Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00041

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух С овогт Х-ын Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** оршин суух С овогт С-ын Е-т холбогдох, 

 

“Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалтай эзэмшил газраас хариуцагч С.Е-ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуун хашааг тус тус албадан нүүлгэхийг хүссэн” гэх иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл: Х.Б-ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай 700 м.кв талбайтай, Шырлаш 3-р багт байрлах хаваржааны зориулалттай газрыг С.Е-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газарт байршилтай малын хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, тухайн газарт барьсан байшин болон малын хашааг албадан нүүлгүүлэх тухай

1.1. Нэхэмжлэгч Х.Б- миний бие Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай 700 м.кв талбайтай, Шырлаш 3 дугаар багт байрлах хаваржааны зориулалттай газрыг хуулийн дагуу эзэмшдэг юм.

1.2. Энэхүү газарт 2 амбаар болон дээвэр бүхий малын хашааг 1983 онд миний эцэг болох М.Х-д “Алтай оргил нэгдэл”-ийн тусламжтайгаар анх бариулж байсан бөгөөд эцгээсээ миний бие өв залгамжлан авч, 40 жилийн хугацаанд мал маллаж, амьдарсан газар юм.

1.3. Тус хаваржаа, намаржааны зориулалттай газарт миний бие 2020 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар нүүж очин амьдарч чадаагүй байсан. Гэвч 2021 оноос эхлэн хариуцагч С.Е- гэх иргэн байшин, хашаа барьж, мал төллүүлж, хууль бусаар эзэмшиж эхэлсэн. Хариуцагч С.Е- нь 2021 онд надад мэдэгдэлгүйгээр хашаа барьсан байхад шаардлага тавьж, буулгуулж байсан боловч 2022 онд дахин сэргээж барьсан байсан. Үүнээс хойш, миний бие дахин очиж, ийм зардал гаргаж, битгий байшин, хашаа бариарай, өөрөө хөрөнгийн хувьд хохирно, дараа нь шүүхийн маргаан болно гээд хэлж байсан. Мөн хариуцагчид уг газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, миний хууль ёсны хөрөнгө болохыг тайлбарлаж хэлж байсан хэдий ч үг хүлээж авахгүй, хууль бусаар өөрийн байшин, хашаагаа барьж, өөрийн хөрөнгө мэтээр ашиглаж байна. Хариуцагчийн уг барьсан байшин, малын хашаа бүхий саравч нь миний эзэмшлийн 700 мкв талбайтай давхцалтай байгаа болно.

1.4. Миний бие хариуцагчтай аливаа байдлаар муудалцаагүй бөгөөд эвтэйхэн байдлаар тайлбарлан хэлж, дараа нь үүсэх үр дагавар, асуудлыг өөрөө хариуцахыг сануулсан.

1.5. Уг газраас С.Е-ийг гаргаж чадахгүй байгаа учраас өөрийн газар эзэмших эрхийг зохих ёсоор ашиглах, хаваржаа, намаржааны үед малаа маллах, төллөх боломжгүй болгож байгаа тул ийм учраас ийнхүү шүүхэд хандаж байна.   

1.6. Иймд, нэхэмжлэгч Х.Б- миний эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай 700 м.кв талбайтай, Шырлаш 3 дугаар багт байрлах хаваржааны зориулалттай газрыг С.Е-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газарт байршилтай малын хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, тухайн газарт барьсан байшин болон малын хашааг албадан нүүлгүүлж өгнө үү.

 

2. Нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага:

Х.Б- миний эзэмшлийн 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас С.Е-ийн 25.3 м.кв байшинг болон хашаа хороог албадан нүүлгэх тухай” гэж тодруулж байна гэжээ.   

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Ц сумын 3 дугаар багт байршилтай Шырлаш гэх газарт байгаа маргаан бүхий хаваржаанд ямар ч хамааралгүй.

2.2. Би 2018 онд А.Х-тай гэр бүл болсон. Миний хадам ах болох А.М, А.А нар нь 2021 онд Шырлашт байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд А.М нь хашааны саравчийг янзлаад зуслан руу гарч яваад 8 дугаар сард хадланд ирэхэд саравчийг буулгаж моднуудын нааш цааш нь болгоод тараагаад цацаад явсан байсан.

2.3. Дараа нь А.М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь А.М-ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байна. А.М, А.А нар нь надад хэлэхдээ тухайн хаваржаа бидний аавын эзэмшлийн хаваржаа байгаа, чи түр ашиглаж бай гэсэн. Би тэрний дагуу тухайн хаваржааг түр ашиглаж байгаа. Тухайн хаваржааны үндсэн эзэн А.М байгаа.

2.4.Дээрх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар 1993-1994 онуудад Баян-Өлгий аймгийн Ц сумын “Алтай-шын” ХК-ийн мал хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар хувьцаанд авсан байдаг. С.Т нь 1995 онд хавьцаагаар Х.Д-т худалдсан ба энэ талаарх гар баримт Х.Д-т байгаа. М.Х нь Х.Д-тай хамт тухайн хаваржаанд амьдарч байгаад 2009 онд нас барсан. Х.Д- нь 2011 онд аймгийн төв руу нүүхдээ чулуун хашааны саравчийг буулгаж авч явсан ба чулуу хашаа тэнд үлдсэн.Х.Д- аймаг руу нүүхдээ өөрийн ах М.А-д би аймаг руу нүүж явж байна, та хаваржааны чулуу хашааг авч үлдээрэй гээд үлдээгээд явсан.

2.5. М.А 2015 онд мөн нас барснаас хойш түүний хүү А.М-, А.А нар эзэмшиж ирсэн байдаг юм байна. Би энэ талаар А.М-, А.А нараас сонсож мэдсэн.Тухайн маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг бөгөөд тэнд газрыг зөвхөн гэрээгээр ашигладаг. Тэнд газар эзэмшүүлэхийг хуулиар зөвшөөрдөггүй. Х.Б- нь тэднээс ямар журмаар, яаж гэрчилгээ авсныг би мэдэхгүй. Нэгэнт тухайн хаваржааны газрын эзэн нь А.М- учир тэр хүн хариуцах ёстой гэж үзэж байна.

2.6. Маргаан бүхий чулуу хороо нь миний хороо биш. Тухайн хороог барих материалыг миний хадам ах болох А.М- гэж хүн гаргаж бариулсан. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Би энэ хэргийн хариуцагч биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.    

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00228 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаар бүхий 700 м.кв талбайтай хаваржааны зориулалтай газраас хариуцагч С.Е-ийн барьсан 26.5 м.кв талбайтай модон байшин болон 198.2 м.кв талбайтай малын чулуу хашааг тус тус албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Х.Б-ын       нэхэмжлэлтэй С.Е-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан  хэрэглэн, иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.2. Монгол Улсын иргэн Х.Б- би Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар 23-ны өдрийн 42 дугаартай захирамжаар нэгж талбарын ********** дугаар бүхий 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ********** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Уг гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинэчилж №********** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, уг газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн. Иймээс одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 42 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчинтэй байна.

4.3. Гэтэл Х.Б- миний эзэмшлийн газарт Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн С.Е- гэгч 2020 оноос дур мэдэн хувийн байшин барьж, миний чулуун хашаа, хороонд мал оруулж, хууль бусаар эзэмшин ашиглаж байна. Би уг асуудлаар Ц сумын ЗДТГ-ын дарга болон сумын хэсгийн төлөөлөгчид 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр гомдол гаргасан боловч тодорхой арга хэмжээ аваагүй өдий хүрсэн тул шүүхэд “Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаар бүхий 700. м.кв талбайтай хаваржааны зориулалтай газраас хариуцагч С.Е-ийн барьсан 26,5 м.кв талбайтай модон байшин болон 198,2 м.кв талбайтай малын чулуу хашааг тус тус албадан нүүлгэхийг хүсэж нэхэмжлэл гаргасан юм.

4.4. Маргаан бүхий газарт хариуцагч С.Е- нь өөрийн хувийн байшин барьж, Х.Б- миний өмчлөлийн хашаа, хороонд мал оруулж ашиглаж байгаа нь иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсоор байхад Х.Б- миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Нөгөө талаас анхан шатны шүүхээс маргаан бүхий газрын үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүй, дутуу дулимаг үзлэг хийж зөвхөн нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.5. Газрын тухай хуульд газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх, эрхийн гэрчилгээгүй иргэнд газар эзэмшүүлэхийг хориглосон байгааг анхан шатны шүүх анхаар үзээгүй байна.

4.6. Энэ нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай харшилж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00228 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын ********** дугаар бүхий 700м.кв талбайтай хаваржааны зориулалтай газраас хариуцагч С.Е-ийн барьсан 26,5 м.кв талбайтай модон байшин болон 198,2м.кв талбайтай малын чулуу хашааг тус тус албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслээд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

5.2. Тухайн багасгасан нэхэмжлэлийн шаардлага дээр чулуун хашааг нүүлгэх, С.Е-ийн өвлийн хашааг нүүлгэх тухай дурдсан. Маргаан бүхий газар нь Х.Б-ын ах Х.Д-ын газар байсан. Нэгдлийн үед баригдсан битүү чулуун хашаа байсан.

5.3. Нэхэмжлэгч 2011 онд аймагт нүүхдээ хариуцагчийн хадам ахад үлдээгээд явсан байна. Тухайн үед банз, бусад материалыг авч явсан байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай захирамжаар 700 м.кв газар эзэмшиж байгаа нь үнэн. Гэхдээ энэхүү газар нь маргааж байгаа газар мөн эсэх нь маргаантай.

5.4. Шүүхийн зүгээс үзлэг хийхэд маргаж байгаа газраас 1,25 км газарт нэхэмжлэгчийн модон хашаа, модон байшин нь байгаа. Нэхэмжлэгч тухайн эд хөрөнгө, газрыг “миний намаржааны газар” гэж тайлбарласан. Намаржааны газарт газрын гэрчилгээ шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн чулуун хашаатай газрыг 2012 онд авсан бол 2023 он хүртэл юу хийж байсан бэ? Газрын кадастрын зургийн давхцалыг холбогдох мэргэжилтнээр нь гаргуулсан.

5.5. Нэгдлийн үед баригдсан чулуун хашаа болохыг нэхэмжлэгч, хариуцагч нь хүлээн зөвшөөрч байгаа. Чулуун хашааг нүүлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. 2012 онд газар эзэмших гэрчилгээ авсан атлаа хэн нэгэн нэхэмжлэгчид энэхүү газар таны газар мөн гэж зааж өгсөн зүйл байхгүй. н.К-ээс гэрчийн мэдүүлэг авсан. н.Бүркитээс тодорхойлолт авсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодорхойлолт авсан боловч кадастрын мэдээллийн санд байгаагүй.

5.6. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Н.Бүркит нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газартай холбоотой кадастрын зураг хийж өгсөн байна. Энэхүү асуудалтай холбоотой Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гомдол гаргасан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газрын кадастр зураглалын тухай хуульд зааснаар дээд шатны байгууллага шийдвэрлэнэ гэсний дагуу дээд шатны байгууллагад гомдлоо гаргасан. Сүүлийн кадастрын зураг нь маргааны үйл баримтын дараагийн асуудал учраас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн газар гэж үзэх боломжгүй. Он, сар өдөргүй 5-6 хүний тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Тухайн хүмүүсийн тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулаагүй. Мөн тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах эрхтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж буй үндэслэл, шалтгааныг гүйцэд тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсноос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчим буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан журам зөрчигдсөн, талуудын хүсэлтээр үзлэг хийх үед нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн буюу үзлэгийг дутуу хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлүүдээр, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            7. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч С.Е-т холбогдуулж анх өөрийн эзэмшлийн ********** дугаар гэрчилгээ бүхий, нэгж талбарын ********** дугаартай Ц сумын 3 дугаар багт байршилтай газрыг С.Е-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газарт байгаа малын чулуун хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн газар, хашаа хороог эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах, тухайн газарт барьсан байшин болон малын хашааг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тухайн газрыг өв залгамжлан  авсан, 40 жилийн хугацаанд мал маллаж амьдарсаар ирсэн.  ... 2021 оноос эхлэн хариуцагч С.Е- байшин, хашаа барьж, мал төллүүлж хууль бусаар эзэмшиж эхэлсэн. 2021 онд надад мэдэгдэлгүйгээр хашаа барьсан байхад шаардлага тавьж буулгуулж байсан боловч 2022 онд дахин сэргээж барьсан” гэж тайлбарлажээ.

 

            8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулж “Миний эзэмшлийн 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас С.Е-ийн 25.3 м.кв байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн уг шаардлага дахь “хашаа, хороог албадан нүүлгэх тухай” гэсэн хэсгийг анхан шатны шүүх “198.2 м.кв талбайтай малын чулуун хашааг албадан нүүлгэх” гэж тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

            9. Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл Х.Б- нь эзэмшил газартаа байрлаж буй гэх 198.2 м.кв талбайтай чулуун хашааг бүхэлдээ өөрийн өмч гэж үзэж, тус чулуун хашаанд мал оруулахгүй байх, мал төллүүлэхгүй байхыг хариуцагчаас шаардаж байсан, улмаар уг чулуун хашаанд дээвэр саравч, модон тасалгаа хийх зэргээр засан сайжруулж хууль бусаар эзэмшиж байна гэх хариуцагч С.Е-ийн үйлдлийг таслан зогсоож, ********** дугаар гэрчилгээ бүхий, нэгж талбарын ********** дугаартай Ц сумны 3 дугаар багт байршилтай, 700 м.кв талбайтай хаваржааны зориулалттай газраас С.Е-ийн 25.3 м.кв байшин болон түүний барьсан “хашаа хороог” албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргахдаа өөрийн эзэмшил газарт байршилтай 198.2 м.кв талбайтай чулуун хашааг бүхэлд нь нүүлгэхийг хүссэн шаардлага гаргаагүй байна.

 

10. Энэ нь түүний анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаарх “2021 оноос эхэлж хариуцагч С.Е- нь ... байшин, хашаа барьж, мал төллүүлж, хууль бусаар эзэмшиж эхэлсэн. 2021 онд надад мэдэгдэлгүйгээр хашаа барьсан байхад шаардлага тавьж, буулгуулж байсан боловч 2022 онд дахин сэргээж барьсан байна” гэх, мөн шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэгийн үед хариуцагч С.Е-ийн гаргасан “Энэ газарт баригдсан чулуун хашаа бол нэгдлийн үед баригдсан ба уг хашааг миний хадам эцэг А гэдэг хүн эзэмшиж, ашиглаж байсан. Энэ хашаа гурван тасалгаатай, би 2021 онд нэг тасалгаанд нь дээвэр хийхэд тэр жилийн намар Х.Б- ирээд миний хийсэн дээврийг буулгаад явсан байна. Дараа нь миний бие 2022 онд дахин дээвэр хийж, 2023 онд хаваржиж мал төллүүлсэн” гэх тайлбарууд, иргэн А.М-ын анхан шатны шүүхэд хандаж гаргасан “Миний бие 2021 онд Шырлашт байгаа дээрх хаваржааны чулуун хашааг С.Е-т түр эзэмшиж бай гэж хэлээд тухайн чулуун хашааны саравчийг янзлаад зуслан руу гарч яваад 8 дугаар сард хадланд ирэхэд Х.Б-, түүний хүүхдүүд саравчийг буулгаж, моднуудыг нь тараагаад цацаад явсан байсан. Дараа нь би 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь А.М- миний хөрөнгө бөгөөд С.Е- тэнд түр сууж байгаа” гэх хүсэлт, шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэгийн “нэхэмжлэгч Х.Б- намаржааны гэх газарт буй малын чулуун хашааны талбай 198.2 м.кв байв” гэх тэмдэглэл, түүнд хавсаргасан схем зураг зэрэг хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудаар тогтоогдсон байна.

 

            11. Гэтэл шүүх нэхэмжлэгч Х.Б-ыг өөрийн эзэмшил газарт байрлаж буй 198.2 м.кв талбайтай чулуун хашааг бүхэлд нь албадан нүүлгэх шаардлага гаргасан гэж  нэхэмжлэгчийн хүсэл сонирхол, шаардлагыг буруу тодорхойлж, улмаар “...хариуцагч С.Е-ийн барьсан гэх 198.2 м.кв малын чулуун хашаа нь /нэхэмжлэгчийн эзэмшил газартай/ давхцаж байгаа боловч нэхэмжлэгчийн төрсөн ах нь болох Х.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлгээр, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн маргаан бүхий 198.2 м.кв чулуун хашаа хороо нь хариуцагч С.Е-ийн өмч хөрөнгө биш болох нь нотлогдон тогтоогдсон” гэж нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчиж хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг “нэхэмжлэгчийн эзэмшил газарт байршилтай 198.2 м.кв талбайтай чулуун хашааг бүхэлд нь нүүлгэх” гэж тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй.

 

            12. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б- нь өөрийн эзэмшил газарт байршилтай малын чулуун хашааг хариуцагч С.Е- нь саравчтай дээвэр хийх, модоор тасалгаа барих, мал оруулж төллүүлэх зэргээр хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа учраас түүний барьсан байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан, талуудын хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тухайн газарт үзлэг хийх үед хариуцагч С.Е-ээс “Энэ газарт баригдсан чулуун хашаа бол нэгдлийн үед баригдсан ба уг хашааг миний хадам эцэг А гэдэг хүн эзэмшиж, ашиглаж байсан. Энэ хашаа гурван тасалгаатай, би 2021 онд нэг тасалгаанд нь дээвэр хийхэд тэр жилийн намар Х.Б- ирээд миний хийсэн дээврийг буулгаад явсан байна. Дараа нь миний бие 2022 онд дахин дээвэр хийж, 2023 онд хаваржиж мал төллүүлсэн” гэж тайлбар гаргасаар байхад түүний уг тайлбарыг үндэслэн тухайн чулуун хашаатай холбогдуулан үзлэг хийгээгүй, үзлэгийг газрын ерөнхий байршил болон түүнд оршиж буй эд хөрөнгийн схем зургаар хязгаарлаж дутуу хийсэн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

            13. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2024/00228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК