Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Э.Халиун,  

Шүүгдэгч Х.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1909000000225 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Улз групп” ХХК-нд авто цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх 4 дүгээр багт оршин суух, урьд:

 

            Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

         Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 3-13 тоот хашааны гадаа асаалттай байсан хохирогч Б.Сайнбилэгийн эзэмшлийн 63-47 УНУ улсын дугаартай приүс-20 маркийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909000000225 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өглөө Даваасамбуу гэдэг найзынхаа гэрийг хайгаад явж байтал гудамжинд асаалттай саарал өнгийн приүс-20 маркийн авто машин байхаар нь хаалгыг нь татаж үзтэл жолоочгүй байсан. Гэтэл толгойд гэнэт “яахаараа гудамжинд машинаа асаалттай орхидог юм гэсэн бодол орж ирээд “хашраая” гэж бодоод машиныг унаад ойрхон газар тавиад явъя гээд машиныг нь унаад явж байгаад олохгүй дээшээ уул руу өгсчихсөн байсан. Эргээд нөгөө газар руу нь ойртуулж тавъя гээд 2 айлын гадаа эргээд зогсож байтал цагдаа нар ирээд намайг барьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Сайнбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 40 минутанд гэрээсээ гараад машинаа гаргаад хашааныхаа үүдэнд тавьчихаад гэр рүүгээ орж цүнхээ аваад хашааныхаа хаалгыг хаачихаад гараад ирэх хооронд 63-47 УНУ улсын дугаартай приүс-20 маркийн автомашин алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Нямбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Бэлхийн 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад өглөө 06:52 минутанд Бэлх 10-с “хашааны гадна байсан приүс машин алдагдсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-3-13 тоотод очиж шалгахад Сайнбилэгийн эзэмшлийн 63-74 УНУ улсын дугаартай машин алдагдсан байсан. Тэгээд Бэлх 10 руу утасдаж камерын цагдаатай утсаар холбогдож тоосгоны үйлдвэр рүү харсан хяналтын камерыг шүүлгэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь Дамбын тойргоос Тоосгоны үйлдвэр чиглэл рүү явсан байсан. Тэрний дагуу Тоосгоны эцсээр тухайн машиныг эрэн сурвалжилж явахад Тоосгоны задгай тоотын хашаа руу орох гээд зогсож байхад нь зогсоож шалгахад Баярсайхан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсныг шалгаж уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Сайнбилэгт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Өнөрбатын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч С.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

 Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны 3-13 тоот хашааны гадаа асаалттай байсан хохирогч Б.Сайнбилэгийн эзэмшлийн 63-47 УНУ улсын дугаартай “Тоёота приүс-20” маркийн автомашиныг завших зорилгогүй зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгч Х.Бы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сайнбилэгийн мэдүүлэг, гэрч Д.Нямбаярын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Х.Б нь шунахай зорилгогүйгээр Б.Сайнбилэгийн эзэмшлийн автомашиныг түүний  зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Х.Бы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...Автомашинаа буцаан авсан. Ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 52 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Бд ял оногдуулахад учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, нийгэмд биеэ зөв авч явах зан төлөвийн дутагдалтай байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.Бг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН