Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 819

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/00819

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 1-р багт оршин суух, 58 настай, эрэгтэй, Боржигин овогт Балчингийн Пүрэв /РД:НМ58040413/-ийн,

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пүрэв, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Бага сургууль төгсөөд 1977 онд Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн 4-р бригадад анх тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Сангийн аж ахуйд 1977 оноос 1991 оныг дуустал ажилласан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд тус нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 27-ноос 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан миний 14 жил 8 сар 4 хоногийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Пүрэв нь ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. 

Б.Пүрэв нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн 4-р бригадад 1977 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан  болох нь:

БНМАУ Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1977 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 110 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаартай “Жаргалант” бригадад ажилчид шилжүүлэх тухай тушаал,

Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай, Ажилд томилох тухай тушаал,

1981 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 171 дугаартай Ажилд томилох тухай тушаал,

Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 605, 606 дугаартай Цалингийн түүвэр,

гэрч Н.Сүхбаатар, Ж.Батсүх нарын “1977 оноос хойш Банчингийн Пүрэвтэй нэг бригадад хамт трактор барьж байсан. Б.Пүрэв нь компани болох хүртэл трактор барьж байсан нь үнэн” гэх тодорхойлолтууд, шүүхэд ирж мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх 4-10, 15-23/

Иймд нэхэмжлэгч Б.Пүрэвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүний ажилд орсон, гарсан өн сар өдрийг ажилд томилсон тушаалууд болон цалингийн түүврийн баримтыг үндэслэн 1977 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэж, дуусах хугацааг 1991 оны 12 дугаар сарын 31-ний 313 дугаартай ажилд шилжүүлэх тухай тушаалыг үндэслэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаагаар тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д зааснаар Боржигин овогт Балчингийн Пүрэвийн Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант” сангийн аж ахуйн “Үр тариа” бригадад 1977 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ