Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 1484

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/00124 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.587.126 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч Х, хариуцагч ХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Хийн хамт гаргасан тайлбартаа: “...ХХХын хүсэлтийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн хашаа байшинг Капитал банкинд барьцаалж 15.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. Уг гэрээнд банкны зээл болон зээлийн хүүг сар бүр төлөх, бас надад сар бүр хүүд 300.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд ХХХ банкны зээлийн хүүг төлж байгаад 2014 оны 05 дугаар сараас хойш төлөхгүй болсон ба банкнаас надад зээлээ төлөх талаар шаардлага ирсэн тул энэ талаар ХХХ-т хэлсэн. Хамгийн сүүлд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш зээл төлөөгүй байсан. Банк зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13.367.054 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1411 тоот шийдвэрээр уг төлбөрийг би банкинд төлөхөөр болсон. ХХХаас банкны зээлийн үлдэгдэл 6.400.000 төгрөг, надад төлөх хүү 4.500.000 төгрөг, бүгд 10.900.000 төгрөгийг нэхэмжилсэн байсныг ХХХ төлнө гэж зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн 1022 тоот захирамж гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ХХХ 10.761.700 төгрөгийг төлсөн. Тэр мөнгийг би бүгдийг нь банкинд төлсөн. Банкны зээлээс үлдсэн 3.387.126 төгрөгийг ХХХ төлөхгүй байсан учраас би энэ төлбөрийг болон 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2 жилээр тооцон 15.000.000 төгрөгөөс сард 300.000 төгрөгийн хүү бүгд 7.200.000 төгрөг, нийт 10.587.126 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа банкны зээлээс үлдсэн 3.272.000 төгрөгийг би хашаа байшингаа алдахгүйн тулд Наяд ломбардаас 7 хувийн хүүтэй 3.500.000 төгрөгийн зээл авч төлж дуусгасан. Одоо банкны зээл бүрэн төлөгдсөн. ХХХ сар бүр банкны хүүгээс гадна 300.000 төгрөг хүүд өгнө гэж тохиролцсоноо зөвшөөрсөн. Шүүгчийн өмнөх захирамжид заасан 4.500.000 төгрөг нэхэмжлэлд орсон байгаа, энэ мөнгийг өгөөгүй, банкинд өгсөн учраас би нэхэмжилсэн. Иймд 10.587.126 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2013 оны 07 дугаар сард ХХтай уулзаад түүний Хас банкинд байсан зээлийн үлдэгдлийг хааж 1.263.300 төгрөгийг төлсөн. Ингээд Капитал банкинд зээл хөөцөлдөөд бүтэхээр болж, ХХаар 15.000.000 төгрөгийн зээл авхуулсан нь үнэн. Барьцаанд хашаа байшинг нь тавьсан. Энэ 15.000.000 төгрөгийг би хүлээн авсан. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид гэрээ хийж Капитал банкны зээл, хүүг би төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ХХ-ийн зээл, хүүг төлж байсан ба Мэргэжлийн хяналтын газраас манай 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг хурааж авснаас дэлгүүрийн орлого муудаж зээлийг төлж чадахгүй болсон юм. Зээлээ төлөөч гэж надаас тухайн үед шаардаж байсан, гэтэл ХХ нь шүүхэд нэхэмжлэл өгч 10.900.000 төгрөг нэхсэн. Би түүнийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлсэн. Үүний дагуу би шийдвэр гүйцэтгэлийн албанд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10.761.700 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна Капитал банкинд зээлийг төлж байсан. Би нийтдээ 20.000.000 гаруй төгрөг төлсөн. Бид нар эхлээд сар бүр 300.000 төгрөгийг хүүд төлнө гэж тохироогүй байсан ба сүүлд нь ХХ мөнгөө ашиглуулж байгаа, хүү тооцъё гээд сар бүр 300.000 төгрөг өгнө гэж бичсэн. Эхлээд тэгж тохиролцоогүй байсан гэрээг баримтаар өгсөн. Нэхэмжлэлээс Капитал банкны зээлийн үлдэгдэл 3.272.000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ төлбөрөөс Хас банкинд төлсөн 1.263.300 төгрөгийг хасч тооцох ёстой. Харин сард 300.000 төгрөгийн хүү гэж 7.200.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХаас 2.008.774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХт олгож, нэхэмжлэлээс 8.578.352 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47.090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх миний шүүхэд гаргасан гомдлыг бүрэн хангаагүйд гомдолтой байна. ХХХаас 10.587.126 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ХХ-ийн өмгөөлөгч Хийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас зээлсэн 15 000 000 төгрөгийг ХХХ-т хүлээлгэн өгөөд "Тодорхойлох баримт" үйлдсэн. Уг "Тодорхойлох баримт"-д "ХХХ-т 15.000.000 төгрөгийг зээлэв, үүний хүүнд cap бүр 300.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов, мөн 15.000.000 төгрөгийн банкны хүүг cap бүрийн 25-нд үндсэн зээлтэй нь төлөх болно" гэж харилцан тохиролцсон. Ингэж тохиролцсон гэдгээ хариуцагч ХХХ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй. Гэтэл шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв дүгнэж шийдвэрлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй зүйлийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх зохигчдын хооронд байгуулагдсан "Тодорхойлох баримт"-ыг зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа буцаан төлөх хугацаа заагаагүй гэжээ. Гэтэл уг 15.000.000 төгрөгийг банкнаас авах зээлийн гэрээг ХХХын хүсэлтийн дагуу хийсэн, уг 15.000.000 төгрөгийг ХХХ-т буцаан зээлүүлсэн, баримтад 15.000.000 төгрөгийн банкны хүүг cap бүрийн 25-нд үндсэн зээлтэй нь төлөх болно гэж төлөх хугацаагаа харилцан тохиролцсон байгааг анхаарсангүй. Учир нь ХХХ нь зээлийн гэрээний дагуу банкны хүүг үндсэн зээлтэй нь төлнө гэдэг нь Капитал банкнаас авсан үндсэн зээлийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн ойлголт юм. Мөн cap бүр 300.000 төгрөгийн хүү өгөхөөр тохирсон болох нь түүний зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг мөн. Мөн Иргэний хуульд зааснаар хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулсан учир иргэн ХХ нь хариуцагч ХХХаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл ХХХ нь харилцан тохиролцсон зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй банкны үндсэн зээл хүүг төлөөгүйгээс банк зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, барьцаа хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахаар болж, найдваргүй зээлийн ангилалд шилжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. ХХ-ийн нэхэмжлэлийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаар захирамж гарч, хариуцагч нь банкны зээл 6.400.000 төгрөг, хүү болох 4.500.000 төгрөг, нийт 10.900.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрсөн. Уг шүүхийн шийдвэрээр 10.900.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, бүгдийг банкны зээлд төлсөн. Гэтэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1411 дүгээр шийдвэрээр Капитал банк нь иргэн ХХаас 13.367.054 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Иймд дээрх 1411 дүгээр шүүхийн шийдвэрээр банкны үндсэн зээл 10.261.883 төгрөг, зээлийн хүү 3.076.983 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.188 төгрөг, нийт 13.367.054 төгрөг болсон тул ХХ нь 1022 тоот шүүгчийн захирамжийн дагуу гаргасан 10.900.000 төгрөгийг бүгдийг төлөөд ч банкны зээлийн үлдэгдэл 3.387.126 төгрөгийг ХХХ нь төлөөгүйн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, миний хашаа байшинг худалдахаар болж, дахин зээл авч төлсөн. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөр 3.387.126 төгрөг, тэдний хийсэн зээлийн гэрээний дагуу хүү болох 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 24 сарын хүү 7.200.000 төгрөг, нийт 10.587.126 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ ХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн Хас банкинд төлсөн 1.263.226 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь буруу. ХХХ нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ХХ-ийн хашаа, байшинг барьцаалж зээл авсан. Гэтэл анхан шатны шүүхэд энэ нэхэмжлэлтэй холбоогүй 1.263.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх нэхэмжлэлээс 8.578.352 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ХХХ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ-ийн ярьсан нь үнэн. Дэлгүүр ажиллуулж байгаад архины тусгай зөвшөөрөл хураагдаж, дэлгүүрийн орлого багасаж төлбөрийн чадваргүй болсон. ХХийг хохирооно гэж бодоогүй, зээлийг төлж дуусгана гэж бодож байсан. Бүх мөнгийг төлнө гэж өөрийн газраа худалдсан. Банкны зээлийн үлдэгдэл 6.400.000 төгрөг, ХХт төлөх хүү 4.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл дахин 3.387.126 төгрөгийн үлдэгдэл гаргаж ирсэн. 300.000 төгрөгийн хоёр баримт байгаа. ХХ тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа учраас үйл ажиллагааны явцад харилцан тохиролцож төлье гээд дахин бичиж өгсөн. Зээлд 20 гаруй сая төгрөг төлчихөөд байна. Эхлээд 300.000 төгрөгийн талаар тохиролцоогүй боловч шүүхэд очиход 300.000 төгрөг төлнө гэж бичсэн. Иймд надад төлөхөд хүнд хэцүү байна. 2.008.774 төгрөгийг төлнө. Хас банкинд ХХ-ийн төлөх 1.263.000 төгрөг төлсөн тул үүнийг төлбөрөөс хасч тооцно гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.587.126 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэгчээр зээл авахуулах үед сар бүр түүнд 300.000 төгрөг төлөхөөр тохиролцоогүй боловч дараа нь энэ талаар тохиролцсон, гэвч эдийн засгийн байдлаас шалтгаалан төлбөр төлөх боломжгүй болсон, мөн Хас банкинд ХХ-ийн төлөх 1.263.300 төгрөгийг төлсөн тул үүнийг нэхэмжлэлээс хасч тооцно” гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч ХХХ нь Капитал банкнаас 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлийн гэрээний үлдэгдэл 3 387 126 төгрөг, мөн харилцан тохиролцсон 1 сарын хүү болох 300.000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс банкны зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл 24 сараар тооцон 7.200.000 төгрөг, нийт 10.587.126 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу жинхэнэ эхээр, эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байхыг шаардана. Гэвч хэргийн 11 дүгээр талд авагдсан “ХХХХ” ХХК-ийн “тодорхойлох баримт” гэх баримтад “сар бүр 300.000 төгрөг өгөхөөр тохиролцов” гэж тэмдэглэгдсэн боловч уг баримт нь эх хувиараа бус хуулбар хувь, мөн 51 дүгээр талд авагдсан дээрх баримтад 300.000 төгрөгийг төлөх талаар тохиролцоогүй байх тул уг баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байхад шүүх энэ байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1022 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжтай хэрэгт “ХХХХ” ХХК-ийн “тодорхойлох баримт” гэх баримтыг эх хувиар нь өгсөн гэж тайлбарласан байхад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2016/00124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХ-ийн төлсөн 184.354 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                     Д.ДАМДИН-ОД