Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2024/00044

 

Х.К-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 дугаар шийдвэртэй,  хүсэлт гаргагч ****** багт оршин суух Ж овогт Х-ын К-ы хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Чихтэй 02 дугаар багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Миний бие 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ногооннуур сумын Партизан нэгдэлд малчнаар 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Чихтэй 02 дугаар багт оршин суудаг Р овогт Ш-ийн Б-тай гэрлэсэн. 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Партизан нэгдэл хувьчлагдсан тул нөхөр бид хоёр хувиараа мал аж ахуйн эрхэлж ажил болгон улсын нэгдсэн тооллогод малын тоог өрхийн тэргүүн болох Ш.Б-ы нэр дээр бүртгүүлж одоо хүртэл Ногооннуур сумын 2 дугаар багт малчнаар аж төрж амьдарч байна.

1.2. Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн шимтгэлийг нөхөн тооцуулах гэсэн боловч 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх жилийг Ногооннуур сумын мал тоолуулсан материал архивд тушаагаагүй гэх үндэслэлээр тогтоох боломжгүй гэсэн тул тухайн жилийг шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй байдалд хүрч байна.

1.3. Нөхөр маань группэд байдаг. Бид зундаа Чихтэй гэх газарт зусдаг. Бид нарт өнөөдрийн байдлаар 60 гаруй бог, мал байгаа. Хэдийгээр бид нарын нэрт бүртгэлтэй хадлангийн болон өвөлжөө, хаваржааны гэрчилгээ байхгүй ч хадам ахын нэр дээр бүртгэлтэй хашаа хороотой. Тэд нартай хамт оршин сууж мал малладаг. Би багаасаа малчин айлд мал малласан, малаас өөр орлогогүй болно.

1.4. Иймд архиваас гарсан нотлох баримт, хамт мал маллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, бусад нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Ж овогт Х-ын К- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.К-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

3. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Миний бие Ногооннуур сумын 2 дугаар багт оршин суух Х.К- нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 дугаартай шүүхийн шийдвэрээр миний хүсэлтийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

3.2. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхээс намайг 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд мал маллаж малчин байсан гэж иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоосон.

3.3. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн дэвтэр, миний хүүхдүүдийн ХААТР маягт, БНМАУ-ын паспорт, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягт, хамт мал малласан 3 хүний тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Жич: Тухайн үеийн БНМАУ-ын паспортын арын тэмдэглэгээ хэсэгт малчин гэж бичигдсэн байна.

3.4. Миний бие Ногооннуур сумын 2 дугаар багт эцэг эхээс төрсөн цагаас эхлэн одоо хүртэл мал маллаж тухайн газарт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж амьдарч байна. Шүүхээс намайг 1987 оноос 1991 он хүртэл, 1995 оноос 2000 он хүртэл малчин байсан, харин 1991 оноос 1995 он хүртэл малчин байгаагүй гэж дүгнэж шийдвэр гаргасан нь эрүүл хүний ухаанд багтахааргүй шийдвэр гэж үзэж байна. Насаараа мал маллаж байсныг нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан гэж үзэж байна.

3.5. Түүнээс гадна надтай хамт хөрш нэг нутагт дөрвөн улиралд мал маллаж малчин хүмүүс үнэн зөвөөр тодорхойлолт гаргаж өгсөн боловч тэдгээр хүмүүсийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй байна. Тодорхойлолт өгсөн хүмүүсийг шүүхийн шатанд давхар гэрчээр асуусан тохиолдолд намайг хаана юу хийж байсныг бүрэн дүүрэн нотолж өгөх бүрэн боломж байсан, даанч тухайн хүмүүсийг гэрчээр асуугаагүй нь учир дутагдалтай болсон. Энэ байдал нь тухайн үед нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн дутуу дулимаг ажилласнаас болж жирийн иргэн бид хохирч төрөөс олгох тэтгэврийг авч чадахгүй маш хүнд байдалтай байна.

3.6. Эрхэм шүүгч нараас хүсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

4. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх Х.К-ы хүсэлттэй, малчин байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

6. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

 

7. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Чихтэй 02 дугаар багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай” гэж тодорхойлж, анхан шатны шүүхээс Ж овогт Х-ын К-ы Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Х.К-ы  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан эсэх талаар:

- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №01 дугаартай хурлын тэмдэглэл, тогтоол /хэргийн 4-6 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1283 дугаартай албан тоот, түүний хавсралт /хэргийн 7-17 дахь  тал/,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00089 дугаартай шийдвэр,

- Х.К-ы 1985  оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 70  дахь тал/,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцсон тухай тэмдэглэл /хэргийн 21 дэх тал/,

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 21 дэх хуудасны ар тал/

- Х.К-, түүний нөхөр Б.Б- нарын  гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хэргийн 22-24 дэх тал/,

- А.О, Х.Т, З.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хэргийн 25-27 дахь тал/,

- 2013  оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ш.Б-д олгосон малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 28 дахь тал/,

- Х.К-ы болон түүний охин Б.Ахмарал нарын ХААТР маягтууд /хэргийн 39-42, 55-57 дахь тал/,

- Ногооннуур сумын Засаг дарга болон тус сумын Чихтэй багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 58, 59 дэх тал/,

- Х.К-ы иргэний паспортын хуулбар  /хэргийн 60-61дэх тал/,

- Х.К-ы охин Б.Ахмаралын хувийн хэргийн хуулбар /хэргийн 62-64 дэх тал/ зэргээс үзэхэд  Х.К- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Чихтэй 02 дугаар багт 1997 онд малчин байсан, 1999 онд хүсэлт гаргагчийн нөхөр Б.Б-ны нэр дээр 41 тооны мал тоолуулсан гэх мэдээлэл тусгагдсанаас өөр баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад түүний ажилласан байдлыг “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсан” гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр үндэслэл бүхий байна”, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай тус тус нийцээгүй байна.  

 

9. Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Х.К- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Чихтэй 02 дугаар багт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг буюу Х.К-ы Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 02 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, харьцуулах замаар бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

 

            10. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

                                   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ