Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Ц.У (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Уд холбогдох эрүүгийн 1909004770232 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааы инженер мэргэжилтэй, “Мөнх-Орд” ХХК-нд нярав ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 4-19 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Есүй” паб үйлчилгээний газарт хохирогч Б.Сугармаатай “тооцоо хийхгүй” хэмээн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, үсдэх зэргээр түүний эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, баруун гарын дунд хуруунд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909004770232 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Ц.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Есүй гэх нэртэй пабад Наранбаатар, Жаргалтуяа гэдэг 2 найзын хамт орсон. Тэгээд тухайн газар пиво ууж байтал Жаргалтуяагийн 2 найз нь ирсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн газраар үйлчлүүлж байгаад нилээн согтчихсон байсан. Тухайн үед Есүй пабад ганцаараа үлдсэн байсан. Тэгэхээр би надтай явж байсан хүмүүс тооцоогоо хийсэн байгаа байх гэж бодоод тухайн газраас гартал надаас тооцоо нэхсэн. Тэгээд пабын гадаа Уянга гэдэг эмэгтэйтэй маргалдаад ноцолдож байсан чинь дундуур Сугармаа гэх эмэгтэй орж ирсэн. Бид нар газар унах шиг болсон. Би яг болсон асуудлыг тодорхой санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Сугармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19-20 цагийн орчимд “Есүй” нэртэй пабад ажиллаж байхад 20 гаруй насны хүн тооцоогоо хийхгүй гэж бармен Д.Уянгатай маргалдсан байсан. Д.Уянгатай маргалдсан тухайн эрэгтэй хүн Д.Уянга эгчийг зодох гээд байхаар нь би голоор нь орж салгаж, мөн дээрх эрэгтэй хүнд тайвширч, тооцоогоо хийхийг шаардтал над руу уурлан дайрч миний хүзүү рүү нэг удаа гараараа цохиж, намайг зуурч аваад миний дээр унасан. Унаад босож ирэхэд миний баруун гарын дунд хуруу орчимд зулгаралт үүссэн байсан. Цээж баруун гар өвдөж нөгөө эрэгтэй хүн зугтаах гээд байтал Д.Уянга гүйж очоод Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19-20 цагийн үед манай Есүй пабад урьд нь ажиллаж байсан Жаргалтуяа найзуудын хамт орж ирээд шар айраг болон архи уусан. Тэгээд шөнийн 03 цаг хүртэл суусан ба эхнээсээ явцгааж байсан. Нэг мэдсэн чинь хамгийн сүүлд нэг туранхай өндөр залуу ганцаараа үлдсэн байсан. Тухайн залууг Улсбаяр гэж байсан.  Манайх 03 цаг гэж хүмүүсээ гаргадаг ба тэр залууг тооцоогоо хийгээд гарах талаар хэлэхэд “би яахаараа төлдөг юм чадахгүй” гэж хэлээд орилоод гарах гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууг гаргахгүй гээд хаалгаа гаднаас нь хаагаад биеэрээ түлхэж зогссон. Тухайн залуу хаалгыг түлхэж гараад над руу дайраад цохих гээд байсан. Тэр үед манай ажлын газрын Сугармаа намайг салгасан. Тэр үед тухайн залуу манай зөөгч Сугармааг хэд хэдэн удаа цохиод миний үснээс зулгаагаад намайг газар унагасан. Тэгээд би ажил руугаа гүйж ороод цагдаад дуудлага өгөөд гарч ирэхэд манай зөөгчийг алгадаад, үснээс нь зулгааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1770  дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Б.Сугармаагийн биед зүүн хүзүүнд цус хуралт, баруун гарын дунд хуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Есүй” паб үйлчилгээний газарт хохирогч Б.Сугармаатай “тооцоо хийхгүй” хэмээн маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн цохисны улмаас эрүүл мэндэд нь “хүзүүнд цус хуралт, баруун гарын дунд хуруунд шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сугармаагийн мэдүүлэг, гэрч Д.Уянгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1770 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Сугармаагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Уын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Сугармаагаас “...Хохирлоо төлж барагдуулсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурч, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН