Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0392

 

“Эт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, М.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Эт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Эт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “...шүүх тогтоох хэсэгтээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан “Эт” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн байна. Дээрх хуулийн заалтууд нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Сангийн яам урьдчилан шийдвэрлэх зохицуулалт юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд “Лед дэлгэц худалдан авах, суурилуулах нээлттэй ШУГТЭ 2018/11 тендер”-ийн сонгон шалгаруулалтыг Сангийн яам тус тендерийн 6-1/1304 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасныг үндэслэн хүчингүй болгосон тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу зөрчлийг арилгаж хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгасан тул Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “Эт” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд Лед дэлгэц худалдан авах, суурилуулах ажлаа гэрээний дагуу хийж гүйцэтгэж актаар ажлыг хүлээлгэн өгсөн.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шүүхэд гомдол гаргах талаар 56 дугаар зүйлд хуульчилсан байхад Үнэлгээний хороо үнэлгээ хийж байх явцад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж дээрх шийдвэрийг гаргалаа. Яахын тулд хуулиар Төрийн захиргааны төв байгууллагыг хянаж шийдвэр гаргах талаар зохицуулалт хийсэн байх билээ. Үүнийг шүүх анхааран үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнгүй.

Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/1304 дугаар шийдвэрээр Үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт болон зөвлөмжийг хүчингүй болгосон. Үүнийг шүүх давхардуулан хүчингүй болгох боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар захиалагчийн шийдвэрт гомдол гаргах талаар зохицуулсан байдаг. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Эт” ХХК-иас Улсын гуравдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан анх “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/1304 дугаар албан бичгээр  Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр тус шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт хийж, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг даалгаснаар Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “Эт” ХХК-ийг шалгаруулан захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон байх бөгөөд “Эт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, лед дэлгэцийг суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсноор нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, үндэслэлээ “...хууль бус шийдвэрийн улмаас компанид үүссэн хохирлоо шаардах ашиг сонирхол байгаа тул шүүхээс хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн” гэж тайлбарлан маргажээ.

Сангийн яамнаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байгаа, хариуцагчаас Сангийн яамны дээрх шийдвэртэй огт маргаагүй, маргаан бүхий акт хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрсөн, гагцхүү Сангийн яамнаас тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосон учраас шүүхээс хууль бус байсан болохыг дахин тогтоох шаардлагагүй гэх үндэслэлээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сангийн яамнаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан байхад хариуцагчаас “Э” ХХК-иас тендерийн материалыг нөхөн авч, уг оролцогчийн тендерт үнэлгээ өгч хамгийн сайн тендер гэж маргаан бүхий актаар дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.2, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон, хууль бус энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Дээр дурдсанчлан маргаан бүхий акт хүчингүй болсон, нэхэмжлэгчээс тендерт шалгарч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо /өмгөөлөгчийн зардал, тендерт цаг хугацаа алдсаны улмаас компанид учирсан хохирол/ нэхэмжлэх ашиг сонирхол байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН