Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Д.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1909008480223 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд худалдагч мэргэжилтэй, “Босоо Малгайт” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 6, дүү нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 хороолол, Хасбаатар гудамж, 14 байр 102 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны хажууд байрлах хүнсний дэлгүүр дотор хохирогч А.Болорыг “...өөр газраас авсан бараагаа солих гэлээ...” гэж маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “...Тухайн өдөр хохирогч орж ирээд жижиг жүүсээ солих тухай хэлсэн. Би болохгүй гэж хэлтэл лангуу нураагаад надруу гурил шидсэн. Би лангуугаа хамгаалах гээд хохирогчийг түлхсэн. Зодоон болсон асуудал байхгүй. Би түлхэхдээ хүзүүг нь маажсан байсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрнө...” гэв.

 

Эрүүгийн 1909008480223 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед манай дэлгүүрт заримдаа үйлчлүүлдэг байсан зүс таних эмэгтэй орж ирээд Kagomi нэртэй жүүс манай лангуунаас шууд аваад өөрийн байсан Kagomi жүүсээ солиод торондоо хийх гэхээр нь “хүүе яаж байна” гэж асуухад тэр эмэгтэй тоосон шинжгүй “Би энэ жүүсийг өөр дэлгүүрээс авсан юм сольчихъё” гээд торондоо хийсэн. Тэгэхээр нь би “болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “чи юун сүртэй ааштай ороолон бэ” гэж хэлээд лангууны ард зогсож байсан над руу лангуун дээр байсан гурилыг аваад над руу чулуудаж шидсэн. Хөргөгч дээр байсан юмнуудыг нураагаад унагаасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 19-20 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Оюунболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед өөрийн 5 сартай охиноо гэрт орхиод гэрийн хажууд байрлах UBH төвийн нэг давхарт байрлах Lemons нэртэй хүнсний дэлгүүрээс охиндоо Kagomi нэртэй жижиг помидорын жүүс болон зарим төрлийн хүүхдийн витамин авсан. Тэгээд Lemons дэлгүүрээс гэртээ харих замд байрлах жижиг мухлагаас гурил авах гээд орсон. Би тэр дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг. Намайг орох үед худалдагч эгч байнгын хэрүүл маргаантай байдаг би ороод гурилаа авчихаад худалдагч эгчид хандаж “Би дөнгөж сая Kagomi-ийн помидорын шүүс авсан юм энийгээ мангоныхоор солиулж болох уу? гэж асуухад худалдагч эгч “Тийм юм байхгүй” гээд намайг маш муухай бүдүүлгээр надтай харилцаад гартаа бариад зогсож байсан Kagomi-ийн жүүсийг тавь гэж шүүрч аваад байхаар нь би тэр эгчид “та ямар муухай энергитэй юм, яахаараа хүнтэй дандаа ингэж муухай харилцаж байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд гарах гэхэд намайг шууд заамдаж аваад маажсан. Тухайн үед намайг маажаад зодоод байх үед зүүн гар талдаа байсан юмнуудыг тэр эгчид зодуулахгүй гэж тэмцэж байх үедээ унагаасан ямар нэг юм хагалж эвдээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2613 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. А.Оюунболорын биед тархи доргилт, хүзүүний хажуу хэсэг, зүүн эгэмний дээд хэсэг, цээжний зүүн урд дээд хэсэгт зулгарал тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т Д.М нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 13-14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны хажууд байрлах хүнсний дэлгүүр дотор хохирогч А.Болорыг “...өөр газраас авсан бараагаа солих гэлээ...” гэж маргалдаж улмаар биед нь хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хүзүүний хажуу хэсэг, зүүн эгэмний дээд хэсэг, цээжний зүүн урд дээд хэсэгт зулгарал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Оюунболорын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2613 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч А.Оюунболорын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Оюунболороос “...шүүгдэгч Д.Мтай эвлэрсэн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН