Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00042

 

З.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2024/00080 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ******* оршин суух, А овогт З-ийн А-ын хүсэлттэй,

 

“1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай”  иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. З.А- би одоо 84 настай бөгөөд өөрийн төрсөн он, сар, өдөр хугацааг тогтоолгохоор олон жил бодож байсан зорилго мөрөөдлөө биелүүлэхээр хүсэлтээ шүүхэд өгч байна. Өндөр настай болсон болохоор үхэхээс өмнө өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг үнэнээр нь тогтоолгох нь миний өтөл насны ганц хүсэл бөгөөд үр, хүүхдүүд маань миний хэзээ төрснийг, удам угсааныхаа түүхийг мэдэж байх ёстой гэж үзэж өөрийн бодит насаа үнэн зөвөөр тогтоолгох зорилгоор тус шүүхэд энэхүү хүсэлтээ гаргаж байна.

1.2. Миний эцэг Х.З- нь Казах үндэстэн, Ш овогт бөгөөд одоогийн Баян Өлгий аймгийн Улаанхус суманд 1938 оны 8 дугаар сарын дундуур мал маллаж амьдарч байхад нь эсэргүү гэх хэрэгт баривчилж, тэр оны 8 дугаар сарын сүүлчээр аавыг хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Аав Х.З- нь Хятад улсын Шинжан нутагт 1890 оны үед төрсөн бөгөөд 1918 онд аав ээжийнхээ хамт Монгол улсад нүүж ирж одоогийн Улаанхус, Сагсай сумын нутгийн зааг болох Ойгор болон Даянгийн "Ахши буюу Цагаан дэрсэн" гэдэг газарт мал маллан амьдарчээ. Улаанхус, Сагсай, Цэнгэл сумын малчин иргэд хавар 4 сараас намар 11 сар хүртэл "Даян" гэх ерөнхий нэршилтэй уудам газарт нүүдэллэн очиж амьдардаг байжээ. Аав Х.З- нь У овогт Р-ын С гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд 1938 онд эсэргүү хэрэгт баривчлагдан явахад ам бүлд нь 6 хүн буюу 4 хүүхэдтэй байсан талаар биеийн байцаалтын болон тагнуулын архивын лавлагаанд бичигдсэн байна. Хамгийн гол нотолгоо бол аавыг цэргүүд баривчлах үед гэр оронд нь хэдэн хүн байсан талаарх тусгай судалгаа лавлагааг тухайн баривчилсан байгууллага болох Монгол улсын аюулгүй байдлыг хангах газрын албан тушаалтан нь судлан авч биеийн байцаалтад тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд үүнийг нь тагнуулын архив нотолж байгаа юм. Тэр үед аавын гэрт 6 хүн байсан гэж Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивд тэмдэглэгдсэн байсныг хавсаргасан 2018 оны 05/5016 лавлагаанаас үзнэ үү.Түүнд "Ам бүл 6, нэр бичигдээгүй" гэжээ.

1.3. Аав З-г баривчлахад өөрөөс нь биеийн байцаалт авсан байх бөгөөд тэр биеийн байцаалтыг үндэслэж тагнуулын архивын лавлагааг гаргаж өгсөн байгаа нь тодорхой.Тодруулбал: Аав Х.З- тэр үед 48 орчим настай, ээж Ө.С тэр үед 38 орчим настай, хүүхэд нь Ш 12 орчим настай, Н нь 19 орчим настай, хүүхэд Б нь 8-9 орчим настай, ээж маань А- надад амаржаад хэдхэн сартай байсныг аав гэр бүлийн гишүүнд тооцож "Ам бүл 6" гэж биеийн байцаалтад бүртгүүлсэн байна. Тэр үед З-н том хүү Е 1938 онд Н.А-тай гэрлэж тусдаа гарсан байсан ба тэдний том хүү Ан нь 1939 онд төрсөн ба тэр үедээ тусдаа гарсан өрх байсан нь 1944 оны тооллогын баримт архивын лавлагаагаар ч нотлогдож байна. Хэрэв аав том хүү Е, бэр Ар, тэдний хүу Ан-ыг тооцсон байсан бол ам бүл нь 9 байх байсан юм.

1.4. Хэлмэгдэн баривчлагдаж шоронд орсон, цаазлагдсан хүмүүсийн ар гэр орон, мал, өмч хөрөнгийг нь юу ч үгүй болгон улсын орлогод хурааж, /компесклэж-гэх/ гэр бүл үр хүүхдүүдийг нь ажил, сургуулиас нь халж чөлөөлөн, аливаа тусламж дэмжлэгээс тусгаарлаж, шоовдорлож, улс нийгмийн хог шаар болгож хаядаг байсан тухайн үеийн хэлмэгдлийн тэр арга барил нь манай гэр орныг ч тойроогүй дайрч ар гэр орон хүүхдүүд биднийг ч давхар хэлмэгдүүлэн хохироосон юм.

1.5. Улсын хэмжээнд хэлмэгдүүлэн буудан алах ял 1940-өөд онд зогссон байхад одоогийн Баян Өлгий аймгийн нутаг буюу тэр үеийн Ховд хязгаарын аймагт багтан амьдарч Казах үндэстний хувьд огт зогсоогүйгээр барахгүй "Хужирт"-ын хэрэг гэгч зохиомол хэргээр Казахуудыг 1949 оны сүүл хүртэл "Шинжан нүүх гэсэн" гэдэг шалтгаар хоморголон баривчилж, байгаа нутагт нь буюу эсвэл Ховд аймагт аваачиж олноор нь буудан алж байсан бөгөөд мөн тэр үед "Урвагч, дээрэмчин Оспан гэж нэрлэгддэг бас нэгэн хүний "үлдэгдэл" гэж Казахууд их л үзэгдэж хэлмэгдэж" байсан тун хэцүү цаг үе давхацсан болохоор манай гэр бүл ч гэсэн энэ хатуу хэлмэгдлийн үеийн хор уршгийг эд хөрөнгө, бие сэтгэлээр хохирон адилхан хэлмэгдэн зовж байж өнгөрөөж сайн сэтгэлт ард иргэдийн ач буянаар амьд давж чадсан байдаг. "Х.З- эсэргүү" гэж аавыг ад үзэж, хороосон үед З-н ар гэр болох манай бүх мал хөрөнгө, гэр орон, өнгөтэй өөдтэй хувцсыг хүртэл хурааж, сургуульд сурдаг хүүхдүүдийг сургуулиас нь гаргаж, эмнэлэгт биеийг нь үзэлгүй, ажилд авалгүй хатуу чанд байдлаар хязгаарлалт тогтоож байхад ээж маань 1944 оны тооллогод намайг "ирээдүйд бүү хэлмэгдээсэй” гэсэн зорилго агуулж нууж тоолуулаагүй гэсэн. Учир нь З- эсэргүүгийн хүүхэд сургуульд сурах, төрөөс халамж, тусламж хүртэх эрхгүй болно гэж айсан талаар сүүлд ээж олон удаа хэлдэг байсан юм. Энэ байдлаас болж отгон хүү нь намайг 1944 оны хүн тооллогод оруулаагүй бөгөөд харин 1956 оны хүн амын тооллогод цаг үеийн нөхцөл байдал арай гайгүй болж хэлмэгдэл зогссон, хэлмэгдэгчдийн ар гэрийн хүмүүс сурах, хөдөлмөрлөх, эмчлүүлэх, сонгох, сонгогдох зэрэг Үндсэн хуульд заасан эрхтэй болсон үед намайг З.А- буюу бүртгэлд Э 9 настай гэж насыг минь дарж бүртгүүлэн тоолуулж сургуульд оруулсан гэсэн. Энэ баримт архивын тасгаас гарсан тул хэрэгт хавсаргав.

1.6. Ээж минь хүнтэй суугаагүй бөгөөд 1938 оны 2 дугаар сард отгон хүү нь намайг төрүүлсэн ба өөр хүүхэд төрүүлээгүй болно. Намайг "аав Х.З- баривчлагдан явсны дараа жил нь Даянгийн "Цагаан дэрс" гэдэг газарт 6 дугаар сард ээж нь төрүүлсэн гэж" өндөр настан С.Б, Т.Б, Х.Д, С.У зэрэг хүмүүс гэрчилж тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж өгсөн байгаа.

1.7. Миний хэзээ төрсөн талаар зарим настай хүмүүс "Чиний аав эсэргүүд баригдсан жилийн дараах 1939 оны хавар чи төрсөн шиг санагдаж байна. Ямар ч байсан чи 1938-1939 оны үед төрсөн. Чамайг 1939 оны 6 дугаар сард Даянд айлууд нүүж ирсэн үед би танайд очиж эсэргүүд баригдсан З-н хүү байна гэж тэнд үзэж, харж, чамайг мэдсэн. Тэгэхлээр 1939 оны 6 дугаар сард Даянгийн "Цагаан дэрсэн" гэдэг газарт төрсөн гэж бичихэд буруудахгүй. Тодруулбал, “1939 оны 6 дугаар сард чи З-н гэрт байсан ба бид чамайг тэр үед буюу 6 дугаар сард харсан болохоор 1939 оны 6 дугаар сард төрснөөр тодорхойлолт өгнө гэж хэлж намайг 1939 оны 6 дугаар сард төрсөн" гэж дээрх ах эгч нар тодорхойлолт бичиж өгсөн байгаа. Ямар ч байсан 1939 оны 6 дугаар сард би нэг ой өнгөрсөн хүүхэд байсан бөгөөд аав З- баривчлагдахаас өмнө би энэ гэр бүлийн 6 дахь гишүүн болсон талаар тагнуулын лавлагаа, хүмүүсийн тодорхойлолт Улсын бүртгэлийн тэмдэглэл зэрэг баримтууд нотолж байна. Харин гэрчүүд 1939 оны 6 дугаар сард намайг анх харсан үзсэн өдрөөр төрсөн гэж бичиж өгсөн ба ямар ч байсан З-н хүү гэдгийг баталж байгаа билээ.

1.8. Тухайн яригдаад байгаа 1930, 1940, 1950-аад онуудад жирэмсэн эхчүүд гэртээ амарждаг болохоор төрөөс баримтжуулан бүртгэсэн зүйл байдаггүй юм байна. Харин настан буурлууд тэр үеийн түүх, хүмүүсийн намтар болон тодорхой цаг хугацаанд юу болсныг дурсан санаж хэлж ярьж, мөн цаасанд буулгаж өгдөг сайн талтай ч 80-аад жилийн өмнөх үеийг санах нь ч хэцүү бөгөөд одоо ч тийм хүмүүс тун цөөхөн үлдсэн болохоор миний 1938 оны 2 дугаар сард төрснийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан талыг нь харгалзаж дээрх гэрчилж тодорхойлолт өгсөн өндөр настнуудын тодорхойлолтуудыг нотлох баримтаар үнэлж өгөхийг хүсэж байна.

1.9. Түүнээс гадна тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/191 дүгээр шийдвэрээр: "А- нь хэлмэгдэгч Х.З-н төрсөн хүү нь мөн болохыг түүний паспорт, улсын архивын лавлагаа, хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ батламж байх тул" гэж хянаж надад эцгийн минь хилээр цаазлагдан хэлмэгдсэний нөхөн олговрыг олгосон билээ. Тэр үед гаргасан шийдвэр нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр болно. Энэ 2/191 дугаартай шийдвэрийн хянасан хэсэгт "А- нь хэлмэгдэгч Х.З-н төрсөн хүү мөн болохыг түүний паспорт, улсын архивын лавлагаа, хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ баталж байх тул" ... гэж бичээд аавын хэлмэгдлийн нөхөн олговрыг олгохоор тогтоож өгсөн билээ. Энэ 2/191 дугаартай тогтоол нь одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр гэж үзэж байгаа бөгөөд өөрчлөгдөөгүй юм. Тодруулбал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан "..Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна.

1.10. Түүнээс гадна Улсын бүртгэлийн хэлтэст дараах баримтууд байгаа бөгөөд энэ баримт нь мөн нотлох баримт юм. Үүнд З.А- нь 2000 онд иргэний үнэмлэх, паспорт авахаар Баян Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл өгсөн бөгөөд тодруулбал: Би 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сагсай суманд төрсөн" гэж тэмдэглүүлснийг Улсын бүртгэл нь ХААТР-21/А/ маягтад "А овогт З-н А-, казах Баян Өлгий аймаг Сагсай сумд төрсөн. 1970 онд гэрлэсэн" гэж өргөдлийг О.Женисхан нь баталж байцаагч К.Амангелди нь бичсэн байдаг. Энэ баримт нь Улсын бүртгэлд байгаа гол нотлох баримт болохоор үнэлэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд эдгээр болон бусад баримт зэргийг үндэслэж З.А- намайг 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2024/00080 дугаар шийдвэрээр:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан А овогт З-ийн А-ын Нас тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч З.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

3. Хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хавтаст хэрэгт 2007 оноос хойш би эцэг З-н хүүхэд мөн болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүртэл хүсэлт гаргаж байсан, шүүхээс намайг З-н хүү мөн болохыг тогтоосон 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/191 дугаартай шийдвэр болон бусад цуглуулж өгсөн нотлох баримтуудад дэлгэрэнгүй бичсэн хүсэлт зэргийг анхан шатны шүүх нь нотлох баримтаар үнэлээгүй.

3.2. Би мөнгөний төлөө бус хэлмэгдсэн эцгээрээ овоглохыг хүсэж хүсэлт гаргасныг шүүх буруугаар ойлгосон.

3.3. Хэдэн 80 давсан настай буурлуудын 80 хэдэн жилийн өмнөх байдлыг зөв хэлээгүй, буруу санаж зөв гэрчилсэнгүй гэсэн утгаар шүүх нь тэдгээр хүмүүсийн зарим талаар санахгүй байгаа үг өгүүлбэрийг миний эсрэг нотлох баримт болгон ашиглаж хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгож үнэнийг тогтоож өгөлгүй шийдвэрлэсэнд гомдож байна.    Иймд хэргийг бүхэлд нь хянаж төрсөн он сарыг минь тогтоож өгнө үү.  

 

ХЯНАВАЛ:

 

4. Нэхэмжлэгч З.А- нь 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн  болохыг тогтоолгохыг хүссэн байх ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

5. Эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэдэг. Нэхэмжлэгч ямар үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсарган  шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нас тогтоолгох гэж буй зорилгоо “...З.А- би одоо 84 настай бөгөөд өөрийн төрсөн он, сар, өдөр хугацааг тогтоолгохоор олон жил бодож байсан зорилго мөрөөдлөө биелүүлэхээр хүсэлтээ шүүхэд өгч байна. Өндөр настай болсон болохоор үхэхээс өмнө өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг үнэнээр нь тогтоолгох нь миний өтөл насны ганц хүсэл бөгөөд үр, хүүхдүүд маань миний хэзээ төрснийг, удам угсааныхаа түүхийг мэдэж байх ёстой гэж үзэж өөрийн бодит насаа үнэн зөвөөр тогтоолгох зорилгоор тус шүүхэд энэхүү хүсэлтээ гаргаж байна.” гэж тодорхойлжээ.  

 

7. Анхан шатны шүүх З.А-ыг 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг.

Хүсэлт гаргагчийн өөрөө гаргаж өгсөн болон шүүхийн журмаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болох  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 8 дахь тал/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа /хэргийн 9 дэх тал/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хэргийн  10 дахь тал/, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаартай магадлал /хэргийн 11-13 дахь тал/, Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 15 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/191 дугаартай шийдвэр /хэргийн 16 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Архивын  тасгийн лавлагаа /хэргийн 17 дахь тал/, тус аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 18 дахь тал/, С.Б, Т.Б, С.У, Х.Д нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хэргийн 19-26 дахь  тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч З.А-ын ХААТР-21А / хэргийн 27-28 дахь тал/ маягт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 806 дугаартай архивын лавлагаа /хэргийн 29 дэх тал/ зэрэг баримтуудыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн, бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлахад, З.А-ыг 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрснийг хангалттай тогтоох баримт хэрэгт байхгүй байна.

 

8.  Нас тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулжээ.

Тухайлбал, шүүх санаачилгаараа Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч А овогт З-н А-ын бүх ХААТР маягтуудыг гаргуулах /хэргийн 34-38  дахь тал/, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч асуух /хэргийн 47-54 дэх тал/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, тодруулах зорилгоор тодорхой ажиллагаа явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагч З.А-ын 1938 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох  нь бодитой тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.   

 

9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2024/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч А овогт З-н А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ