| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00884/И |
| Дугаар | 212/МА2024/00045 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2024/00045
Д.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00171 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух Б овогт Д-ийн С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “С” ХХК (захирал Х.А), хамтран хариуцагч ******** оршин суух “С” ХХК-ийн захирал ажилтай, Ш овогт К-ны А нарт холбогдох,
“Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Д.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие К.А- болон түүний 100% эзэмшдэг “С” ХХК-тай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Ингээд гэрээний 1.1.-д зааснаар Д.С- миний бие үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгч өөрийн үүргээ биелүүлсэн.
1.2. Гэрээний 2.7-д “Компани нь Б тал болох Д.С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр 200,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна.
1.3. 2020 оны 11 дугаар сараас хойш хариуцагч нь Ковид гарсныг шалтгаалан борлуулалт хийгээгүй гэж гэрээний дээрх үүргээ биелүүлээгүй явсан бөгөөд 240,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн болохыг сонссон тул түүнээс байр авч өгөхийг шаардсан боловч шалтаг, шалтгаан хэлсээр үүргээ биелүүлээгүй болно.
1.4. Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирал К.А- тул худалдан борлуулалт хийсэн банкны дансны гүйлгээг шалгах боломжгүй байсан. 2023 онд К.А- нь борлуулалт хийсэн гэж миний дансанд бага хэмжээгээр төлбөр төлж байсан. Голомт банкны “С” ХХК-ийн *********** тоот дансны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн арилжаа хийв гэсэн утга бүхий 46765600 төгрөг, 36700000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ нь гэхэд гэрээний 2.7-д зааснаар гадаад улс руу борлуулалт хийсэн гэдгийг нотолж байна. (Дансны хуулгыг хавсаргав). Бусад банкны дансны мэдээлэл хуулгыг авах боломжгүй тул бусад дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийсэн байх боломжтой.
1.5. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны хамгийн доод үнэ 350,000,000 төгрөгийг хариуцагч “С” ХХК болон хариуцагч К.А- нараас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие тус “С” ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулж хөл дээр нь босгож бүх хэрэгтэй зүйлүүдийг нь бүрдүүлж албан ёсны болгож, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж *********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлийн дугаар нь *********** байна. Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж 01 дүгээр шийдвэрээр компанийнхаа дүрмийг баталсан. Компанийн дүрмээр хөрөнгийн хэмжээ 1000000 төгрөг ба гишүүдийн тоо нэг бөгөөд би өөрөө юм. Компани нь ажил, бүтээгдэхүүнээ гэрээ болох захиалгаар хийдэг ба худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд дагавраар Үр тарианы гурил үйлдвэрлэл, Бетонон үйлдвэрлэл, барагшун савлах зэрэг жижиг үйлдвэрлэлийг улирлын чанартай явуулдаг гэж гэрээнд тусгасан байгаа.
2.2.Уг гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин шинээр өөрчилж авсан. Уг гэрчилгээний арын хуудсанд: Компани зүгээс миний хүү болох А.Бекболатын ХААН банк дахь ***********, ***********, *********** дугаарын данснуудаар харилцаж байгаа. Нэмэлт өөрчлөлтөд: Камелханы А-ийг захирлаар томилж бүртгүүлсэн. Эцсийн өмчлөгч 1 хүн иргэн гэж бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж өөрчлөгдөж бүртгэгдсэн ба ажилтанд миний хүү А.Бекболат, эхнэр Б.Сауле нарын нэр бичигдсэн.
2.3.Олон жил буюу 17 жил гаруй Монгол Улсын зарим газраас Мумия буюу Барагшунгийн баас гэх байгалиас олдох нэг төрлийн түүхий эдийг зөвшөөрлөөр цуглуулах ажлыг хийж ирсэн бөгөөд энэ түүхий эдийн анхны үйлдвэрлэл явуулж, уух түрхэх зэрэг эмийн зориулалтын бараа бүтээгдэхүүн гарган авч чанар савлагааны үзлэг шалгалтад оруулж заримаас нь үзэсгэлэн худалдаанд гаргаж байсан юм.
2.4.Ерөнхийдөө 2007 оноос эхлэн энэ “С” ХХК буюу жижиг дунд үйлдвэрлэлийг би хариуцаж ажиллуулж байгаа. Цаашид өргөжүүлэх, гадаад оронд бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах гэж хичээж байгаа. Надад нэг хүн энэ С-г тохиолдлоор 2020 оны намар 10 дугаар сарын дундуур байх танилцуулсан. С-тай уулзахад тэр өөрийгөө зөнч, илбэч, хувилгаан, бариач эмч, бүтэхгүй байгаа зүйлийг бүтээж өгнө гэж улмаар миний шуунаас барьж судсыг үзээд “чиний бизнест том саад байна. Би аргалж өгнө” гэхэд түүнээс нуулгүй “би Барагшуны асуудлаар барцадтай байна” гэсэн. Тэр “би баттай янзалж өгнө миний хий гэснийг хий гэсэн юмыг хийж, хэлсэн болгоныг биелүүлнэ гэж амлаарай” гэж шаардлага тавьсан. Би мэргэ төлөг шашны зан үйлд маш их итгэдэг зантай хүн болохоор итгэл хүлээлгэсэн юм.
2.5.Нэхэмжлэгч Д.С- нь 2020 оны 10 дугаар сарын дундуур байх миний бүх бичиг баримтууд, компани гэрчилгээ, барагшунгийн бэлэн бүтээгдэхүүн зэргийг авч яваад ““С” компанийн бэлдсэн барагшун бүтээгдэхүүнийг орос улсад сурталчлах, зарим туршлага судлах, бүтээгдэхүүн солилцох, борлуулах боломжийг хайх зэрэг зөвшөөрөл авахаар боллоо. Иймд би танай компанийн хувьцаа эзэмшигч болох ёстой юм байна. Мөн “С” ХХК-ний шинэчилсэн дүрэм гарахаар боллоо, би тэр дүрмийн төслийг төлөвлөн бичиж авч ирсэн. Эхлээд дүрмийг бичиж батална. Тэр дүрмээр компани үүсгэн байгуулагч нь А- чи, нөгөө нь би байх болно, чи бид хоёр “С” ХХК-ийн эзэн, хамтран эзэмшигч болсон тохиолдолд бүх юм сайхнаар болох юм. Түүнээс гадна би энэ бэлдэж бичсэн бичиг баримтаар яам, газар холбогдох байгууллагын албан тушаалтнуудыг элдэв байдлаар хууран мэхэлж байж, өөртөө итгүүлээд зөвшөөрөл авахаар болсон тул миний бичсэнийг болон хэлснийг чи зөвшөөрөх ёстой. Гэхдээ би чамд наалдахгүй ажил дуусгахад яваад өгөх бөгөөд хоёулаа хөдөлмөрийн гэрээ байгуулна. Түүнд ажиллах хугацаа 3 жилээр менежер гэх албан тушаалд ажиллахаар тусгана. Би 2023 оны 7 дугаар сарын 01-нд дуусгаад явах болно. Бүх бичиг баримтыг чинь янзлах болно” гэж хэлж сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон ба орсон тушаалын нэг хувийг авсан юм.
2.6. Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С- өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компанийн маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.С-д итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан.
2.7.Гэтэл сүүлийн хэдэн жилд Д.С- нь компанийн маань бүх эрх мэдлийг авч улмаар янз бүрийн хүмүүсийг дагуулж, хөрөнгийг маань үрэн таран хийж, гадаад улс руу явна гэж хэлж орлого санхүүг дур мэдэн зарцуулах болсон ба надыг хэл амаар доромжлон хөрөнгийг чинь авна гэж заналхийлэх болсон. Тэгээд би энэ Д.С- гэх авгайд залилуулж, 1.Компанийн 2 гишүүний нэг нь болж, 2.Компанийн хөрөнгийн талын өмчлөгч болж, 3.Эцэст нь компаниа энэ этгээдэд алдаж хохирохоор гэрээ тохиролцоо хийгдсэн болохоор түүний гэрээнд заасан хугацаа дууссаныг үндэслээд цаашид компанид ажиллах хөдөлмөрийн гэрээг нь цуцалж тушаалын нэг хувийг түүнд өгсөн юм.
2.8.Гэтэл тушаалыг өглөө гээд надад өш хонзон санаж Д.С- нь надаас асар их буюу олон зуун сая төгрөг нэхэмжилж үндэслэлгүй шаардлага тавьсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Д.С- нь намайг хууран мэхэлсэн, Компанийн дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.С-д гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшуулал зэргийг хангалттай өгсөн. Д.С-гийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00171 дүгээр шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “С” ХХК-аас Улаанбаатар хотын А бүсээс хоёр өрөө орон сууцны байрны үнэ 202,130,450 (хоёр зуун хоёр сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 147,869,550 (нэг зуун дөчин долоон сая найман зуун жаран есөн мянга таван зуун тавин) төгрөгийг болон хариуцагч К.А-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн улсын тэмдэгтийн хураамж 2,065,900 (хоёр сая жаран таван мянга есөн зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “С” ХХК-аас 1,168,602 (нэг сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШЗ2023/03159 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120,2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнээд “С” ХХК нь “С” ХХК болон Д.С- нарын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хувь шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний 2.7-д заасан “Компани нь Б тал болох Д.С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний эзэмшилд шилжүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй гэжээ.
4.2. Зүй нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан ба хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэршлээ “Хувь шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ” гэж тодорхойлсон ба уг гэрээний агуулга, зохицуулах харилцаа, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад бүрэн нийцэж байгаа болно.
4.3. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хороонд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг зуучлалын гэрээ гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал: зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байх бөгөөд “С” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага албан тушаалтан нь тухайн компанитай хэлцэл хийх этгээд биш, энэхүү тусгай зөвшөөрөл хүсэх олгохтой холбоотой үйл ажиллагаанд зуучлалын харилцаа огт хамраалгүй болно. Үүгээр талуудын хороонд зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй, тухайн хэлцэл нь энэхүү гэрээний зохицуулах харилцаанд огт хамааралгүй болох нь нотлогдож байна.
4.4. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 37.1-д “.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.С- тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж үр дүн гаргасан гэх үйл баримтыг үнэлэхдээ зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгээс өөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй ба гэрчийн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад баримтуудаар давхар нотлогдсон байх шаардлагатай.
4.5. Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн банк болон гаалийн байгууллагаас бүрдүүлсэн баримтууд нь барагшуныг худалдан боловсруулсан, хилээр гаргасан үйл баримттай холбоотой бөгөөд эдгээр нь нэхэмжлэгч Д.С-гийн талуудын хороонд байгуулагдсан “Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний 2.7-д заасан үүргээ биелүүлэхтэй холбоотой харилцаанд хамаарахгүй болно.
4.6. Гэтэл шүүхээс дээрх бүх баримтуудыг иш татан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй хамааралтай мэт дүгнэж “...эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.С- нь “С” ХХК-д цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрлийг авч өгөхөөр тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хадаж, зуучилж улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №******* “Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ” гаргуулж байсан нь бүрэн нотлогдож байна” гэсэн нь учир дутагдалтай байна.
4.7. Маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэсэн талаар: “С” ХХК болон Д.С- нарын харилцан тохиролцож байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хувь шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний 2.7-д “Компани нь Б тал болох Д.С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний эзэмшилд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.С- тусгай зөвшөөрөл гаргуулах үйл баримттай холбоотой ямар ажил хийж үр дүнд хүрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад шүүхээс дээрх гэрээний 2.7-д заасныг үндэслэн манай компаниас 202,130,450 төгрөг гаргуулсан нь огт үндэслэлгүй байна.
4.8. Нэхэмжлэгч Д.С- нь тусгай зөвшөөрөл гаргуулах үйл ажиллагаатай холбоотой шаардагдах баримт материалыг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргэж өгөх ажлыг гүйцэтгэсэн болохоос өөрөө бие даан баримт материал бүрдүүлэх ажлыг хийгээгүй, хийх ч боломжгүй болно.
Эдгээр үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00171 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул энэ шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх К.А- нь барагшуныг хуурайгаар нь гадаадад гаргаж байсан. Дараа нь биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж хуурай барагшуныг гадаадад гаргахыг хориглосон. Тус хуурай барагшуныг дахин боловсруулалт хийж гадаадад гаргах болсон. Тэгээд надад К.А- “би барагшунаа гадаадад боловсруулж гаргаж чадахгүй байгаад 10 жил болж байна, та надад туслаач” гэсэн.
5.2. Эрүүл мэндийн яамнаас авдаг зөвшөөрөл, Хүний хөгжлийн газраас барагшуныг гадаад улс руу экспортлох эрхийг 5 жилийн хугацаагаар авч өгсөн. Тухайн үед К.А-т байр авна, “С” ХХК-ийн 15 хувийн хувьцааг авна гэж хэлээгүй. Надад таньдаг хүн байгаа тул чамд тусална гэж хэлж байсан.
5.3. 2020 оны 3 дугаар сараас эхэлж К.А- надад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Намайг тус компанид савлагчаар ажиллаж байсан гэж хэлж байгаа боловч К.А- нь надад менежерийн үнэмлэх гаргаж өгсөн. 2020 оны 7 дугаар сард 3 жилийн хугацаатай Эрүүл мэндийн яамнаас барагшун үйлдвэрлэх эрхийг нь 3-4 сарын хугацаанд хөөцөлдөж байж авч өгсөн. Тухайн үед К.А-т энэ талаар хэлэхэд зөвшөөрлийг авч өгснийг мялааж, хотын А бүс буюу төвөөс 2 өрөө байр авч өгөх болно гэж амласан.
5.4. Дараа нь гадаадад экспортлох зөвшөөрлийг нь хөөцөлдөж авч өгөөхөөр болж 2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод явсан. Хүний хөгжлийн газраас барагшун гадаад улсад экспортлох эрхийг 5 жилийн хугацаатай 2020 оны 11 дүгээр сард авч өгсөн. Миний тухайн үед авч өгсөн зөвшөөрлөөр К.А- гадаад улсад барагшун экспортолж байгаа. Гадаад улсад барагшун экспортлох эрх нь 2025 онд дуусна. Гэрээ хийж, нотариатаар баталгаажуулалт хийе гэж хэлэхэд нь хуулийн дагуу хийх ёстой зүйлээ хийе, би өмгөөлөгчөөс зөвлөгөө авъя гэж хэлж байсан. Өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авсны дараа хурал хийж шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигч 1 гишүүн байх ёстой гэдгийг хэлсэн. Энэний дагуу хурлаа хийж, дүрэмд нь шинэчлэлт хийсэн болно. Гэхдээ намайг хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилан хийсэн гэж худал ярьж, худал гүтгэж байна.
5.5. Х.А- бид хоёр хурлаа хийж, гэрээгээ хийсэн. Тухайн хуралд К.А- өөрөө та “хэдэн хувийн хувьцаа авах уу” гэж асуусан. Гадаад улсад экспортлох, барагшун үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авч өгсөн тохиолдолд хувьцааны 50 хувийг авахын байна. Гэхдээ би Х.А-т хүн ажиллуулж байгаа, бусад зардлыг нь тооцож тус компанийн хувьцааны 15 хувь байхад болно гэж хэлж байсан. Компанийн дотоод үйл хэрэгт би оролцохгүй гэдгээ хэлж байсан. 3 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Би 65 настай. Би бурхан болсон тохиолдолд миний хүүхдүүдэд хувьцааны 15 хувийг өгч байгаарай гэж хэлж тохирч, хуульд зааснаар гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
5.6. Би К.А-т бичиг баримтыг нь бүрдүүлж өгөх гэж Баян-Өлгий аймагт 3 жил байр түрээсэлж амьдарч байсан. 2021 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод 3 тонн барагшун гаргасан. Тухайн 3 тонн барагшунаас надад мөнгө өгөөгүй. Дараа нь ковид-19 өвчин гарч бүгд өвдөж тэгж байгаад нэлээн хугацаа өнгөрсөн. Дараа нь 2023 оны 6 дугаар сараас эхэлж барагшунаа экспортолж эхэлсэн гэж Х.А- хэлсэн. Мөн 6, 7, 8 дугаар саруудад барагшун гаргасан байна. Гэхдээ голомт банкны дундын дансанд мөнгө орж ирсэн байна. Голомт банканд дундын данстай тул миний зөвшөөрлөөр мөнгө гаргаж авдаг. К.А- надад одоо барагшунаа гадаадад экспортлох гэж байна. 43,000,000 төгрөгийн орлого орсон. Танд 6,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч энэ удаа 3,000,000 төгрөг өгье дараагийн саруудад танд мөнгө нөхөж өгье гэж хэлсэн.
5.7. Хэдэн жил барагшунаа гадаадад гаргаж чадаагүй тул К.А-ийг ойлгож “тэгээрэй” гэж зөвшөөрлөө өгч гарын үсгээ зураад өгсөн. Тэгж байгаад К.А-ээс 6,000,000 төгрөг авсан. Тэгэхэд би К.А-т “чи ирээд эгчтэйгээ биечлэн уулзаарай” гэж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө уулзсан. Тухайн үед танд 20,000,000 төгрөгийг өгье. Тэгээд бид нарын дундын харилцааг дуусгавар болгоё гэсэн саналыг Х.А- хэлсэн. Тухайн үед би Баян-Өлгий аймагт анх удаа “С” ХХК-д би барагшун үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох зөвшөөрөл авч өгсөн, дараа нь З, Д гэх хүмүүс авч байсан гэж хэлсэн. Баян-Өлгий аймагт барагшун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 3 компани байдаг. Тэрний нэг нь “С” ХХК юм. 2021 оны 6 дугаар сараас ковидын үед бүтэн 2 жил барагшуныг гадаадад экспортолсон атлаа надад энэ талаар юу ч хэлээгүй. Гаалийн байгууллагаас ирсэн бичигтэй танилцаад энэ талаар мэдсэн тул К.А-т маш их гомдож байгаа.
5.8. 3 жилийн хугацаанд 886,000,000 төгрөгийн барагшун экспортолсон атлаа энэхүү мөнгөнөөс надад 6,000,000 төгрөг өгсөн. К.А- миний талаар худал хэлж байна. Өчигдөр цагдаагийн байгууллагад очсон ба прокурор нь Улаанбаатар хотод явсан ирэхээр нь танд бичиг өгнө гэж хэлсэн. Шаардлагатай нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Миний машиныг худалдаж авна гэж 1 жил унаж байгаад буцааж өгсөн. Би яривал хэлэх ёстой зүйл их байгаа. Ийм зүйл болсон тул шүүхэд хандсан.
ХЯНАВАЛ:
6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.
7. Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч “С” ХХК болон Х.А-т холбогдуулан Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны үнэ 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын А зэрэглэлд 2 өрөө байрны хамгийн доод үнэ 350,000,000 төгрөг байгаа тул урьд нэхэмжилсэн 200,000,000 төгрөг дээр 150,000,000 төгрөгийг нэмж, нийтдээ хоёр өрөө байрны үнэ 350,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Миний бие К.А- болон түүний 100% эзэмшдэг “С” ХХК-тай харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Ингээд гэрээний 1.1.-д зааснаар Д.С- миний бие үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгч өөрийн үүргээ биелүүлсэн. Гэрээний 2.7-д “Компани нь Б тал болох Д.С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байгаа тул Хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр 350,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, үндэслэлээ нотлохоор 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хувьцаа шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, дансны хуулга, Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргаж өгчээ.
8. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Д.С- надаас асар их хэмжээний буюу олон зуун сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь, Д.С- нь намайг хууран мэхэлсэн, Компанийн дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.С-д гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшуулал зэргийг хангалттай өгсөн. Д.С-гийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Д.С-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай компанид гэрээ ёсоор 3 жилийн хугацаагаар менежерийн албан тушаалд ажилласан. Компанийн бүх бичиг баримтыг янзлах зэрэг ажлуудыг хийгээд сард 450,000 төгрөгийн цалин авч байхаар тохирч ажилд орсон. Миний бие бичиг цаасны хувьд чадварлаг биш болохоор тэр гэрээ дүрэм гэх бичиг баримтыг Д.С- өөрөө боловсруулж надаар гарын үсэг зуруулж улсын бүртгэлд бүртгүүлж янзалж явснаас гадна компанийн маань зарим ажилд тусалж байсан нь үнэн. Иймээс миний бие Д.С-д итгэж дээрх бичиг цаасны бүрдэлтийн ажлыг даалгасан байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилд Д.С- нь компанийн маань бүх эрх мэдлийг авч улмаар янз бүрийн хүмүүсийг дагуулж, хөрөнгийг маань үрэн таран хийж гадаад улс руу явна гэж хэлж орлого санхүүг дур мэдэн зарцуулах болсон ба надыг хэл амаар доромжлон хөрөнгийг чинь авна гэж заналхийлэх болсон. Тэгээд би энэ Д.С- гэх авгайд залилуулж, компанийн 2 гишүүний нэг нь болж, компанийн хөрөнгийн талын өмчлөгч болж, эцэст нь компаниа энэ этгээдэд алдаж хохирохоор гэрээ тохиролцоо хийгдсэн болохоор түүний гэрээнд заасан хугацаа дууссаныг үндэслээд цаашид компанид ажиллах хөдөлмөрийн гэрээг нь цуцалж тушаалын нэг хувийг түүнд өгсөн. Гэтэл тушаалыг өглөө гээд надад өш хонзон санаж С- нь надаас асар их буюу олон зуун сая төгрөг нэхэмжилж үндэслэлгүй шаардлага тавьсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Д.С- нь намайг хууран мэхэлсэн, компанийн дүрэм бол миний бичсэн танилцсан баримт биш байна. Д.С-д гүйцэтгэсэн ажлын хөлс, урамшил зэргийг хангалттай өгсөн. Д.С-гийн компанид ажиллах гэрээ нь дуусгавар болсон, компанид ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй жирийн менежер нэрээр туслахаар ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж гаргасан тайлбартаа “С” ХХК-ийн менежерийн үнэмлэх зэрэг баримтуудыг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.
9. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан процессын баримтууд болон эрх зүйн баримт бичгүүдээс дүгнэж үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар дараах үндэслэлүүдээр хүчингүй болгох нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9.1 Нэхэмжлэгчээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч, зээл авахад холбогдох бичиг баримтуудыг нь бүрдүүлэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний 2.7-д “Компани нь Б тал болох Д.С-д гадаад улс руу эхний борлуулалт хийсний дараа түүнд 2 өрөө байрыг Улаанбаатар хотын А бүсэд худалдан авч, түүний өмчлөлд шилжүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул хотын төвийн 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнээр тооцоолж хариуцагч нараас 350,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулга нь барагшун худалдан борлуулах тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргуулахад нэхэмжлэгч ямар үүрэг хүлээн оролцож, уг зөвшөөрлүүдийг гаргуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлүүдийг тодруулаагүйгээс анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахгүйгээр “Д.С- нь “C” ХХК-нд цэвэршүүлсэн, өтгөрүүлсэн барагшуныг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл (гадаад худалдааны лиценз)-ийг авч өгөхөөр тус компанийн нэрийн өмнөөс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хандаж зуучилж, улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас №******* дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ гаргуулж байсан нь бүрэн нотлогдож байна.” гэж дүгнэн “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзсэн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлүүдийг зөв тодорхойлоогүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
9.2 Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон №******* дугаартай Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 15 дахь тал/ авагдсан баримт нь хуулбар ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.
10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож “Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн” гэсэн хариуцагч Х.А-ийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.168.602 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2024/00171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.168.602 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ