| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 136/2017/0022/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-03-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 19
Н.Дид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х
шүүгдэгч Н.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Дид холбогдох эрүүгийн 201610000347 дугаартай, 1 хавтас, 178 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Дийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д -д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Н.Д нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт байх хохирогч П.Баянжаргалын орон байранд нэвтэрч хүрэн өнгийн чулуун хөөрөг /мана/, хөөрөгний даалин зэрэг эд зүйл хулгайлж түүнд 260000 төгрөгийн хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, *** тоот иргэн Д.Гийн гэрт байхдаа хохирогч С.Гын 300000 төгрөгийн үнэ бүхий хромон гутал хулгайлж түүнд бага бус хэмжээний хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, ***тоот хохирогч С.Чын орон байранд нэвтэрч 250000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга хулгайлж түүнд бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Н.Дийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос хохирогч П.Баянжаргалд 100000 төгрөг, С.Год 300000 төгрөг, С.Чад 250000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Давгат 30000 төгрөг гаргуулан олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Д давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрсөн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул урьд ялгүйд тооцсон, би ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Мөн миний бие нь гэм хорын нөхцөл байдлыг арилгаж, хохирлыг төлсөн тул ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд урьд нь 3 удаа хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан. Сүүлийн үйлдэл нь мөн 3 удаагийн давтан үйлдэл байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь үйлдсэн хэргээ анхнаас нь үнэн зөвөөр хүлээгээд явдаг. Дийн ар гэрийн зүгээс 3 хохирогчид хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг баривчлах ял болгож өөрчилж өгнө үү. 3 хохирогчид хохирол төлбөрийг өгсөн тухай баримт нь үнэн зөв, тэдний гарын үсэгтэй баримт байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Дийг Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч П.Баянжаргал, С.Г, С.Ч нарын гэр оронд нэвтэрт бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэргийн материалаар хангалттай тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг нь хавтаст хэргээс харахад архины мөнгөний төлөө бусдын эд хөрөнгүүдийг хулгайлж, архины мөнгөөр бусдын эд хөрөнгийг зарж борлуулдаг нь тогтоогдож байгаа ба урьд нь 4 удаа хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан боловч хамгийн сүүлийн буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-р хэрэгсэхгүй болгогдсон боловч урьдны шүүхээр шийтгүүлсэн байдлууддаа дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон байна.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд бүх хохирогч нарын эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан гэсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтаар хохирогч нар уг баримтуудыг гаргаж өгсөн гэдгийг шүүх шууд үнэлэх боломжгүй байна.
Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчээс гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Нарангийн Дийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
А.САЙНТӨГС