Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

   2019          02            27                                    166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Баттулга, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

хохирогч: А.Жаргал,

шүүгдэгч: Э.Мөнх, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /2499/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхөд холбогдох эрүүгийн 1805 0562 00050 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа лангуу ажиллуулдаг, сард 1 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Мөнх.

Шүүгдэгч Э.Мөнх нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 07 цаг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг 22 дугаар байрны 07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч А.Жаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, тарчлаан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Бат-Мөнх мэдүүлэхдээ:

Хэрэг болохоос өмнө нь Жаргал “Шарын гол орж найз дээрээ очино” гээд явсан. Энэ хугацаанд би Жаргал руу залгахад байнга согтуу байгаад байх шиг байсан. 2019 оны 10 дугаар сарын 21-ны орой 23 цаг өнгөрч байхад Жаргал манайд 1 шил 0.5 литрийн Соёрхол архи авч ирсэн. Тэгээд би хаана байсан талаар нь асуутал надад худлаа яриад байсан. Тэгээд би утсыг нь үзэхэд танихгүй хүнээс мессежүүд ирсэн байсан. Тиймээс тухайн мессежийг уншсанаас хойш 10 минутын дараа тухайн дугаар луу шөнийн 02-03 цагийн үед залгатал эрэгтэй хүн авсан. Өөрийгөө Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Өлзийжаргал гэдэг хүн байна гээд “эхнэрээ захирч чадахгүй бол хохь нь” гэсэн. Удалгүй нөгөө дугаараас эмэгтэй хүн залгаад “би энэ хүний эхнэр нь байна. Манай нөхөр бас хэд хоног гэртээ ирэхгүй байж байгаад ирлээ. Танай эхнэртэй байсан нь үнэн юм байна” гэсэн. Энэ үед Жаргал худлаа яриад байсан тул бид маргалдаж байсан. Тэгээд би Өлзийжаргалтай утсаар яриад уулзахаар болсон. Мөн би эхнэрийнхээ хүзүүг шимсэн. Учир нь хүн харвал нөхөртэй хүн байна гэж ойлгох байх гэж бодсон. Бид хоёр манай гэрээс өглөө 6 цагийн үед гарч яваад цагдаагийн ёс журам руу залгаж гомдол гаргасан. Би Өлзийжаргалтай ярьсныхаа дараа Жаргалыг сууж байхад нь хөлнийх нь дотор тал руу, нуруу руу нь нэг, нэг удаа өшиглөсөн. Дараа нь чирсэн. Зовоож тарчлаасан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр А.Жаргалын биед хүзүү, уруул, эрүү, зүүн эгэм, баруун мөр, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн тохой, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлийг би учруулсан. Би уруулнаас нь хазаж бусад газар нь шимсэн. Харин хохирогчийн эрүүн дээрх гэмтлийг хэн учруулсныг сайн мэдэхгүй байна. Одоо Жаргал бид хоёр хамт амьдарч байгаа. Цаашид хамт амьдарна. Эхнэртээ гар хүрсэн буруутай үйлдэлдээ уучлалт гуйж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-А.Жаргал мэдүүлэхдээ:

Би Мөнхтэй 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш уулзаагүй байж байгаад тухайн өдөр уулзсан. Уулзахдаа нэг шил архи аваад очсон. Би Өлзийжаргалтай танилцсан гэдгээ нууж, Мөнхөд худлаа ярьсан нь үнэн. Би Баянзүрх дүүргийн тэнд хүнсний дэлгүүр ажиллуулдаг найз дээрээ очиж байхдаа Өлзийжаргалтай танилцсан байсан. Энэ хэрэг миний буруутай үйлдлийн улмаас үүссэн. Өлзийжаргалтай эр эмийн харилцаатай болж  Мөнхийг хуурсан гэдгээ ойлгож байна. Мөнх намайг шөнийн 01-07 цаг хүртэл зодоогүй. Би шөнийн 01 цагаас өглөөний 07 цаг хүртэл архи уусан. 03-06 цагийн үед бид хэрэлдэж маргалдсан. Энэ үед Мөнх миний хүзүүг шимж, уруул хазсан. Хөл болон нуруу руу өшиглөсөн. Мөн би өөрөө согтуу явж байгаад хөлөө гэмтээж, зарим нэг гэмтэл авсан байх. Өлзийжаргалын найз Батжаргал гэдэг хүн намайг согтуу байхад мэдүүлэг авсан. Намайг буудалд согтуу байхад 2 цагдаа ирж мэдүүлэг авахдаа надад зааж, зааварлаж ингэж хэл гэж мэдүүлэг авсан. Тухайн үед би учраа сайн мэдэхгүй, шүүх хурал болно гэж мэдээгүй учраас хүмүүсийн хэл гэснээр мэдүүлэг өгсөн. Гэтэл мэдүүлэгт Мөнх намайг зодсон талаар нэмж бичсэн байсан. Би энэ талаар өргөдөл гаргахад Батжаргал гэдэг цагдаад арга хэмжээ авсан. Тэр намайг зодож, тарчлаагаагүй. Надад учирсан гэмтэл эдгэрсэн.  Одоо бид хамт амьдарч байгаа ба надад ямар нэгэн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Худал мэдүүлсэн гэм буруугаа ойлгож байна. Мөнхтэй эвлэрсэн, гомдол саналгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Өлзийжаргал мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 86110405 дугаарын утасаас 03 цаг 45 минутанд үл таних эрэгтэй хүн залгаад “чи манай эхнэртэй яагаад явалдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хэнтэй ярих гэсэн юм, надад тийм зүйл байхгүй” гэхэд “чи битгий солиороод байгаарай, чи цагдаа гэлүү, би чамайг ална, одоо надтай уулзахгүй бол энэ гичийг чинь аллаа шүү, чи согтуу байгаа юм уу, би чамайг одоо ёс журамд чинь хэллээ, одоо цагдаагийн ерөнхий газарт чинь хэллээ шүү” гэж хэлсэн. Тэгээд би өглөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд согтолтын зэргээ шалгуулахад 0.00 хувь гарсан. Жаргал гэх хүнтэй 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2 хоёр хоногийн өмнө албаны шугамаар танилсан. Жаргал тэр өдрийнхөө үүрээр над руу утасдаад “Мөнх миний хоолойд хутга тулгасан. Намайг зөндөө зодлоо” гэж ярьж байсан. Би зодуулж цохиулсныг нь хараагүй гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12785 тоот дүгнэлтэд:

1. А.Жаргалын биед хүзүү, уруул, эрүү, зүүн эгэм, баруун мөр, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн тохой, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэлүүд байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Мөнх нь Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Э.Мөнх нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг 22 дугаар байрны 07 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч, хохирогч А.Жаргалыг зодож, эрүүл мэндэд нь уруул, эрүү, зүүн эгэм, баруун мөр, цээж, зүүн бугалга, нуруу, зүүн тохой, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А.Жаргал, гэрч Г.Өлзийжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12785 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр  нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Э.Мөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Э.Мөнхийг энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрч одоо хамт амьдарч байгаа, гомдол саналгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Баянгол дүүргийн прокурорын газар Э.Мөнхийг 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 07 цаг хүртэлх хугацаанд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, хамтран амьдрагч, хохирогч А.Жаргалыг зодож, эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа уг үйлдлийг хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, тарчлаан зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар давхар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Э.Мөнх нь хамтран амьдрагч А.Жаргалыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд “худлаа ярилаа, бусадтай харилцаатай байсан” гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж зодсон түүний үйлдэлд хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр, алдар хүндийг нь гутаах, доромжлох, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулж, шалтгаангүйгээр зодсон зэрэг гэмт хэргийн субьектив талын шинж байхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Иймд прокуророос Э.Мөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Мөнхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Мөнхийг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Мөнх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Мөнх цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Жаргал хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН