад пос машинд уншуулсан. Тэгээд тэр “өөрийнх нь пос машин болохгүй байна” гэж хэлээд миний картыг өөр пос машинд уншуулахаар аваад явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд “болчихлоо” гэж хэлээд авчирч өгсөн. Тухайн үед би мэдээгүй гараад явсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь над руу нөгөө хүүхэн миний гар утас руу залгаад “би мөнгөө буруу уншуулж авсан байна” гэж надад хэлсэн. Тухайн үед би “хөдөө явж байна очиж шалгуулж байгаад эргээд хэлье” гэж хэлсэн. Удаагүй 2-3 хоногийн дараа нөгөө хүүхэн над руу ярихаар нь би “тийм байна мөнгөө дутуу авсан байна. Одоохондоо мөнгийг чинь өгөх боломжгүй байна явцын дунд тэгж байгаад өгнө” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Материал хаус” дэлгүүрийн 85 тоот лангууг түрээслэн барилгын материал худалдан борлуулдаг юм. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хийгээд лангуун дээрээ зогсож байхад гаднаас 35-40 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Нийт 1.100.000 төгрөгийн бараа, материал авч тооцоогоо бэлэн мөнгө байхгүй, манай Хаан банкны пост машинд Төрийн банкны карт уншуулахаар надад картаа өгсөн. Би картыг нь авч уншуулахдаа миний ойрын хараа маш муу учир орон андуурч 000 дутуу хийсний улмаас 1.100 төгрөг уншуулан 1.098.900 төгрөг дутуу, авалгүй явуулсан байсан. Энэ тухайгаа орой тооцоогоо хийж байхдаа мэдэж Ганбаатарын Батмөнх гэгч 88303032 дугаар руу залгаж болсон зүйлийн талаар учирлан хэлж, үлдэгдэл мөнгөө шилжүүлэхийг хүсэхэд “за тэгсэн байна хэд хоногоос шилжүүлье” гэж тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл мессеж бичихээр “чиний буруу, өгөхгүй, цагдаа, шүүхээрээ яваад олж аваарай” гэх зэргээр доромжилж өгөхгүй байгаа. Би мөнгөө олж авмаар байна. Маш их гомдолтой байна. Мэдсээр байж надад мөнгөө өгчихгүй намайг сохор минь юугаа харж байсан юм бэ? чиний буруу биз дээ, хандах газарт нь хандаад мөнгөө олж авахыг чинь харна гэж хэл амаар доромжилсон. Гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-32 дугаар хуудас/,

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, Г.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-61 дүгээр хуудас/ гэрч Л.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Материал хаус” дэлгүүрийн 85 тоот лангууг ажиллуулдаг иргэн Т.Гэрэлмаагаас 1.100.000 төгрөгийн бараа материал худалдан авч төлбөрийг банкны картаар төлөхөөр тохиролцож иргэн Т.Гэрэлмаа нь пос машин уншуулахдаа 1.100.000 төгрөг гэж бичих гэж байгаад сүүлийн 3 оронг дутуу бичиж, 1.100 төгрөг уншуулах замаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж, тэр талаар Г.Бөд даруй мэдэгдсэн боловч тэрээр иргэн Т.Гэрэлмаа руу шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл 1.098.900 төгрөгийг Т.Гэрэлмаагийн барааны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдсээр төлөхгүйгээр зориуд зайлсхийж улмаар өөртөө авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Гэрэлмаагийн мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны хуулга, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж бусдын мөнгийг тодорхой хугацааны туршид өгөлгүй завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Бийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Гэрэлмаагаас “...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 76/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад  нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар  мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Бг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН