Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00043

 

М.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00163 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух У овогт М-ийн М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэг (эрхлэгч И.Г)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн **дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч М.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, гуравдагч этгээд Х.Ж-, түүний өмгөөлөгч А.Серикжан, Х.Тилеугавал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Mиний бие ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг сувилагч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөөд, Эрүүл Мэндийн Яамны 2018 оны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн №******* дугаарын гэрчилгээтэй эмнэлгийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн байна.

1.2. Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасагт мэргэжлийн дагуу 2013 оноос эхлэн ажиллаж байгаад Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт “Цэцэрлэгийн эмч” гэх орон тоонд томилогдсон.

1.3. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус цэцэрлэгийн эрхлэгч И.А-ийн оронд Х.Г- томилогдсон бөгөөд тэрээр намайг цэцэрлэгийн бүтэц орон тоонд эмчийн орон тоо батлагдаагүй байхад эмчийн тушаалд намайг томилсон хууль бус гэж намайг эмчийн ажилд томилсон И.А-ийн тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас маань чөлөөлсөн байсан.

 1.4. Миний бие эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Гэвч цэцэрлэгийн эрхлэгч нарыг буцааж өөрсдийн  ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоход тус цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А- нь намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчийн ажилд маань буцааж томилсноор миний бие давж заалдах гомдлоосоо татгалзаж байсан.

1.5. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А-ыг төрүүлж. жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан.

1.6. Гэтэл Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна. Эхлээд энэ маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

1.7. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг маань зөрчсөн.

1.8. Миний бие Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт эмчийн албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар амаржсаны болон жирэмсний амралт авсан учраас мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан эмчийн албан тушаал, ажлын байр хэвээр хадгалагдах тул Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар өөр ажилд буюу цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзнэ.

1.9. 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орохдоо надад бэлтгэгчийн тушаал гаргасан. Тухайн үед тус аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс “яагаад би бэлтгэгчийн орон тоонд ажиллах ёстой юм бэ” гэж асуухад надад “чиний тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаа дуусах гэж байгаа тул бэлтгэгчийн орон тоонд ажиллана” гэж хариулж байсан. Миний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дууссан нь үнэн. Гэхдээ 2023 оны 7 дугаар сард шалгалтаа өгч тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаагаа сунгуулна гэдгийг хэлсэн. Намайг жирэмсний амралт явахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдээгүй.

1.10.Хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж-ийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад мэдсэн. Надад уг тушаалыг гардуулж, танилцуулж байгаагүй тул мэдээгүй. Би жирэмсний амралт авч, ажилд орж ирэхэд эмчийн ажилд томилж ажиллуулахаас татгалзаж өөр ажилд томилсныг эс зөвшөөрч гурван талт болон маргаан таслах комисст хандаж байсан.

1.11.Миний бие 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Айсултаныг төрүүлсэн бөгөөд хүүхэд маань 3 сартай байхад намайг өөр ажилд үндэслэлгүй шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь надтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмч гэх албан тушаалын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно.

Гэтэл намайг Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмч гэх албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргаагүй атлаа Өлгий сумын ** дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/08 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд давхар томилгоо хийсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

1.12. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал: 

2.1. Нэхэмжлэгч М.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмч гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М.М- нь цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж М.М-г цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв.

2.2.Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй. Эмчийн бүтэц орон тоо нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн дагуу батлагдсан.

2.3. Урьд өмнө цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан М.М-г ямар учраас бэлтгэгчийн албан тушаалд бууруулсан талаар би мэдэхгүй байна. Харин түүний оронд X.Ж-ийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа.

2.4.Иймд нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж-ийн гаргасан тайлбарт:

3.1.Миний бие Х.Ж- Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд Эх баригч бага эмч мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Цэцэрлэгийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж байгаа. Намайг эмчийн албан тушаалд томилогдох үед эрх бүхий албан тушаалтнаас тухайн орон тоог шинээр баталж, төсөв хөрөнгийг нь цэцэрлэгийн төсөвт суулгаж өгсөн шинээр батлагдсан орон тоо байсан юм.

3.2.Харин нэхэмжлэгч М.М- анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус цэцэрлэгт эмчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүнийг И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлж, цэцэрлэгийн эрхлэгч Г-гаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 тушаалаар хүчингүй болгосон байна.

3.3.Энэхүү асуудлаар нэхэмжлэгч М.М- тус шүүхэд хандаж, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 604 дугаартай шийдвэр гаргасан ба улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч тэрээр өөрөө гомдлоосоо татгалзсан, уг шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэр гарсны дараа ч эрхлэгч И.А- түүнийг төсөв мөнгө нь батлагдаагүй ч гэсэн зохицуулж ажиллуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан байна.

3.4.Үүний дараа М.М-г 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин цэцэрлэгт эмчийн орон тоонд миний бие 2023 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор батлагдсан юм.

3.5.Уг эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. М.М-гийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас энэхүү маргах эрхгүй юм.

3.6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хууль ёсоор Өлгий сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол маань зөрчигдөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00163 дугаар шийдвэрээр:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч У овогт М-ийн М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Нэхэмжлэгч М.М- миний бие Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" Б/11 дугаартай тушаалаар байнгын ажлын байранд эмчээр томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 05-ыг хүртэл "эмч"-ийн бүтэц орон тоонд ажиллаж байгаад хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу "Жирэмсний болон амаржсаны амралт" авсан. Намайг жирэмсний болон амаржсаны амралт авах мөчид, ажил олгогч надад ямар нэгэн тушаал, шийдвэр өгөөгүй учир би жирэмсний болон амаржсаны амралт эдэлж байна гэж ойлгосон. Амралтын хугацаа дуусаж, 2023 оны 4 дүгээр сарын 03-нд ажилд орох болж ирэхэд, эрхлэгч И.А- нь "таны орон тоо хэвээр байгаа, та одоо нэг сар хүүхдээ асарч байгаад ир" гээд явуулсан. Би эрхлэгчид итгэж, 2023 оны 5 дугаар сарын эхээр ирэхэд намайг өөр ажилд шилжүүлсэн тушаал өгсөн.

5.2. Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/17 дугаартай тушаалыг тухайн үед буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бол надад тухайн үед яагаад өгөөгүй байдаг билээ. Энэ бол сүүлд нөхөж гаргасан хуурамч тушаал болно. Уг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай "Ажлаас чөлөөлөх тушаал" өгөөгүй болохыг шүүх өөрөө нотолсон байна.

5.3. Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч /ажил олгогч/ И. А- нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/17 дугаартай тушаал гаргаж М.М- намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан "талууд харилцан тохиролцсон" гэх заалтыг баримталсан байна. Гэтэл бидний тохиролцоог юугаар нотлох вэ, тохиролцсон бичгийн хэлцэл хаана байна вэ гэдэг асуулт байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан "ажилтан санаачилсан" гэх заалтыг баримталсан байна. Гэтэл ажилтан М.М- миний "ажлаас чөлөөлөгдөх хүсэлт" болон тохиролцоо байхгүй байхад анхан шатны шүүх, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг зориуд буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Энэ талаарх "Шийдвэр"-ийн 14 дэх заалт нотлох баримт, хуулийн заалтыг илгээд буруу үнэлж, тайлбарласан явдал юм.

5.4. Шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ НЬ" хэсгийн 16 дахь заалтаар М.М- намайг 2022 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн санхүүгээс цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ нь тус Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байсныг баталж байна.

5.5. Маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд өргөдөл, нэхэмжлэл хуулийн хугацаанд гаргасан болохыг шүүх нотлох баримтын хүрээнд нотолж, хуулийн хугацан хэтрээгүй гэж зөв үнэлсэн байна.

5.6. Шийдвэрийн 18 дахь заалт огт ойлгомжгүй бөгөөд байгаа нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлээгүйд үйл баримтын цаг хугацааг илт буруу дүгнэсэн байна. Тухайлбал: 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирсэн тайлбарт хавсаргасан тул 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг мэдэж байсан гэж буруу дүгнэсэн . Хариуцагч тал, гуравдагч этгээдийн зүгээс "Иргэний хэрэг үүсгэсэн"-ээс хойш гаргасан нотлох баримтыг маргаан гарахаас өмнөх 2022 оны 12 дугаар сарын 04-нд мэдэх боломжтой байсан гэж М- мэдэж байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүх хэргийг нэг талыг барьж, хэн нэгэнд давуу байдлаар хандсан гэж үзэхээр байна. Эцэст нь иргэн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй тул нотлох баримтад тулгаруулсан, шударга шүүх байж, хууль ёсны шийдвэр гаргах эрх нь давж заалдах шүүхэд байгаа гэж үзэж байна.

5.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар М.М- намайг урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү.

 

6. Гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Миний бие одоо Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус ** дүгээр цэцэрлэгт сул орон тоо байна гэхээр нь өргөдөл гаргаж, уг орон тоонд орсон болно. Тухайн үед тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс мэргэжил чинь таарах юм байна гээд ажилд томилж байсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа давж гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ М.М-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгт холбогдох “М.М-г тус цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” хөдөлмөрийн эрхийн маргааныг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            8. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, түүнд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд дараах үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

            9. Нэхэмжлэгч М.М- ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлынхоо үндэслэлийг “Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасагт мэргэжлийн дагуу 2013 оноос эхлэн ажиллаж байгаад Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт “Цэцэрлэгийн эмч” гэх орон тоонд томилогдсон юм.  Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус цэцэрлэгийн эрхлэгч И.А-ийн оронд Х.Г- томилогдсон бөгөөд тэрээр намайг цэцэрлэгийн бүтэц орон тоонд эмчийн орон тоо батлагдаагүй байхад эмчийн тушаалд намайг томилсон нь хууль бус гэж намайг эмчийн ажилд томилсон И.А-ийн тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас маань чөлөөлсөн байсан. Миний бие эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Гэвч цэцэрлэгийн эрхлэгч нарыг буцааж өөрсдийн ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоход тус цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А- нь намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчийн ажилд маань буцааж томилсноор миний бие давж заалдах гомдлоосоо татгалзаж байсан. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А-ыг төрүүлж, жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан. Гэтэл Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна.” гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч М.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмч гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан юм. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М.М- нь Цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж М.М-г цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв. Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй. Эмчийн бүтэц орон тоо нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/116 дугаартай захирамжийн дагуу батлагдсан. Урьд өмнө цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан М.М-г ямар учраас бэлтгэгчийн албан тушаалд бууруулсан талаар би мэдэхгүй байна. Харин түүний оронд X.Ж-ийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа” гэж тус тус тайлбарлажээ.

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч М.М-г 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилжээ,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай”  тушаалаар Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай 16 дугаар тогтоолоор Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны цалингийн төсвийг баталсан, 2022 оны төсөв батлагдаагүй атал төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.А- нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, иргэн М.М-г эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр Өлгий сумын Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцжээ,
  • Энэхүү Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.М- нь тус шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэгч М.М-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/000604 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ,
  • Улмаар нэхэмжлэгч М.М- уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч гомдол гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилд томилогдсон учраас давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэж 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрөө давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 212/ШЗ2022/00028 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.М-г давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон байна.
  • Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн  М.М-г 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ,
  • Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар М.М-г  2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хугацаатай хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ,
  • Нэхэмжлэгч М.М- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү З.Айсултаныг төрүүлсэн болох нь түүний ИБД************** дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогджээ,
  • Нэхэмжлэгч М.М-гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг хүүхдийн ** дүгээр цэцэрлэгээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1424299 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1320082 төгрөгийг тус тус М.М-гийн дансанд шилжүүлсэн /хэргийн 121-122 дахь тал/ зэрэг маргааны үйл баримт, түүнийг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодорхойлох нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж хуульчилсан бөгөөд Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн  2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар М.М-г тус цэцэрлэгийн эмчээр томилж, түүнтэй ажил олгогчоос 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр ажил олгогч цэцэрлэг нь ажилтныг ажлын байраар хангах, цалин хөлс олгох, хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээнүүдийн хүрээнд ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах, харин ажилтан М.М- нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналт доор, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх зэрэг харилцан эрх, үүрэг үүссэн гэж үзнэ.

12. Зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “эмчийн орон тоонд ажиллаж байгаад жирэмсний амралт авч ажилдаа эргэж ирэхэд эмчээр ажиллуулаагүй” гэж, хариуцагч “нэхэмжлэгч М.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмч гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М.М- нь цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж М.М-г цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв” гэж эс зөвшөөрч тайлбарлажээ.  

Талуудын хооронд үүссэн “М.М-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон жирэмсний болон амаржсаны амралт авсан эсэх” талаарх маргаантай асуудлын талаар дүгнэвэл, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон дээрх үйл баримтууд, ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг харьцуулан, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт нийцэж байгаа эсэхийг шинжлэхэд ажилтан болон ажил олгогч нарын хооронд “хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, ажилтан жирэмсний болон амаржсаны амралтыг ** дүгээр цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд авсан  байна” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

13. Анхан шатны шүүх “ажил олгогч Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчтэй нэхэмжлэгч М.М- нь туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдгийг мэдэж байсан ба 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуудас бүрд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.М-г тус цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Нэхэмжлэгч М.М-г ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 79 дугаар зүйлийн 79.1 дэх заалтууд нь нэхэмжлэгч (ажилтан) М.М-, хариуцагч (ажил олгогч) нар харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нотолж байна. Эдгээр нотлох баримтаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.” гэж дүгнэхдээ хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүйгээс гадна маргааны үйл баримтад хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна.

14. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч М.М-г ажил олгогчоос 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус цэцэрлэгийн эмчээр томилж, түүнтэй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээгээр, М.М- нь 2022 оны 9 дүгээр сараас хойш тус цэцэрлэгт эмчээр ажиллаж, цалин хөлс авч байсан талаарх төрийн мэдээллийн сангаас гарсан лавлагаа, тодорхойлолтуудаар нотлогдож байна.

15. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулах бөгөөд хуульд зааснаар, тухайлбал ажилтан М.М-г мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.”, 64.2-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.” гэж заасантай холбоотой бол ажил олгогч ажилтан М.М-тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл ажиллагаа нь өөрөө хуульд нийцсэн байх, хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

16. Гэтэл ажил ологчоос 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч М.М-г ажлаас чөлөөлсөн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасныг зөрчжээ. 

17. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар ** дүгээр цэцэрлэгийн эмчээр эгүүлэн томилогдож, уг ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, ажиллаж, цалин хөлс авч, улмаар жирэмсний болон амаржсаны амралт авсан М.М-г 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлж,  жирэмсний болон амаржсаны амралтаас эргэж ирэхэд нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар бэлтгэгчээр томилж, эмчийн ажил үүргийг нь  гүйцэтгүүлээгүй ажил олгогчийн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 /ажил олгогч хөдөлмөрийн гэрээг мөрдөх үүрэгтэй/, 43.2.6 /ажилтныг ажлаар хангах/, 43.2.10 /хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах/ дахь заалтуудад заасан ажил олгогчийн үүргийг зөрчсөн, 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өнөөдрийг хүртэл ажилтанд гардуулаагүй байх тул ажилтан М.М-г ажлаас хууль бусаар, үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж дүгнэж түүнийг урьд эрхэлж байсан ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд тухайн үед талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр эгүүлэн тогтоож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

18. Ажил олгогчоос хуульд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөрт нь хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй бөгөөд ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн  эрхлэгч энэ үүргээ биелүүлэхгүйгээр М.М-тай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тухайн гэрээнд заасан хугацаанд цэцэрлэгийн эмчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, бэлтгэгчээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.М-г талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 16 дугаартай хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар М.М-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч М.М-гийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар М.М-гийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК 

                     

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ