Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00828/И |
Дугаар | 821 |
Огноо | 2016-08-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 821
2016 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2016/00821 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 3-р баг, Бүрд гэх газар оршин суух Боржигон овогт Гүндэгмаагийн Одонганааг /РД:НЮ82033069/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 1-р баг, Бараат гэх газарт оршин суух Боржигин овогт Дорждагвын Тунгалаг /РД:НЭ73101506/-д холбогдох,
зээлийн гэрээний төлбөрт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Тунгалаг нь надаас 7.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд уг мөнгийг 6 сарын хугацаанд 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Тохиролцсон хугацаа дуусч мөнгөө авъя гэтэл Д.Тунгалаг олдохгүй байна аа, шүүхэд өгвөл өг өг гэсэн. Би зээлүүлсэн мөнгө болон хүүгийн хамт нийт 11.000.000 төгрөгийг иргэн Д.Тунгалагаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Тунгалаг нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Миний бие иргэн н.Гантулгаас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөгийг зээлж авч, сар бүр хүүгийн хамт хийж байсан.Иймд 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 10 дугаар сард 5.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Одонганаа нь хариуцагч Д.Тунгалагаас зээлийн гэрээний төлбөрт 11.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.000.000 төгрөгөөс, 4.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр, 2.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 31-нд тус тус багтааж төлөхийг хүлээнзөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ. /хх-8/
Хариуцагчийн гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190950 төгрөгийн 50 хувь 95475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 95475 төгрөгийг, хариуцагч Д.Тунгалагаас 95475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Одонганаад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Одонганаагийн нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг хариуцагч Д.Тунгалаг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190950 төгрөгийн 50 хувь 95475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 95475 төгрөгийг, хариуцагч Д.Тунгалагаас 95475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Одонганаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ