Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/00820

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, Замт 2-р баг, Илт 5-р гудамж, 7 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Боржигон овогт Цэдэндамбын Уранчимэг /РД:НХ61082904/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уранчимэг, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Тэтгэвэрт гарах 1986 оны дэвтэрт 1981 оны бичилтийг хийлгэсэн байна. Тийм учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн юм. Иймд миний Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан 10 жил 1 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь тэтгэврээ тогтоолгож чадахгүйгээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ц.Уранчимэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор 1981 оны 9 дүгээр  сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.

Үүнд: 1. 1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн №178608 дугаартай Ц.Уранчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5/,

2. №135627 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх /хх-6/ 

3. Гэрч: А.Гиймаа, С.Сарантуяа, П.Туяа нарын “ Ц.Уранчимэгтэй 1983 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолтууд /хх 7-9/,

4. 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ахуйн үйлчилгээний төвийн Захиргаанаас олгосон баярын бичиг /хх-10/,

5. 1989 оны Нийтийн ахуйн үйлчилгээний захиргаанаас олгосон баярын бичиг /хх-11/,

6. 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ахуйн үйлчилгээний төвийн Захиргаанаас  олгосон баярын бичиг /хх-12/,

7. 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Ахуйн үйлчилгээний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос олгосон баярын бичиг /хх-13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор 1981 оны 9 дүгээр  сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүний ажилд орсон, гарсан он сар өдрийг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэнийг үндэслэн 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэж, дуусах хугацааг 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тооцов.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цэдэндамбын Уранчимэгийг Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор 1981 оны 9 дүгээр  сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ