Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                           Хэргийн индекс: 114/2017/0030/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Орон сууцны 10 дугаар 14 тоотод оршин суух, Хар сүрэг овгийн Бадарчийн Дэлгэрцэцэг

            Хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага “Дархан-Уул аймгийн Хонгор сум Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд зааснаар дахин санал хураалтыг явуулахыг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

                        Нэхэмжлэгч                                       Б.Дэлгэрцэцэг

                        Хариуцагч                                          Б.Содномпунцаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг дарга нарыг сонгох сонгууль 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр болж миний бие багийн Засаг даргад нэр дэвшсэн бөгөөд Засаг даргад 2 хүн нэр дэвшиж оролцсон. Уг сонгуульд тус багийн 419 иргэн оролцож саналаа өгсөн.

Нэр дэвшигч Б.Гантөгс 205 хүний /48,9%/, Б.Дэлгэрцэцэг миний бие 195 хүний /46.5%/ санал  авч аль, аль  нэр дэвшигч  50-иас  дээш  хувийн санал  авч чадаагүй. Тийм учраас 2 дахь  шатны санал хураалт явагдах ёстой байсан боловч тухайн хурал даргалагч нь нэр дэвшигч Б.Гантөгсийг олонхийн санал авсан гэж үзэж Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж баталсан.

Иймд  Буурал  багийн  иргэдийн  Нийтийн  Хурлын  2017  оны  3  дугаар  сарын 19-ны өдрийн  06  дугаар  тогтоолыг  хүчингүй  болгож, хуульд  заасан дахин санал хураалтыг явуулахыг даалгаж өгнө  үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Б.Содномпунцаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- 2017 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийн хуралд оролцохоор ирсэн үед хурал даргалагчаар нэр дэвшүүлж, олонхийн дэмжлэгээр хурал удирдан явуулсан. Хурлаар багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга сонгох зэрэг асуудлууд хэлэлцүүлэн багийн засаг даргад 2 хүний нэр дэвшигчээр тодорч нууц санал хураалт явагдсан.

Хурлын тооллогын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн саналаар хэлэлцүүлэн сонгож батлан ажилласан болно. Хуралд 464 иргэн бүртгүүлсэн боловч санал хураах үед 419 иргэн санал өгч бусад нь тарж явсан байсан. Санал тоолох ажиллагаа 3 цаг гаруй хугацаанд явагдаж дууссаны дараа тооллогын комиссын дарга С.Алтанцэцэг дүнг иргэдэд танилцуулснаар нэр дэвшигч Б.Гантөгс 205, Б.Дэлгэрцэцэг 195 хүний санал авсан.

Нэр дэвшигчдэд 419 хүн санал өгснөөс 11 саналын хуудас хүчингүй гэсэн, тооллогын комиссын дүнг харгалзан хүн тус бүрд авсан саналын дүнг хүчинтэй саналын дүнд харьцуулан хувилж, 50,2% гэж тогтоон тогтоолд тэмдэглэсэн болно.

Хурал удирдах үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуралдааны болон тооллогын дүн гаргах тухай хууль тогтоомж, журам, заавар материал өгөөгүй учир олонхийн санал авсан гэсэн үндэслэлээр хандсан болно гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сум Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд зааснаар дахин санал хураалтыг явуулахыг даалгах” шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор Хонгор сумын багуудын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах тухай болон багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулах журам зэргийг батлан шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан  2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн хурлын даргыг чөлөөлж, сонгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг чөлөөлж, сонгох, багийн Засаг даргыг чөлөөлж, сонгох асуудлыг хэлэлцсэнээс Буурал багийн Засаг даргад Б.Гантөгс, Б.Дэлгэрцэцэг нар нэрээ дэвшүүлж, хуралдаанд оролцсон 419 иргэдээс 205  саналыг Б.Гантөгс,  195 саналыг Б.Дэлгэрцэцэг авсан болох нь багийн сонгогчдын нэрсийн жагсаалт, багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл, тооллогын комиссын Буурал багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын хуудас тоолсон дүнгийн тухай 01 тоот тогтоол, тооллогын комиссын тооллого хийсэн тухай 01 тоот тэмдэглэл, тооллогын дүнгийн нэгтгэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч, багийн Засаг даргыг сонгох санал авах ажлын тайлан зэргээр нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох иргэдийн бүртгэлийн хуудсанд 464 иргэн бүртгүүлснээс, сонгуульд 419 иргэн оролцож санал өгсөн байх  бөгөөд хуралдаанд оролцсон 419 иргэд сонгогчид  багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Гантөгсөд 205 санал буюу 48.9 хувийн саналыг, нэр дэвшигч Б.Дэлгэрцэцэгт 195 санал буюу 46.5 хувийн саналыг өгсөн болох нь тогтоогдож байна.

Гэтэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн Засаг даргад хуралдаанд оролцогч 419 иргэд сонгогчдын 205 сонгогчийн буюу 48.9 хувийн санал авсан Б.Гантөгсийг 50.2 хувийн санал авсан гэж багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлж байгаа  Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоол нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан “Хонгор сумын Багуудын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах журам”-ын 5.2-т “Багийн Засаг даргад нэр дэвшиж, хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 50 хувиас дээш хувийн, санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг даргад томилуулахаар уламжилна” гэж, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасантай нийцэхгүй, нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул дээрх маргаан бүхий захиргааны актыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Гантөгс, Б.Дэлгэрцэцэг нар аль аль нь хуульд заасан олонхийн санал аваагүй байхад гаргасан Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоол нь хууль бус байх тул  “Хонгор сумын Багуудын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулах журам”-ын 5.3-д “Засаг даргад нэр дэвшигчдийн аль нь олонхийн буюу 50 хувиас дээш хувийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан буюу 2 нэр дэвшигчийг дахин санал хураалтанд оролцуулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилна” гэж заасны дагуу Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад дахин санал хураалт явуулахыг Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн хуралд даалгах нь зүйтэй байна.

 

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ   нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын  2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад дахин санал хураалт явуулахыг Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн хуралд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгт олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА